“Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд 1100 гаруй багшийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ

Боловсрол Admin Галаа 2018 01 сар 09 626

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут Баян-Өндөр, Жаргалант сумын багуудын иргэд болон төрийн албан хаагчидтай хийх уулзалт үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын төлөөлөлтэй уулзсан байна. Уулзалтын үеэр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.

2017 оны хувьд Баян-Өндөр сумын Эрдэнэ багт 640 хүүхдийн сургууль, Даваат багт 280 хүүхдийн  сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Дэнж багт ХХ цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноос гадна Цагаанчулуут багт шинээр цэцэрлэгийн барилга баригдаж үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон гэнэ. Ингэснээр аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 89.8 хувь болж өмнөх оноос 4.3 хувиар нэмэгдэж 19 хүн ажлын байраар хангагдаж байгаа аж.

Мөн аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу багш нарын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 40-өөс дээш насны 1100 гаруй багшийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан нь нийт багшийн 70 гаруй хувь нь юм байна.

Мөн “Багш солилцоо” хөтөлбөрийн  хүрээнд 16 багш  БНХАУ-д туршлага судлуулах, мөн орон нутгийн их дээд сургуулиудтай хамтран гадаад хэлний мэргэжил дээшлүүлэх болон бусад сургалтанд 600 гаруй багш, ажилтанг хамруулсан нь орон нутгийн дэмжлэгтэйгээр мэргэжил дээшлүүлэх багшийн тоо 2016 оныхоос 3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Дэд хөтөлбөрийн хэрэгжүүлэхэд нийт 127 сая төгрөг зарцуулсан гэдгийг уулзалтын үеэр танилцуулсан аж.

Уулзалтын үеэр багш нараас 14-р сургуулийн өргөтгөлийн барилгыг гүйцээж ашиглалтад оруулах, түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах, 5-р сургуулийн спорт зааланд засвар хийх, 3-р сургуульд цахилгааны засвар хийх, зарим сургуулийг тоног төхөөрөмжөөр хангах зэрэг саналууд гарсан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх