Коби Брайант: Спорт бол амьдрал биш


Дэлхийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг Коби Брайант зодог тайлаад гурван оныг үдээд байна. 1996 онд НБА-гийн драфтын №13-аар сонгогдож, дунд сургуулиас NCAA-г алгасан томчуудын лигт тоглосон анхны тоглогч болон түүхэнд үлдсэн тэрээр зодог тайлахдаа ч олон дээд амжилт тогтоосоор одов. Сүүлчийн тоглолтдоо 60 оноо авч, үдэлтийн тоглолтдоо хамгийн өндөр оноо авсан сагсанбөмбөгч хэмээн лигийн түүхэнд үлдсэн.

Сагсан бөмбөгийн спортын ноён оргил болсон НБА-д тавантаа түрүүлсэн, “Бүх оддын тоглолт”-д 18 удаа оролцож, дөрвөн удаа шилдэг тоглогчоор тодорсон, улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал “MVP”-г гардсан бардам амжилт түүнийх. 17-хон настайдаа НБА-гийн хаалгыг тогшиж бус зад өшиглөн гарч ирээд лигийн “Хамгийн залуудаа” гэсэн тодотголтой бүх л дээд амжилтыг шинэчилсээр урагшилсан тэрээр хэн хүнд олдомгүй ховор хувь заяаны эзэн болж, агуу түүхийг бүтээсэн нэгэн билээ. Тоглогчдоос асар өндөр ур чадвар шаарддаг НБА-д 20 жил тэссэн тавхан тоглогч бий. Харин Коби нэг л багийн төлөө үнэнчээр зүтгэсэн гэдгээрээ нөгөө дөрвөөсөө онцгойрсон. Хүмүүс тэр бүр үнэнч шударга байж чаддаггүй учраас ийм чанарыг ихэд үнэлдэг бичигдээгүй хууль бий. Тэгвэл Коби ийм байж чадсан. Бэртэл гэмтэл, хэл ам, шүүх цагдаа гээд хүнд байдалд олонтаа орж байсан ч сагсан бөмбөгтөө, “Лейкерс” багтаа үнэнч үлдэж чадсан билээ. Энэ онцгой зан чанар нь түүний нэр хүндийг сагсан бөмбөгийн ертөнцөөс халиаж,  хөлбөмбөгийн “Милан”-ы Паоло Мальдини, Франко Барези, хоккейн “Питтсбургийн пингвинүүд”-ийн Марио Лемье, “Детройтын улаан жигүүрүүд”-ийн Стив Айзерман зэрэг домог болсон тамирчидтай эн зэрэгцүүлэн, шүтэн бишрэгчдийнх нь тоог өсгөсөн юм.  

 “Аливаа зүйлд амны хишиг чухал” гэж нэгэн алдартан хэлсэн гэдэг. Үнэхээр ч Коби Жерри Уэсттэй учраагүй бол, өөрт нь зориулагдсан гэмээр “Лейкерс” багт очоогүй бол, Фил Жексон дасгалжуулаагүй бол өнөөдрийн агуу түүх бий болоо ч үү, үгүй ч үү. 20 жилийн урт замнал төгсөх мөчид энэ бүхэн хэрхэн эхэлснийг эргэн дурсъя.

НБА-гийн эмблемд мөнхөрсөн домогт тоглогч Жерри Уэст Кобигийн сагсан бөмбөгийн замналд маш онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Өмнөх улиралд нь плей оффын эхний шатнаас хасагдсан, солилцоо наймаа ид өрнөж байсан 1996 оны тэр өдрүүдийг Ж.Уэст “толгойгоо гашилган” өнгөрөөжээ. Гэхдээ Кобиг бус, “Орландо”-д тоглоод аварга авахгүй нь гэдгээ ойлгосон хүчит техник Шакил О Нилийг яаж авах вэ л гэж бодож байж. Цалинг нь гаргаж өгөхийн тулд өндөр цалинтай тоглогчдоо эвтэйхнээр явуулах, бүтээгүй тохиолдолд оронд нь хэнийг авах вэ гээд бодох юм их байж. Өмнөх жилд нь плей оффт шалгарсан учраас драфтаас дээгүүр сонголт хийх боломж “Лейкерс”-т үгүй байж. Гэтэл яг энэ үед днд сургуулийн сагсан бөмбөгийн од, 17-той жаалхүү Коби “Лейкерс”-ийн шалгаруулалтад орж, түүнийг нь Ж.Уэст үзэж таарчээ. Хэдий дунд сургуулийн жаалхүү ч гэсэн Коби аль хэдийнэ “Adidas” фирмтэй гэрээ байгуулж амжсан байсан гэхээр үнэхээр төрмөл авьяастай нэгэн байсан нь илэрхий. Чухамдаа Коби өөрөө ч биш, “Adidas”-ын пи ар менежерүүд л түүнийг сурталчилгааны зураг авалтад оруулахаар Лос Анжелест аваачиж, тэр далимдаа өөрийгөө харуулах боломж олгосон хэрэг. Коби бэлтгэл дээр оюутны сагсан бөмбөгийн лигт хүлээн зөвшөөрөгдсөн Донтей Жонс гэгчийн эсрэг хийжээ. Өрсөлдөгч нь өнгөрсөн улиралд лигтээ шилдэг амжилт үзүүлж, түүнийхээ ачаар зунжингаа Мемфис хотноо Пенни Хардуэйтэй хамт бэлтгэл хийсэн нэгэн байв. Гэвч өрсөлдөөнд Коби ялжээ. Донтей биеийн хүчээр илүү ч Коби бусад чадвараараа давж байжээ. Драфтын өдөр болоход “Шарлотт Хорнетс” баг 13 дахь сонголтоор Ловер Мэрионы дунд сургуулийн тоглогч Коби Брайантыг сонгосноор түүх эхэлсэн юм. Ж.Уэст “Шарлотт”-оос драфталсан тоглогчийг нь худалдаж авна гэж тохирсон ч яг хэнийг сонгох ёстойг нэр дуудахаас хэдхэн минутын өмнө л хэлж өгсөн гэдэг билээ.

Сагсанбөмбөгийн спортын ноён оргил нь нэг тоглолтод 100 оноо түүсэн Уилт Чемберлен, НБА-гийн түүхэнд хамгийн их оноо авсан Карим Абдул Жаббар, эмблемэндээ мөнхөлсөн Ж.Уэстийн аль нь ч биш, Майкл Жордан гэдэгтэй спорт сонирхогчдын олонх нь санал нийлдэг. Коби ч М.Жорданыг шүтэж өссөн. Бохь зажилж, цагаригт дээрээс довтлохдоо хэлээ гаргадаг зуршлыг нь дуурайдаг байсан нь үнэн. Харин одоо бол тэр шүтээнтэйгээ эн зэрэгцдэггүй юм аа гэхэд нэг их дутахааргүй агуу тоглогч болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх болов уу. Бидний үеийнхэн Б.Коузи, Б.Рассел, Жулиус Ирвингийн тоглохыг нүдээр хараагүй ч М.Жордан, К.Брайант гэсэн агуу тамирчидтай нэгэн үед амьдарч байгаагаараа үргэлж бахархах болно.

Спорт бол амьдралын нэг хэсэг болохоос амьдрал биш. Их спортоосоо зодог тайлснаар түүний өмнө бас нэгэн хаалга нээгдлээ. Амжилт ялалт, баяр бахдлаар дүүрэн ч бэлтгэл сургуулилт, тэмцээнээс өөр сонингүй тамирчны замналаа илүү сонирхолтой, баялаг амьдралд хөл тавьж байна. Мэргэжлийн лигийн тамирчид завгүйгээсээ болоод гэр бүлдээ цаг гаргаж чаддаггүйдээ хамгийн их харамсдаг гэж өгүүлэх нь олонтаа. Коби ч тэдний нэг. Түүнд хайртай эхнэр, хоёр хөөрхөн охин бий. Тэгвэл 20 жил “Лейкерс”-ийн өмч байсан Коби зодог тайлж, эхнэр, хоёр охиныхоо мэдэлд бүрэн шилжээд удаж байгаа билээ. Тэрбээр “Спорт бол амьдралын нэг хэсэг болохоос биш амьдрал биш” гэж хэлж байсан удаатай.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх