Энэ жил иргэдэд дөрвөн төрлийн халамж олгоно


Хүн амын нийгмийн хамгааллын системийн салшгүй нэг хэсэг бол нийгмийн халамжийн асуудал байдаг. Нийгмийн амьдралын нугачаанд тулгарсан хүндрэл, бэрхшээлтэй тэмцэх чадваргүй өөрт тохиолдсон эрсдэлээс даатгалын системээр дамжуулан хамгаалагдах нөхцөл, болзлыг хангаж чадаагүй хэсэг бүлэг хүмүүс аль ч нийгмийн үед хөгжлийн ямар ч түвшинд байсаар ирсэн, цаашид ч байх болно.

Эдгээр хүмүүст хүн төрөлхтний хүмүүнлэг, соёл иргэншилт нийгмийн гишүүний хувьд нь амьдрах боломж олгох, дэмжих туслах шаардлага нийгмийн бусад давхаргын хүмүүст тавигддаг. Энэ шаардлагыг амьдралд хэрэгжүүлэх арга хэрэгслийн нэг нь нийгмийн халамжийн систем юм. Тиймээс иргэд хөдөлмөрчид энэ 2018 онд төрөөс ямар халамж хүртэхийг дэлгэрэнгүйгээр нийтэлж байна. 

  НАСНЫ ХИШИГ 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад "Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж тусгасан. Уг зорилтын хүрээнд ахмадуудад жилд хоёр удаа "Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргасан. "Насны хишиг”-ийг жил бүр Цагаан сар, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дараах насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор хуульчилсан.

Үүнд:

-65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг

-70-79 настай ахмад настанд наян  мянган төгрөг

-80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг

-90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгоно.

Бүртгүүлэхдээ "Насны хишиг” олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очно. Хэрэв өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлснээр "Насны хишиг”-т хамрагдах боломжтой.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгөх ёстой юм байна. Харин хорих ангид ял эдэлж байгаа ахмадуудын хувьд мөнгө нь дансанд байршина.

Хэрэв авахыг хүссэн тохиолдолд ар гэрийнхнийхээ хэн нэгэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой. Шинээр бүртгүүлэгсэд цагаан сараас өмнө "Насны хишиг” авах хүсэлтээ гаргаснаар баярын өмнө мөнгөө авах боломж бүрдэнэ. Үүнээс хойш бүртгүүлсэн иргэд наадмаар мөнгөн тэтгэмжид хамрагдах юм.

  "ЦАЛИНТАЙ ЭЭЖ” ХӨТӨЛБӨР  

Засгийн газар "Цалинтай ээж” хөтөлбөр нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд тодорхой нөхцөлийг хангаж буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөсөн билээ.

Гэртээ бага насны хүүхдээ асарч, цалин орлогогүй суух 0-3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг авна. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 мянган төгрөг олгох юм. Үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гарсан байна.

"Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах боломжийг хангасан ээжүүд жирэмсний хугацааны таван сараас төрсний дараах таван сарын хугацаанд сар бүр олгодог 40 мянган төгрөгийг төрсний дараа шууд сар бүр авах 50 мянган төгрөг рүү шилжүүлэн авах аж. Учир нь жирэмсний дээрх халамжийн мөнгийг зөвхөн жирэмсэн байх хугацаанд олгож байхаар шийдвэрлэсэн байна. Эдгээр тэтгэмжүүд сар бүрийн 20-ноос хойш олгогдоно.

Ихэр хүүхдийн тэтгэмж. Ихэр хүүхэд тус бүр сая, сая төгрөг авах бөгөөд гурав буюу түүнээс дээш ихэр хүүхдэд хүүхэд тус бүрт гурван сая олгоно. Жишээлбэл, хоёр ихэр хүүхэд төрөхөд тухайн айлд хоёр сая төгрөг авах юм. Хэрэв гурван ихэр хүүхэдтэй төрсөн бол есөн сая төгрөг авна гэж ойлгож болно.

 АЛДАРТ ЭХИЙН ОДОН  

Алдарт эхийн одонтой эхчүүдэд Засгийн газраас жил бүр мөнгө олгодог. Зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийг жилдээ нэг удаа тэтгэмж хэлбэрээр олгодог. Уг мөнгийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу Мартын 8-ны өмнө олгодог. Манай улсад нэг болон хоёрдугаар зэргийн одонтой 180 орчим мянган эх байдаг аж. 

 ХҮҮХДИЙН 20 МЯНГА  

2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар, хүүхдийн мөнгийг Монгол Улсын нэг сая 45 мянган хүүхэд авч байна. Эдгээр хүүхдүүд он дуустал хүүхдийн мөнгө авна. Энэ оноос зорилтот өрхийн 650 орчим мянган хүүхдэд сар болгон 20 мянган төгрөг өгнө. Төсөвт 164,2  тэрбум төгрөг суужээ. Энэ онд зорилтот бүлгийн хүүхдүүдэд 20 мянган төгрөг өгөх учраас өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдах ёстой.

Судалгаанд хамрагдах хүсэлтээ оршин суугаа газрынхаа сум, хорооны нийгмийн ажилтанд гаргаж болно. Ингэснээр хүсэлт гаргасан сараас эхлэн хүүхдийн мөнгөө авна. Мөн арилжааны аль нэгэн банкин дээр данс нээлгэх шаардлагатай гэв. Хүүхдийн мөнгө арилжааны 13 банкны журмын дагуу сар бүрийн 20-ны дотор дансанд нь ордог.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

irgen 2018 01 сар 13

tetgevert suuj baigaa aldart eej, emeenyyded ogoh umuu ???