Lily: Дрон биш бие даасан нисдэг камер


Lily камерыг анх харахад дронтой төстэй харагддаг. Гэвч зохион бүтээгч Антуан Балареск “Энэ бол камер. Бид хэзээ ч дрон юм уу квадрокоптер гэж бодож байгаагүй” гэж хэлж байна. Камерыг ашиглахад ямар нэгэн хүний оролцоо хэрэггүй бөгөөд түүнд зөвхөн хэрэглэгчийг дагах GPS болон компьютерийн технологи л хэрэгтэй юм. Бат бөх, ус нэвтэрдэггүй Lilу камер нь GoPro Hero3+ адил Sony-гийн IMX117 1/2.3инчийн мэдрэгчтэй бөгөөд дижитал зураг тогтворжуулагчтай. Зургийн чанарыг 12 мегапиксел хэмжээтэй авах бөгөөд секундэд 60 зураг авах хурдтай, бүрэн HD видео бичлэг хийх чадвартай ажээ. Lily камер нь 1,4 кг жинтэй ба дотроо хурдасгал хэмжигч, орон зай хэмжигч, агаарын даралт хэмжигч, GPS, урд болон хойд камер, дотоод мэдээлэгч гэх мэт зүйлсийг агуулжээ.
Түүний хамгийн гайхалтай зүйл бол удирдах технологи юм. Хэрэглэгчид хэзээ ч роботыг удирдах гэж анхаарал хандуулах хэрэггүй бөгөөд зүгээр л камерыг хөтлөгч жижиг төхөөрөмжийг өөртөө зүүх юм уу, авч явахад л болно. Камер Wi-Fi сүлжээ ашиглан таны байрлал болон хурдыг тогтоож дагадаг. Хэрэглэгчийн байрлалыг тодорхой тогтоосноор камер яг гар дээр тань газардах болно. Аюулгүй байдлын үүднээс Lilу камер нь цагт 25 милээс хэтрэлгүй хурдалж, 15 метрээс өндөрт гарахгүй, хэрэглэгчээс 30 метрээс илүү хол нисдэггүй ба ямар нэгэн зүйлд хэтэрхий ойртдоггүй байна. Камер хүнд ойртох хамгийн бага хэмжээ нь 5 алхмын зайтай байх ажээ. Хэдий бие даасан камер боловч түүний хэрэглээг хянах төхөөрөмжөөр хаана байхыг нь заах, зургийг томруулж, багасгах зэрэг үйлдэл хийж болно. Lily-г ашиглахад хялбархан бөгөөд камер асахад цэнхэр гэрэл гарах ба та камерыг дээш агаарт шидэхэд л хангалттай ажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх