"Тэмээ өргөдөг" Жамъяндоржийн тэнхээг хэмжээд ч хэрэггүй

Урлаг, Спорт Admin Галаа 2018 01 сар 12 4019

"Тэмээ өргөдөг" хэмээн олноо алдаршсан улсын арслан Жамъяндорж гуайтай одоогоос арав гаруй жилийн өмнө уулзаж байснаа санаж байна. Уг нь бид нэг аймгийн зүс мэдэх улс. Тиймээс гэрт нь очиж хөөрөлдсөн хэрэг. Учир нь түүнээс тэмээ хэрхэн өргөсөн талаар лавлах гэж тэр.
 
Энэ талаар түүнээс лавлахад, би уг нь Булган аймгийн Сайхан сумын хүн. Цэргээс дөнгөж халагдаад нутагтаа иртэл барилдах юм боллоо. Тэгээд сумын наадамд түрүү авлаа. Гэтэл нутгийн хэдэн хөгшчүүл ярьж байна аа. Энэ Жамъяндорж цэргээс ирчихээд их өнгөтэй байх чинь. Бие хаа нь задарчихсан.
 
Энэ хүүхдээр ер нь тэмээ өргүүлж үзье гэж байна. Би ч залуу байсан болоод ч тэр үү хор шар хөдлөөд өргөвөл ч өргөе гэж бодож байлаа. Гэтэл нэг том янхир биетэй тэмээ аваад ирлээ. Хэдэн настайг нь ч мэдэхгүй. Залуу нас юунаас айх вэ? Гэдсэн доогуур нь ороод л өргөж орхисон.
 
Түүнээс хойш Булганы тэмээ өргөдөг нэртэй болсон юм. Аймаг, улсын наадамд ч зодоглож цол авч үзлээ. Нэг удаа хотод ирчихсэн барилдаад явж байтал хүмүүс ярьж байнаа. "Хөөе нөгөө Булганы тэмээ өргөдөг энд явж байна. Түүний яаж тэмээ өргөдгийг үзье" гэцгээж байна. Төдөлгүй надаар тэмээ өргүүлэх юм боллоо.
 
Одоогийн тээврийн товчоо хавь газар чинь малын зах байсан юм. МОНЦАМЭ агентлаг гэсэн байхаа, нэг сурвалжлагч ирчихсэн таны зургийг авна, сонинд тавина гээд байсан. Тэгээд зах дээр очсон чинь нэг том тэмээ хөтлөөд ирсэн. Таван настай тэмээ л гэж байсан. Хүмүүс бөөгнөрөөд л тэмээ өргөдөг Жамъяндорж тэмээ өргөх гэнэ гээд л...
 
Би ч дотроо хор хөдлөөд л байсан. Тэмээний хойд, урд хөлийг нь тушлаа. Миний гэдэс бэлхүүсээр ч хүмүүс оосорлоод авлаа. Учир нь тэмээгээ өргөж чадахгүй бол намайг татаж авах гэж байгаа нь тэр. Залуу нас сайхан даа, тэгээд би шууд гэдсэн доогуур нь ороод дөрвөн мөчийг хумиад шууд л өргөсөн.
 
Үнэнийг хэлэхэд хоёр хөлний шуу задарчих шахсан. Миний толгой цээж ч тэмээний гэдсэнд орчихсон. Хүмүүс алга ташаад орилолдоод явчихаар нь би өргөчихөж гэж бодсон. Тэгээд л би Монголдоо тэмээ өргөдөг нэртэй болсон юм. Уг нь намайг хэдэн настай тэмээ өргөх вэ гэж асууж байсан юм.
 
Би залуу болохоор мэдэхгүй таван настай тэмээ болох уу гэхээр нь болноо гээд хэлчихгүй юу. Одоо бодоход бүдүүрчихсэн том ат л байхгүй юү" гэв. Түүнээс 1960-аад оны эхээр дархан аварга Д.Дамдинтай хэрхэн барилдсан талаар асуухад, "Намайг тэр үед буулга Жамъяндорж гэдэг байлаа.
 
Нуулгүй ярихад Мөөеө аварга ч надаас жийрхдэг байсан гэж хүмүүс ярьдаг юм билээ. Арслан болох жилээ би Дамдин аваргатай барилдлаа. Бид хоёр бараг цаг гаруй ноцолдсон байх. Түүнээс ч илүү байж магадгүй. Ер нь Дамдин аварга чинь циркт байсан, их хүчтэй хүн шүү дээ.
 
Ноцолдох явцдаа би толгойг нь уургалаад буулгадаад авлаа. Гэтэл Дамдин аварга хэлж байна аа. Хөөе өвгөөн чи жаахан салхи оруулаач би бүтэж үхлээ гэж. Тэгэхээр нь "Чи улсад тав түрүүлчихээд байхад би ганц түрүүлж болдоггүй юм уу" гэж дараад байлаа. Гэтэл "Хөгшөөн жаахан салхи оруулаач гэж байна.
 
Тэгэхээр өрөвдөөд жаахан суллачихсан чинь нөгөөдөх чинь намайг шууд л өргөөд явчихлаа. Дараа нь яахав дээ намайг жаахан паавдуулав (пиводох). Аймагтаа та хэр ноцолдов гэхэд, Зөндөө зөндөө. Нас ахихаар юу шалихав. Сүүлдээ хөл муудчихдаг юм байна.
 
Дурнаас цаашгүй. Гэхдээ улсын арслан цолондоо би их дуртай. Монгол Улсдаа тэмээ өргөдөг нэртэй болов. Үүнээс илүү надад юу хэрэгтэй юм бэ" гэв. Нээрээ ч тийм дээ. Улсад дараалан тав түрүүлсэн дархан аварга Дарийн Дамдиныг буулгадан, тэмээ өргөж явсан хүнтэй өөр юу ч ярих билээ. 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх