Д.Амбасэлмаа: Амьдрал эргүүлсэн ганц хором


Амьдрал эргүүлсэн ганц хором

Ховдын сэргийлэхэд сэтгэлээрээ эр нөхрөө архинаас гаргасан нэгэн цэвэрлэгч бүсгүй байдаг гэж арваад жилийн өмнө сонсч билээ. Олон жил амьдарч ажилласан нийслэл хот, хар багаасаа ханилсан гэргий, хэдэн сайхан хүүхдээ орхиод нутгийн зүг хандсан ч гайхал архинаас хагацаж чадалгүй мунхарч явсан эр хүнийг "За энэ муу архинаас хагацъя" гэж хэлтэл нь өөрчилж, түүний өөрийнх нь хэлснээр ариунаас ариун сэтгэлээрээ хөлчүүрлийн хөлгүй манангаас халуун алгандаа тосон авч чадсан тэр сайхан эмэгтэйг Замбын Жунай гэдэг.


Жунай хаанахын хүүхэн бэ?

Энэ бүсгүй Баян-Өлгий аймгийн Булган сумын хүн. Хорин тав хүртлээ мал маллаж, эмнэг адууг чичиртэл нь чихдэж эрхэндээ оруулан эмээллэж унаад тоос татуулан одоход харчуул хойноос нь хараад хэлэх ч үггүй, нүүрээ улайлган хөлсөө арчаад хоцордог байж.

Гэтэл залуу бүсгүйд өвчин тусч, малын бэлчээрт алжааж, эцэс сүүлдээ гэрийн мухарт ор сахихаас аргагүй болоод арга буюу эмнэлэг бараадахаар шийдэж Ховд хотыг зорьжээ. Ингэж дөлгөөхөн бор нүдтэй залуу бүсгүй Ховд хотод ажиллаж амьдрах болов. Энэ бол 1956 он.

Залуу бага байсан болоод ч тэр үү, шинель жавхайтал бүсэлж, гутлаа гялалзуулсан, хийморьтой эрчүүл ажилладаг сэргийлэх байгууллага сайхан санагджээ.

Дуунд дуртайн хувьд нутагтаа байхдаа ч үеийн залуустай үерхэж наадаж явсан болохоор чухам ийм л газар адуучин нөхөд, адуу малаа үгүйлэхгүйгээр явж болно гэж санасан биз. Гэтэл мэргэжил боловсролгүй хөдөөний эмэгтэйд таарах ажил юу билээ. Цэвэрлэгчээс өөр ажил байсангүй.

-Ийм залуу хүн хогийн шүүр бариад зогсч чадах уу гэж асуухад,

-Чаднаа, чадна гэж тун товчхон бөгөөд шийдэмгий хариулжээ.

Тэгээд л энэ ажлаа насны тэтгэвэрт гартлаа хорин дөрвөн жилийн турш хийсэн юм.

Сэргийлэхийн цэвэрлэгч Жунай

Сэргийлэхийн ажилд өдөр шөнө үгүй. Эндхийн ажилтнуудад хагас нойртой хонох шөнө олон. Ийм газрын цэвэрлэгч хүний ажил ч бас тийм. Сэргийлэхээс тусламж авах гэж сандарсан, зовлонд өртсөн, айсан, уйлсан ч юм уу, эсвэл юунаас ч айхгүй мэт сүр үзүүлсэн, хийсэн хэргээсээ бултах гэсэн, ууж согтоод ухаан тавьсан хүмүүс ч байна.

Хүн бүл цөөтэй үед би л цэвэрлэгч, , надад хамаагүй гээд суух аргагүй. Ач . тач үзэх ч цаг ирнэ. Тэглээ ч гэсэн энэ газрын өрөө тасалгаа бүхэн цэв цэвэрхэн, хуучин модон шал нь өлөн тоос ч үгүй гялалзаж байдаг. Зүгээр хүн ороод гарах биш дээ.

Асгасан цутгасан, алдалж унасан, хашгичиж гуугачиж, энд тэндгүй шүлсээ хаясан, нэг үгээр хэлбэл хүн дүрсээ алдах шахсан этгээдийн орсон гарсан үүд хаалгыг додомдож, үнс шороог нь цэвэрлэнэ гэдэг хийгээд барагдах ажил биш. Шаардлага тавибал хэл амаар доромжлох хүн ч гарна.

Тэдний тарьсан хогийг цэвэрлэхдээ ундууцаж бэрхшээх нь үгүй. Хүн бүхэн ширээний ард суух биш, малаа маллах нь маллаж. хогоо арилгах нь арилгана шүү дээ гэж бодно. Хогон дунд биш хүмүүсийн дунд байна гэсэн өөдрөг бодолд хөтлөгдөнө.

Амьдралын үнэнийг хар цагаанаар нь ялган, хүнийг харцаар нь таних эрдэмд суралцана. Эр хүний эрхэм үг. Хэрэг төвөг гаргаж, ууж согтуурснаас болоод сэргийлэхийн хаалгыг олонтаа татаж, сүүлдээ бүр танил болчихсон хүн алиныг тэр гэхэв. Зарим нь бүр,

-Жунай эгч ээ! Аяга халуун цай өгөөч! Ганц ширхэг тамхи татуулаач! гэнэ. Тэр бүрийд "За" гэхээс "Үгүй" гэх нь үгүй. Эд дандаа ийм байх биш дээ. Гэнэдээ л биз хөөрхий гэж дандаа сайнаар бодно. Цүнхтэй мөнгөө орхиод

-Миний дүү үүнийг харж байгаарай! гээд гарахад ямар ч хулгай хийж амташсан хүн нэг ч төгрөг авахгүй, итгэсэнд нь баярлана. Итгэл шиг шагнал хаа байх вэ?
Дөчөөд насны байрын нэг эр хэдэн ч удаа халамцуухан ирж эрүүлжигдлээ. Харваас нилээд тохилог, ажилсаг хүн бололтой. Олон таван үггүй, бодолд дарагдан цоожтой хаалганы цаана сууна. Жунай,

-Арай ч ингэж хүний гарт орж журамлуулж суумгүй хүн юм даа гэж харамсана. Хойноос нь ирж цай хоол өгч байгаа хүн үзэгдсэнгүй. Нэг удаа тун ядарсан царайтай харагдахад нь гэртээ харьж тос орхисон цай чанаад авчирч өгөв. Цайсаг хүн бололтой, хөлс нь цутгаад л уулаа.

...Хар ус залгилж байхын оронд ийм л цай ууж байсан бол зам минь ч, царай зүс минь ч өөр байх байж гэсэн нэгэн бодол тэр эрд зурсхийн орж иржээ. Энэ зуур цай аягалан өмнө нь зогсч байгаа цэвэрлэгч бүсгүйг харвал тун их өрөвдсөн бололтой нүд салгалгүй харж зогсоно.

Үл ялиг хөнхөрхөн хүрэн нүд, хянгандуу хамар, нарийн дух, хайнгадуухан самнасан зөөлөн хонгор үс энэ бүхэн нэг л дотно. Өмссөн хүрэн даалимбан дээл нь хүртэл дулаахан зөөлхөн мэт санагдаж, энэ л хүний халамжид энэхэн биеэ тушааж, түлсэн галынх нь илчинд байх сан гэсэн хүсэл сэтгэлийнх нь мухарт ноцож, нэг мэдэхнээ зүрх нь өөртөө дуулдахаар лугшиж байв.

-Аан би чинь архинаас өөр юм бодох чадалтай байгаа юм байна шүү. Миний сэтгэл хөдөлж байна. Би хүнийг хайрлаж чадах юм байна. Борлонгийн ч үнэгүй хүн яасан ч яахав гэж өөрийгөө бодож болохгүй нь! Над руу зөөлөн харж цай аягалаад өгөх хүн байдаг юм байна гэж бодонгуутаа цочсон юм шиг бүсгүйн бугуйнаас шүүрч,

-Та намайг аваач дээ! гэж хүүхэд шиг гэнэн үг хэлчихэв. Эр дунд насны эрийн энэ үг ганц бие бүсгүйг сэтгэлийн торгон давалгаанд умбуулсан юм. Ган төмөр ч галын аясаар уярна. Тэгээд л Жунай 1971 оны сүүлчээр энэ хүнтэй нийлсэн.

Архи уудаг хүнтэй суугаад сайнаа үзэхгүй гэж зарим нь зэмлэж, нөгөө нь хүний үгэнд ордоггүй тэнэг хүүхэн гэцгээж байв. Жунайгийн хувьд, хэнээс сайндаа хэнийг голох вэ? Үр хүүхэдтэй хүн ганц хүүг минь ад үзэхгүй л байвал боллоо. Дэгэж дэрвэж явдаг залуу нас биш, хоёр биендээ нөмөртэй л бол гүйцэх нь тэр гэж боджээ.

Гэтэл архи эргүүлж, ажлаас холдсон хүнийг зүгшрүүлж, урмыг нь тэтгэж, ухааныг нь сэргээнэ гэдэг эмнэг морь чихдээд зогсохтой адилгүй. Сурсан юмыг сураар боож болдоггүйн үлгэр гарч, яах ч гэж түүгээр явсан зовлонг нааш нь татаж ирэв дээ гэх өдөр олон таарч байв.

Нөгөө сэтгэлийн торгон давалгаа замхарч гөлийгөөд, архи ууж шартсан царайтай нөхрөө харах бүр " Намайг аваач дээ" гэсэн үг нь санаанд орж, харцнаас нь итгэл найдвар горилно.

-За Жунай минь! Шартаж үхэх нь! Ганц шил юм олоод ир! гэхэд Жунай юу ч хэлэлгүй, дэлгүүр рүү гүйгээд л явчихна. Төдхөн орж ирээд өмнө нь сууж архи хол хол хийтэл аягалж байна. Ууж дууссаны дараа ор дэрийг нь эвтэйхэн засч өгөөд унтуулна.

Сэтгэлийн ганц сайхан үг хэлээд духыг минь нэг ч болов илээсэй гэж хүсэх боловч согтуу хүн доорхноо газар доргим хурхираад унтаад өгнө. Ямар боловч намайг гэж ирсэн эр хүнийг гомдоохоо больё! Хөдөлмөр хийж байгаа цагт хоосон . хонотлоо өдий биз гэж бодно.

Заримдаа архийг бүр авдраар нь авч, нүдэнд нь их архи харагдаж байвал сэтгэл нь цадаж уухаа болих болов уу гэж горилно. Сараар, жилээр, бүр хэдэн жилээр энэ горьдлого тасарсангүй. Сэтгэл байвал толгой шийр үүрээд ч амьдрана даа гэж анх нийлж суухдаа нөхөртөө хэлж байснаа санана.

Нэг удаа нөхөр нь дахиад л сэргийлэхэд баригджээ. Үүнд нь гомдож Жунай тэр шөнөдөө унтаж чадсангүй. Өглөө эртлэн босч цай чанаж , бантан хийж, гэрт байсан хагас шил архийг данханд юүлж аваад гарлаа.

... Эхнэр минь нойр дутуу л хонож дээ. Нүд нь улаан байна. Надад бантан хийх гээд ядаж өглөө эрт босч дээ. Надтай суугаад энэ хүн ганц орой жаргаж, дуу хөгжим сонсч, найз нөхөдтэйгөө инээж наадаж явсангүй. Бантан хийхээс өөр юм сурсангүй дээ.

Хичнээн ч удаа архинд гүйлгэж, ууж идэж, өмсч зүүхийг нь хасав аа! Би юу гэж амалж энэ хүүхэнтэй суулаа? Данханд архи хийж байхдаа хань минь юу гэж бодож байсан бол?

Архиар л жаргадаг ёстой юм бол түүнийг нь л эдлүүлье гэж бодов уу? Хичнээн жил би энэ хүний амьдралыг архитай хольж уух билээ! Архи уухсан гэсэн хүслийг минь хүн хангаж байхад архи битгий уугаасай гэсэн хүслийг нь би яагаад хангаж болдоггүй билээ? Би яасан тэнэгхүн бэ?...

Ийм бодолд автан суутал хаалга тархийн онгойж сэргийлэгч,

-Та өнөөдөр тэнэгийгээ мэдэв үү? Юу гэж ганцаараа яриад байгаа юм бэ гэж ёжтойхон инээгээд орж ирсэн шигээ тархийтэл хаав. Хаалганы энэ чимээ зүрхэн дундуур нь дэлсээд авах шиг болов. Бодолд эргэлт гарнаа гэдэг!

Түүнээс хойш Жунай нөхрөө архи ууж суухыг харсангүй. Ёсыг бодож дөнгөж духандаа л хүргэдэг болжээ. Хэрэв тэр үлдсэн хагас шил архийг нөхөртөө аваачиж өгөөгүй юм уу, шилтэй нь оруулсан бол сэтгэлд тэгж данханд хийсэн шиг хүчтэй тусаа ч уу, үгүй юу?

Зан сайтай айлд хүн цуглана

Гэрийн эзэн хуучин цагийн эр хүний байдлаар ашлуухан сууна. Хэзээ ч дундуур байдаггүй данхтай цайнаас Жунай мэлтэлзтэл аягалан нөхөртөө, айлчин гийчиндээ барина. Жунай тэтгэвэртээ гараад хэдэн жил болсон ч ажлынх нь хүүхнүүд өдөр өнжихгүй шахам эргэж ирнэ. Жаахан л удвал Жунай эгчийгээ гомдоочихно гэж эмээнэ.

Нөхрийнх нь ууган охин Зөвлөлт Молдавт дээд сургууль төгссөн залуу хуульч Алтангэрэл томилолтоор Улаанбаатараас очоод зочид буудал гэхээсээ аавындаа ирж, Жунайн гэрт өмсдөг хуучин хөвөнтэй дээлийг нь нөмөрчихөөд дэргэд нь сууж цайг нь ууж байдаг. Амралтын өдөр нөхөр нь анд нөхөдөө цуглуулж тоглож наадах дуртай.

Бүтэн өдөржин тоглосон ч ааг сүү тэнцсэн цай угсруулаад л чанаад байна. Дахин дахин цай чанаж, данх данхаар нь тавиад байхаар нь,

-Сүү ховор байхад болиосой доо. Маргааш цай бүгийлгэх юм үлдэхгүй нь гэж би заримдаа бодоход хүрдэг. Тэгэхлээр сэтгэлээр би Жунайдаа даанч хүрэхгүй байгаа биз гээд нөхөр нь инээж байсан. Жунайн хүү Энхтайванг цэргээс ирмэгц, хүүгээ жолооч болгоно гэж нөхөр нь хөөцөлдөж байна лээ. Архисахын хар далайгаас эр хүнийг аварч чадсан гэргийгээ үнэлсэн түүний үгээр "дахин хүн болгосон" ариунаас ариун сэтгэлтний дэргэд амьдрах хичнээн азтай вэ?

-Би самганыхаа тос амтагдсан цайнд гаршсан. Хоол нь хачиргүй ч гэсэн хичнээн амттай вэ гэж эрүүл хүрэн царайдаа мишээл тодруулан ярьж суугаа эр хүний үгийг сонсоод, Жунай азтай хүүхэн гэж бодлоо.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх