Д.Трамп Их Британид хийх айлчлалаа цуцалжээ

Дэлхий Admin Галаа 2018 01 сар 13 1606

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Твиттер” хуудастаа “Барак Обамагийн засаг захиргаа Лондон хотод шинэ ЭСЯ барихын тулд ЭСЯ-ны өмнөх байрыг самрын мөнгөөр худалдсанд харамсаж байна. ЭСЯ-ны өмнөх байр хамгийн сайхан байршилтай газар байсан. Шинэ ЭСЯ-ны нээлтийн ёслолд оролцож, тууз хайчлах хүсэл надад алга” гэж бичжээ. Тэрбээр ирэх сард Их Британид айлчлах үеэрээ Лондон дахь АНУ-ын ЭСЯ-ны шинэ байрны нээлийн ёслолд оролцох ёстой байсан юм.

Харин одоо түүний оронд ЭСЯ-ны шинэ байрны нээлтийн ёслолд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон оролцож магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Д.Трамп айлчлалаа цуцалсантай холбогдуулан Их Британийн Засгийн газар одоогоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Их Британийн Ерөнхий Сайд Тереза Мэй  жилийн өмнө Цагаан ордонд зочлох үеэрээ Д.Трампыг улсдаа урьсан юм. Тухайн үед Д.Трамп төрийн айлчлалын урилгыг хүлээн авч байсан билээ.

Их Британийн хэт барууны үзэлт нэгэн бүлэглэлээс гаргасан лалын шашинтнуудын эсрэг дүрс бичлэгүүдийг Д.Трамп өнгөрсөн оны сүүлчээр “Твиттер” хуудсаараа түгээсэн юм. Үүний улмаас Д.Трамп болон Т.Мэй хоёр зөрчилдөж эхэлсэн. Мөн Д.Трамп Иерусалим хотыг “Израилийн нийслэл”-ээр зарласныг Т.Мэй эрс шүүмжилснээр хоёр талын үл ойлголцол улам гүнзгийрчээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх