ТТАХНЭ бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулж эхэллээ

Эрүүл мэнд Admin Галаа 2018 01 сар 29 239

“Монгол Улсын Засгийн газрын 100 хоног” ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулж байна. Эмнэлэг энэ хугацаанд бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулахад бэлэн болж, энэ сарын 22-ны өдрөөс эхлэн хэвтэн эмчлүүлэгчдээ хүлээн авлаа. Үйл ажиллагаагаа эхлүүлээд гуравхан хоногийн хугацаанд 117 үйлчлүүлэгч хүлээн авч, анхны мэс заслаа хийлээ.

Хэвтүүлэн эмчлүүлэх байрны бүх тоног төхөөрөмжүүд Австри улсын Засгийн газрын 7 сая еврогийн өртөг бүхий тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан, өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн тоног төхөөрөмжүүд суурилуулагдаж эхлээд байна. Ингэснээр эмнэлэг 4 жилийн дараа бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулах боломж нь бүрдэн үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тус төслийн хүрээнд нойрны төвд шаардлагатай аппаратууд, бөөрний дутагдлын эмчилгээний гемодиализийн аппарат, элэгний хатуурлыг оношлодог эластографийн аппарат, хэвлийн хөндийн болон үений дурангийн хагалгааны аппарат, хагалгааны өрөөнд шаардлагатай хүчилтөрөгчийн систем, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний иж бүрдэл аппарат, яаралтай хагалгааны өрөөний иж бүрдэл аппарат, угаалгын тасгийн тоног төхөөрөмж, гал тогооны тоног төхөөрөмжүүд суурилагдаад байна.

Түүнчлэн уг төслийн хүрээнд нийт 28 эмч, мэргэжилтнүүд дотооддоо болон Австри, Хятад улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах юм.

Цаашид стратеги төлөвлөгөөндөө олон зорилго тавин ажиллаж байна. 2018 онд хийгдэх томоохон ажлуудаас дурьдвал спортын гэмтэлд түлхүү анхаарч, түүнийг хөгжүүлэх чиглэлээр цуврал семинарыг зохион байгуулахаар төлөвлөн, эхний семинараа энэ оны 01 дүгээр 18-ны өдөр “Өвдөгний үеийн гэмтлийн оношлогоо, эмчилгээний асуудлууд” сэдвээр амжилттай зохион байгууллаа. Түүнчлэн “Тулгуур эрхтний гэмтлийн мэс засал, согог заслын төв”-ийг байгуулах, Төрийн албан хаагчдынхаа эрүүл мэндэд анхааран “Гүзээгүй төрийн албан хаагч” төслийн хүрээнд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулах, улсын эмнэлэг дундаас анх удаа “Нойрны төв”-ийг байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх