Маргааш мандах САРНЫ ГУРВАН ОНЦЛОГ

Дэлхий Сэтгүүлч Золоо 2018 01 сар 30 2601

Маргааш буюу Лхагва гарагийн үдэш мандах сар нь байгалийн ховор үзэгдэлд тооцогдож байна. Гурван үзэгдэл давхцаж байгаа энэ тохиолдлыг 152 жилийн өмнө хамгийн сүүлд хүмүүс харсан юм.

 

Дэлхий дахин маргаашийн сарыг “Blue, Super, Blood moon” хэмээн нэрлэж байна. "Blue" буюу “Хөх сар” гэдэг нь календарийн нэг сарын дотор тэргэл сар хоёр удаа үзэгдэхийг хэлдэг. Тодруулбал энэ нэгдүгээр сарын 1-нд тэргэл сар мандаж байсан бол нэгдүгээр сарын 31-нд хоёр дахь тэргэл сар мандах гэж байгаа юм. Ихэнх тохиолдолд тэргэл буюу бүтэн сар календарийн нэг сарын хугацаанд нэг удаа үзэгддэг. Харин "Super" сар гэдэг нь дэлхийг тойрон эргэх замдаа хамгийн их ойртож байгаа тохиолдлыг хэлдэг. Энэ үед сар дэлхийн иргэдэд хамгийн том, хамгийн тод харагддаг юм.

“Blood” буюу "Цусан сар" гэсэн нэр нь энэ удаа сар бүтэн хиртэх гэж байгаатай холбоотой. Дэлхий гараг маань нар ба сарны яг дунд орох үед дэлхийн сүүдэр сарыг нарны гэрлээс халхалдаг. Гэхдээ энэ үед сар харанхуйлахгүй, харин дэлхийн агаар мандлаас ойсон нарны гэрлийн нөлөөгөөр улаан туяатай харагдах юм.

Энэхүү ховор үзэгдэл нь Ази тивийн зүүн хэсгээс хойд Америкийн баруун эрэг хүртлэх газар нутагт бүтэн харагдах бол, дэлхийн бусад хэсгийн оршин суугчдад хагасалж харагдах ажээ. Улаанбаатарын цагаар 19:48 цагаас сарны ерөнхий хиртэлт эхэлж, сар захаасаа улайж эхлэх ба 20:51 цагт сар бүхэлдээ хиртэнэ. Улмаар 21:29 цагт сарны хиртэлт оргилдоо хүрч бүхэлдээ улаан хүрэн өнгөтэй болно. Харин 22:07 цагт сар дэлхийн сүүдрээс гарч эхлэх бөгөөд 23:11 цагт хиртэлт бүрэн дуусах ажээ.

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх