"НЭГ ШӨНӨ..."


Тэр нэг шөнө бид  2 танилцаад нэг шөнийг хамтдаа өнгөрүүлсэн. Тэр шөнө надад тохиолдсон явдал намайг бүр мөсөн өөрчилнө гэж би зүүдлээ ч үгүй юм...  гээд л эхлэхээр уншигч та юу бодсон бэ?

Нэг их юм ургуулж бодож, уурлах нь уурлаж, энэ нэг юм юу бичээд байна вэ гэж муулах нь муулсан биз ээ. Үгүй ээ, та нарын бодсон зүйл биш ч байж болно шүү дээ.

Бид ямар нэг зүйлийг сонсоод, уншаад, хараад шууд л сөргөөр хүлээж авдаг болсон нь нууц биш. Нийгэм биднийг ийм сэтгэхүйтэй болгочихсон байна.

Гэрээсээ гараад замын түгжрэлд бухимдана. Ажил дээрээ ирээд даргынхаа үгэнд аль эсвэл ажлын ачаалалдаа дарагдаж бухимдана. Ажлаа тараад гэртээ ирээд цэнхэр дэлгэцээрээ маш олон таагүй, болж бүтэхгүй байгаа нийгмийн муу муухайг харж бухимдана. Гадаа гарч утаа үнэртэж угаартлаа гэж уурлаж уцаарлана. Хаа нэг найзуудтайгаа уулзах гэхээр чөлөөт цагаа өнгөрөөх газар олдохгүй мухардана. Клуб орж бүжиглэх гэхээр хүн амьтанд шоучингаараа дуудуулахвий гэхээсээ санаа зовно. Кино театрт очоод кино үзэх гэхээр бөөн дайн тулаантай аль эсвэл уйтгар гунигаар дүүрэн сэтгэл хямарсан кино үзэхээс аргагүйд хүрнэ. Тэр чинээгээрээ бид өнөөгийн нийгэмдээ сэтгэхүйн хувьд дарлуулчихжээ.

Гэгээлэг зүйлс нэг ч байхгүй мэтээр нэг нэгнээ муулж, доош нь хийж, өөрийгөө бухимдуулж өрөөлийг ч түүндээ хамруулаад амьдарсаар л байна. Амьдрал өөрөө адал явдал гэдэг дээ. Ганц л амьдарч байгаа амьдралаа инээж өнгөрүүлэх хичнээн сайхан.

Инээх...

Инээх шалтгаан энэ нийгмээсээ олоод ир гэх хүн байгаа бол та үнэхээр архаг стрессэнд орчихжээ. Улс төр, нийгмийн асуудлыг бодож хямарч өөрийгөө гэгээлэг бүхнээс битгий таслаач гэж ялангуяа залуучуудаасаа гуймаар санагддаг юм. Хорон үгээр нэг нэгнээ хэмлэж, алаан хядаантай, аймшгийн кино үзэж аль эсвэл хэд хоногтоо гутарч явахаар зүйлсийг нүдээрээ бүү хар, чихээрээ бүү сонс гэж хэлмээр болох юм.

Гар утсаа маажиж гадаад ертөнцөөс тасарсан цахим орчинд нэг нэгэндээ саймширдаг байдал манай залуусын дунд тренд болсон. Хатуу боловч үнэн ийм л байна. Цог золбоотой залуу насаа битгий дарлуул, цоглог байх хэрэгтэй шүү дээ.

Хааяа ч гэсэн өөрөөсөө аз жаргал хайж, муугаас сайныг олж харж, хэн нэгнийг хэлэх үгээрээ сэтгэлд нь нар гийтэл тэтгэж байгаасай.

Нийгэм бухимдлаар дүүрэн, залуучуудын сэтгэхүй асар их дарлагдаж байгаа нь үнэн ч энэ бүхнээс өөрөө өөрсдийгөө тасалж сөрөг биш эерэг байхыг хичээх нь маш чухал шүү. Хайрцаглагдсан сэтгэхүйнээс биднийг утга уран зохиол, урлагийн мэдрэмж, уулга алдам тайз дэлгэцийн уран бүтээл гаргаж чаддаг. Юунд би урлагийг онцлов. Урлаг өөрөө соён гэгээрүүлэх үүрэгтэй. Түүнтэй хамтаар би бусдад аз жаргал болоод ухаарал бэлэглэх үүрэгтэй гэж боддог юм. Уйлуулж, уурлуулж сэтгэл сэрдхийлгэсэн уран бүтээл л сайн гэдэг ойлголт нийгмийн хандлагыг дагаад бий болчихжээ. Та заавал уурлаж, уйлах ёсгүй шүү дээ. Хүн инээхэд биеийн хэдэн мянган эд, эс сэргэж байдаг. Анагаах ухаан талаасаа ч та урт удаан амьдарья гэвэл жаргалтай байж, инээх хэрэгтэй. Хүн бүр стрессээ тайлах өөр өөрийн гэсэн аргатай байдаг. Манайхны ихэнх нь кино театрт болзож, найз нөхөдтэйгөө кино үзэх дуртай байдаг. Өөрөөр цагаа өнгөрөөх газар Улаанбаатар хотод цөөн байдаг болохоор тэр биз ээ. 

Гэхдээ...

Би сүүлд кино театр орохдоо ямар кино үзэхээ сонгож чадаагүй. Учир нь сэтгэлээ сэргээх гэсэн зорилгоо умартаад улам гутрахвий гэхээс айсан гэх үү дээ. Сүүлийн үед нээлтээ хийж байгаа киноны төрлүүд дандаа хүний оюуныг дарангуйлсан шинжтэй аль эсвэл уйтгар гунигаар дүүрэн байх юм. Урлаг руу хазайсан болохоор үүнийг дурдахыг хүслээ.

Хааяа нэг амарч байх үедээ гадаадын хөгжилтэй кинонуудыг үзэхээр манай уран бүтээлчид ийм уран бүтээл хийхгүй юм байх даа гэж өөрийн эрхгүй боддог юм. Арга ч үгүй байх л даа. Нийгмийн бухимдлаасаа гарах арга замаа хайж байгаа хүн юм чинь. “Two night stand”, “Yes man”, “Nothing hill” гэх мэт кино шиг сэтгэл сэргээсэн киног Монголын  уран бүтээлчдээсээ битүүхэн хүсэх юм. Нийгэмд гэрэл гэгээ хэрэгтэй байна. Нөгөө талаасаа хүмүүст гэрэл гэгээг бэлэглэх уран бүтээл хэрэгтэй байгаа юм болов уу...?

Яг энэ бодол биеллээ олж удаан хугацааны дараа кино театрын дэлгэцнээ залууст зориулсан романтик инээдмийн уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Тэр нэг шөнө гэж нийтлэлээ эхлүүлсэн учир энэхүү уран бүтээлтэй холбоотой бөгөөд тэр шөнө яг юу болсон тухай мэдэхийг хүсвэл та 2 сарын 2-нд нээлтээ хийх “One night” уран сайхны киног хүлээн авч үзээрэй.

Дашрамд дурдахад “One night” романтик инээдмийн уран сайхны киноны ерөнхий найруулагчаар СТА Э.Алдар ажилласан бөгөөд зохиолыг нь ч өөрөө бичсэн юм. Олон хүний хайрыг татаж, үзэгчдэд инээд бэлэглэхдээ гаргуун түүний шинэхэн уран бүтээл ямар болсон нь  хүмүүсийн сонирхлыг тун ч их татаж байгаа сурагтай.

Хайрын сарыг “One night” УСК-тай хамт инээж өнгөрүүлцгээе, залуусаа .

Сэтгүүлч:Э.Анударь

Эх сурвалж: setguulch.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх