Ким Жон Ун зөвхөн пуужингийн наймаагаараа Монголоос хэд дахин их гадаад валют олдог

Дэлхий Admin Галаа 2018 01 сар 31 4032

Xойд Солонгос улс Өмнөд Солонгос улстай нэгдэж магадгүй гэх мессеж дэлхий нийтэд түгээд байгаа энэ үед нэгдэхэд хамгийн саад тотгор болж байгаа зүйл нь Хойд Солонгосын нэн ядуу байдал гэж үзэж байна. Гэтэл Хойд Солонгосын мөнгө олдог олон суваг байдаг ажээ. 

НҮБ, АНУ, дэлхий нийтээс Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ байнга авдаг атал энэ улс гадаад валют олох арга замаа олсоор байна. Гадаад валют олох чадвараараа Монгол Улсаас ч илүүд тооцогдож байгаа юм. Ингээд БНАСАУ-ын валют олдог гол бараануудыг танилцуулъя.  

1. Нүүрс
Хойд Солонгос жилд 2 сая тонн орчим нүүрс Хятадад гаргадаг байсан ч энэ жилээс Хятад авахгүй гэдгээ мэдэгдсэн. Байгалийн баялаг, ашигт малтмал НҮБ-ын хоригт хамрагддаггүй тул тус улс нүүрсний хууль ёсны наймаанаас их хэмжээний мөнгө олдог байсан юм. Гэвч хятад “ахынхаа” үгэнд орохгүй, цөмийн туршилт хийсээр байгаа тул ийнхүү Хятад улс “дүүгээ” хашраахаар шийдсэн билээ. 

2. Пуужин
БНАСАУ байн байн пуужин харваж, хөршүүдээ айлгадаг хуучтай. Гэхдээ энэ пуужингууд нь айлган сүрдүүлэхээс гадна мөнгө олох арга зам болдог. Араб, Африкийн улсуудтай хийдэг нууц худалдаанаас жилдээ хэдэн арван сая доллар олдог. Энэ мөнгөө мэдээж дахиад пуужин хийхэд зарцуулна.

3. Зэвсгийн үйлдвэр
Хойд Солонгосын арми сая гаруй дайчинтай. Энэ олон цэргийг зэвсэглэхийн тулд том үйлдвэрлэл байх хэрэгтэй. Тэд зэвсгийн үйлдвэр барих арвин туршлагатай. Сүүлийн 30 жилд Хойд Солонгосын инжнерүүд Этиоп улсад хоёр том зэвсгийн үйлдвэр барьж өгсөн. Тоног төхөөрөмж бүгд “Made in DPRK” тул сэлбэг хэрэгслээ ч Хойд Солонгосоос авна. Нэг ёсны хэзээ ч салахгүй гэсэн үг. Мөн Африкийн Нигери, Мадагаскарт цэргийн объект барьсан мэдээ бий.

4. Хөшөө дурсгал
Энэ улс агуу удирдагчдынхаа асар том хөшөө дурсгал ихтэй гэдгийг бүгд мэднэ. Хөшөө барих туршлагатай тус улсад гадаадаас хөшөө баримал хийлгэх захиалга их ирдэг гэнэ. Зимбабве улс Ерөнхийлөгч Роберт Мугабедээ зориулсан хоёр хөшөө бариулаад 5 сая доллар төлсөн бол Ангол, Египет, Экваторын Гвинеи, Этиоп улсууд том хөшөө бариулж байлаа. Гэхдээ Хойд Солонгосын хамгийн том захиалагч бол Намиби. Намибийн Засгийн газар 2000 оны эхээр дайны үеийн хөшөө цогцолбор бариулахаар 60 сая долларын гэрээ байгуулсан юм. 

5. Ресторан
“Жинхэнэ Хойд солонгос хоол” идэхийг урьдаг хоолны газар Азийн бараг бүх оронд бий. Хойд Солонгос 1990-өөд оны үед “Pyongyang Restaurant” хэмээх сүлжээ ресторан байгуулсан нь одоо валют олох сайхан боломж өгч байна. Хоолны газар, ресторан байгуулснаар төсөвт мөнгө олох, тухайн улсад байгаа ЭСЯ-аа санхүүжүүлэх хоёр ашигтай.

6. Нэхмэл бүтээгдэхүүн
Хойд Солонгост ажлын хүч хямд. Тиймээс Хятадын хил залгаа хотуудад хамтарсан бизнес хүчээ авчээ. Зөвхөн хойдчууд ажилладаг маш олон үйлдвэр бий. Тэд оёж, нэхээд гадаадад “Хятадад үйлдвэрлэв” хаягтай гаргахад эдийн засгийн хоригт өртөхгүй. 

7. Хуурамч мөнгө
Хуурамч мөнгө хийхдээ хамгийн гарамгай улс бол БНАСАУ гэж ярьдаг. АНУ-д 100 долларын дэвсгэртээ дэлхийд хамгийн хамгаалалттай мөнгө гэж үздэг байсан ч хойд солонгосчуул яг адилханыг хийж орхисон. Тэд тоног төхөөрөмжөө Японд захиалаад, цаасаа Хонконгоос, бэх, будгаа Францаас авчруулаад л тэр дор нь хэдэн сая доллар “зурчихсан” билээ. Тиймээс АНУ 2013 онд 100 долларын шинэ дэвсгэрт гаргахаас өөр аргагүйд хүрсэн. 

8. Ажлын хүч
Хойд Солонгосын 50 мянган ажилчин гадаадад ажиллаж, эх орондоо жилд 2 тэрбум доллар оруулдаг. Гэхдээ тэднийг илгээхдээ нутагтаа байгаа гэр бүлийг нь бараг барьцаанд авдаг гэсэн яриа байдаг. 

9. Хар тамхи
Гадаад өрөө төлж чадалгүй дефолт зарласан 1970 оноос хойш тус улс хар тамхины наймаа хийдэг болжээ. Эхлээд дипломат ажилтнуудаа ашиглан, дундын буюу зөөврийн ажил эрхэлдэг байсан ч сүүлдээ өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн юм. Хойд Солонгосын метамфетамин бараг 99 хувийн цэвэр гэдгээрээ алдартай. Мэргэжлийн химичид тусгай үйлдвэрт хийж байгаа хойно цэвэр байлгүй яахав. 

10. Цөмийн реактор
Хойд Солонгос цөмийн бүхэл бүтэн реактор Сирид зарах шахсан. 2007 онд Израилийн армийн бөмбөгдөн, устгаж орхисон реакторыг Хойд Солонгос бүрэн орлуулах санал тавьсан ч бүтээгүй юм.

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх