Хүүхдийн цэцэрлэгийг шинээр барьж өгөхийг хүсчээ

Боловсрол Admin Галаа 2018 02 сар 05 961

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан өнөөдөр АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын Яамны Иргэн-Цэргийн дэмжлэгийн багийн гишүүдийг хүлээн авч уулзаж санал солилцсон байна. Уулзалтын үеэр зочид төлөөлөгчид Эрүүл мэнд, Боловсрол, Хөдөө аж ахуйн салбарт томоохон төсөл хэрэгжүүлэх, мөн аймгийн хүүхдийн цэцэрлэгүүдэд тоглоом, ном хандивлах зорилготой гэдгээ илэрхийлжээ.

Энэ үеэр тус аймгийн Засаг дарга А.Гылымхан Боловсрол, Эрүүл мэндийн салбар бол хамгийн чухал салбарууд гэдгийг онцолсон байна. Тиймээс ашиглалтын хугацаа дууссан, дээвэр нь нурж хаагдсан Өлгий сумын хүүхдийн нэгдүгээр цэцэрлэгийг тус төсөл хөтөлбөрт хамруулан шинээр барьж өгөх саналыг уламжилж цаашид дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаа  гэжээ.

Харин зочид төлөөлөгчид санал болгосон хүсэлтийг хүлээн авч, төсөл хэрэгжүүлэх газар болон хүүхдийн нэгдүгээр цэцэрлэгийн барилгатай танилцаж судлахаар болсон байна.

Дашрамд дуулагахад, АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Джениффер Зимдал Галт Монгол улсад 2015 оноос Эрүүл мэнд, Боловсрол, Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ жилээс алслагдсан аймаг сумдад хэрэгжүүлэх болсон аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх