НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ 2017-2020 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БУЦААЛАА


Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Хөдөө аж ахуйн салбарын шилдэгүүдийн шалгаруулалтыг батлах тухай, Газрын зориулалт өөрчилж, хамтран эзэмшигч нэмэх тухай, Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн худалдан авах газрын үнэлгээний хороонд иргэний төлөөлөл томилох тухай, Ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас өнгөрсөн жилд эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, нийслэлийн шилдэг фермер, тариаланчаар шалгарсан ах ахуй эрхлэгчдийн нэрсийг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат танилцууллаа. 

Хурлын тэргүүлэгчдийн зүгээс НХХААГ-ын дарга Д.Баянбатаас нийслэлийн тэргүүний фермер, тариаланчийг ямар шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг, нийслэлчүүдийн хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эдгэр фермерүүд ямар хувь нэмэр оруулсан, нийслэлийн захын дүүргүүдээс яагаад фермер, тариаланч шалгараагүй вэ? зэрэг асуултуудыг асууж, хариулт авлаа. Энэ асуудлын хүрээнд хурлын тэргүүлэгчид НХХААГ-аас шалгаруулсан шилдэг фермер, тариаланчдыг дэмжин батлаж явуулах нь зөв хэдий ч цаашид НХХААГ шилдэг фермер, тариаланчийг шалгаруулдаг шалгуур үзүүлэлтээ нээлттэй болгох, Улаанбаатарын харьяат атлаа Сэлэнгэ, Дархан, Хэнтий зэрэг зарах тариалангийн бүсэд үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа иргэдийг татан оролцуулах, Нийслэлийн 9 дүүргийг хамруулан шилдэгүүдээ тодруулах, хүнсний аюулгүй байдлын үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулсан байхыг шалгуур үзүүлэлтдээ тусгах, НХХААГ-ын үйл ажиллагааны тухай танилцуулга бэлтгэж тэргүүлэгчдийн хурлаар оруулах зэрэг саналыг гаргаж, асуудлыг дэмжиж шийдвэрлэлээ.

Хэлэлцэх асуудлын жагсалтын хоёрдугаарт орсон Газрын зориулалт өөрчилж, хамтран эзэмшигч нэмэх тухай асуудлыг Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, Нийслэлийн цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн холбогдох албан тушаалтнууд танилцууллаа. Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хоёрдугаар хэлтэст албан конторын зориулалтаар газар эзэмшүүлсэн байдаг. Цагдаагийн анхны барилгаа буулгаж, орон сууцны зориулалттай болгож өөрчлөх хүсэлтийг тавьсан байдаг. Холбогдох хуулийн дагуу НИТХ-ын хурлаар энэ асуудлыг оруулж батлуулсан байх ёстой гэдгийг албаны хүмүүс танилцуулгадаа дурьдсан бол хурлын тэргүүлэгч П.Баярхүү "Энэ асуудал 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан уу, хотын ерөнхий төлөвлөгөөнд уялдаж байгаа юу" гэж асуулаа. Д.Нямдаваа "2018 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусаагүй, Ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлтээ өгсөн, албан ёсоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд ороогүй байгаа" гэв.

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн хувьд албан хаагчдийн 152 албан хаагчийн 76,3 хувь нь өөрийн орон сууцгүй байгаа бөгөөд хуучин цагдаагийн хэсгийн купоны байраа буулгаж 1 давхарт цагдаагийн хэсгийн байцаагч нарын ажлын оффис байрлах, дээд давхарууд нь ажилтан албан хаагчдын орон сууц болгох зураг төсөвтэйгээр шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. 
НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэлийн зүгээс Цагдаагийн байгууллагын ажилчдыг нийгмийн асуудлыг шийдвэрлэх, албан хаагчдын орон сууцанд оруулах сайн талтай боловч асуудал нь тодорхой биш, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд ороогүй, өмнөх барилгаа буулгах шийдвэр нь гараагүй байгаа учраас энэ асуудлыг дахин боловсруулж оруулж ирэх горимын санал гаргасныг тэргүүлэгчдийн олонхи нь дэмжиж, холбогдох бичиг баримтыг гүйцэт оруулж ирэхийг болгож буцаалаа. 

Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд нар танилцуулж, Дэд хөтөлбөрийн хүрээнд баригдах дүүргүүдийн спорт цогцолборын барилгын ажлын санхүүжилт, үйл ажиллагааны мэдээллийг хүргэлээ. Тэргүүлэгчид иргэдийг эрүүл чийрэг байлгах, бие бялдарыг чийрэгжүүлэхэд тогтмол явуулдаг ажлуудаас гадна шинэ ямар санал санаачлага дэд хөтөлбөрт тусгагдаж байгааг асуулаа. Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд бялдаржуулах төвд явахдаа төлбөрийн нь тодорхой хувийг нь даатгалаас гаргадаг байх тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж, энэ хүрээнд Нийслэлийн холбогдох газруудаас бялдаржуулах төвүүдийг магадлан итгэмжилд хамруулж шийдвэрлэхээр төлөвлөж байгаа Ж.Ганболд дарга хэллээ. 
Хурлын тэргүүлэгчдийн олонхийн саналаар Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөрийн боловсруулалт хангалтгүй байна гэж үзэн санаачлагчидад нь буцааж, судалгаа тооцоо, холбогдох газруудын саналыг тусган дахин оруулж ирэхийг үүрэг болгон буцаалаа. 
Нийслэлийн худалдан авах газрын үнэлгээний хороонд иргэний төлөөлөл томилох тухай болон Хүүхдийн ордоны 60 жил, Өргөө амаржих газрын ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлуудын танилцуулгыг сонсож, Нийслэлийн Засаг дарга, харьяа байгууллагуудад танилцуулж, санал авч дахин оруулж ирэх чиглэл өгч хойшлууллаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх