ТӨВ БОЛОН ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХУУЛЬ САХИУЛАХ, ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН АЛБА ХААГЧИД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Боловсрол Admin Галаа 2018 02 сар 09 389

Цагдаагийн ерөнхий газраас Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Мансууруулах бодис, хууль хэрэгжилтийн асуудал эрхэлсэн олон улсын товчооны дэмжлэгтэй “Монгол Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажиллагааг бэхжүүлэх” төслийг 2017-2018 онд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд нийслэл болон 21 аймгийн хууль сахиулах, шүүх эрх мэдлийн 7 байгууллагын алба хаагчдыг цувралаар сургана.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын зохицуулалт, ажлын уялдаа холбоог хангах, алба хаагчдыг чадавхижуулах сургалтад Төв болон Өвөрхангай аймгийн шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хуульчдын холбоо болон Хууль зүйн туслалцааны төвийн аймаг дахь өмгөөлөгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нийт 66 алба хаагчийн сургалтыг амжилттай зохион байгуулж, сургалтанд оролцсон алба хаагч нарт төслийн удирдагч Д.Оюунчимэг, ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-ийн Ажлын албаны мэргэжилтэн Ч.Амарбаясгалан, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг нар сертификат гардуулав.

Төслийн хүрээнд хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын төлөөлөл 22 сургагч-багшийн боловсруулсан сургалтын “Гарын авлага” хэвлэгдсэн ба сургалтыг дээрх гарын авлага, хөтөлбөрийн дагуу явуулж, зочин багшаар МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Туяа, Хүний хөгжлийн академийн Лектор багш Н.Амарбаясгалан, “Монгол Өрх” ТББ-ын тэргүүн, сэтгэл зүйч С.Баасанбат, “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан нар хамтран ажиллаж байна.

Сургалтад нийслэл болон 10 аймгийн шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хуульчдын холбоо болон Хууль зүйн туслалцааны төвийн аймаг дахь өмгөөлөгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн алба хаагчдыг хамруулсан байна.

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх