“Номер 1” хүний намын Их хурлаас...

Улс төр Admin Галаа 2018 02 сар 09 2195

МАХН-ын шинэ зууны хоёр дахь их хурал "Корпорейт Конвеншн Центр"-д үргэлжилж буй. Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын толгойлсон тус намаас 2012-2016 оны УИХ-д цөөнгүй гишүүд, сайд нар ажиллаж байсан. Тэр ч утгаараа Н.Энхбаяраас гадна УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд асан Б.Тулга зэрэг намын лидерүүд нь их хуралд төлөөлөгчөөр оролцож байгаа.

Хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр илтгэл тавьж, Бүгд найрамдах Монгол улсын дээд үндсэн хуулийн төсөлийг боловсруулсан талаараа танилцуулсан бол намын гишүүд ирэх дөрвөн жилд ямар бодлого, үйл ажиллагааны чиглэл барьж ажиллах тухайгаа ярьсан юм. МАХН-ын 28,000 гаруй гишүүдээс өнөөдрийн их хуралд 1044 төлөөлөгч оролцож байгаа юм. Мэдээж ууган хүчний нэгэн хэсэг гэдэг утгаараа тус намын хуралд ихэвчилэн ахмадууд ирсэн харагдана лээ. Ингээд “Номер 1” хүний намын Их хурлаас хийсэн фото сурвалжлагаа хүргэж хүргэе...

Хурлын үеэр намын нөлөө бүхий зарим нэгэн хүмүүстэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар:

МАХН бол ард түмний нам. Энэ утгаараа ард түмэн юу хүсч байгаа, сайхан амьдрал бий болгохын тулд бид юу хийх вэ гэдэг дүрмээ шинэчлэн батлах чухал хурал юм. Бид хамтын ардчиллыг үзэл баримтлалынхаа чухал баримт болгож байгаа нь онцлог.  МАХН-ын дүрэмд хариуцлагатай, ард түмэндээ үйлчлэх өөрчлөлтүүд оруулж байгаа. Улс төрийн хүрээнд улам хүчтэй, хариуцлагатай байж ард түмнийхээ төлөө үйлчилнэ. Хариуцлагагүй зарим нэг хүмүүс, өөрийнхөө намын эсрэг сурталчилгаа хийгээд явж байгаа хүмүүст хариуцлагатай байхаар тусгасан. Бидэнд итгэсэн гишүүд, ард түмэндээ хариуцлагатай, үр дүнтэйгээр үйлчлэхийн төлөө хийж байна. Миний хувьд МАХН-ын давуу тал бол хүчтэй лидер. Тиймээс Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дахин намын даргад нэр дэвшүүлнэ.

УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж:

-МАХН-ын их хурал бол ганцхан манай намынх биш, нийт улс оронд хамааралтай асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдөр улс орон, иргэд маань ямар хүнд байдалд байна. Энэ асуудлыг шийдэх ямар арга зам байна гэдгийг өнөөдөр хэлэлцэж байгаа гэж ойлгож болно. Манай намын анхдугаар хурал 2011 онд болсон. Түүнээс хойш долоон жилийн дараа хоёрдугаар их хурлаа хийж буй нь цаанаа учир шалтгаантай. Энэ юу гэвэл МАХН-ыг улс төрийн тавцангаас түлхэж гаргах, илт гүтгэн доромжлох, зохиомол хэрэг үүсгэх зэрэг олон үйл явдал саад бэршээл тулгарсан. Гэхдээ олигарх бүлэглэлийн МАХН-тай хийж байгаа энэ тооцоог ард түмэн өөрсдийнхөөрөө дүгнэж байгаа. Тийм учраас манай намын үйл ажиллагааг Монголчуудынхаа төлөө гэдгийг иргэд ойлгож буйгаа бидэнд илэрхийлдэг.  Энэ хүнд үед Н.Энхбаяр намаа удирдаж ирсэн. Өнөөдөр МАХН-ын даргад өрсөлдөх, хамгийн боломжтой хувилбар бол Н.Энхбаяр гэж бодож байна.

УИХ, Засгийн газрын гишүүн асан З.Баянсэлэнгэ:

-Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлж, их хурлаа хийснээс хойш долоон жилийн дараа бид II чуулганаа хуралдуулж байна. Долоон жилийн хугацаа бидэнд их түүх бүтээж, тэмцэл өрнүүлсэн, ханилж яваа найз нөхдөө таньсан, тэмцлийн шуургатай жилүүд байлаа. Өнгөрсөн хугацаанд бид намынхаа  чуулганыг зохион байгуулах боломж олгоогүй. Их хурлаар намын дарга бүтцийн асуудал ярих ч гол зүйл нь хөгжлийн зөв гарц юм. Нам цаашид юу хүрэх, ямар чиглэлээр ажиллах, алсын хараа юу байх гэдгээ тодорхойлохын тулд ард түмний саналыг тусгасан  Монгол Улсын дээд үндсэн хууль төслөө боловсруулсан. Намын даргад хэн байх вэ гэдэг санал асуулгыг их чуулганы өмнө намын анхан шатны байгууллагын гишүүдийн дунд явуулж нэгтгэсэн. Тэр саналыг үндэслэж 100 хувийн саналаар Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

-Манай намын их хуралд 1000 орчим төлөөлөгч оролцож байна. Хоёрдугаар их хурлаар намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга зэргийг сонгох болно. Мөн Шинэ дээд үндсэн хуулийн төслийг танилцуулах, намынхаа дүрмийг шинэчлэх, шинэ мөрийн хөтөлбөрөө батлана. Өнөөдөр иргэдийг дэмжих нэг ч ажил хийгдэхгүй байна. Залуу гэр бүлийг орон сууцтай болгох, шүүхийг хараат бус болгох, байгалийн баялагийг иргэдэд тэгш хуваарилах ажлуудыг хуулиндаа ил тод тусгаад өгөх хэрэгтэй. Хэрэв ингэвэл хэн нэгийг даргыг муулахгүй, ямар нэгэн намыг хараах шаардлага байхгүй болно. Намууд яагаад энэ асуудлуудыг шийдэж чадахгүй байна гэвэл хуулинд тусгаж өгөөгүй. Тийм учраас энэ нь зөв гарц гэдэгт зуун хувь итгэлтэй байгаа.

Ийн намынхаа Их хуралд идэвхийлэн оролцсон лидерүүд дунд ёстой л нөгөө “тоон дотор үсэг цохиж явна” гэдэг шиг Хөдөлмөрийн баатар, МУГТ З.Ойдов гуай сууж байсан нь ихэд содон харагдав. Насаараа их спортод зүтгэсэн тэрбээр чухам яагаад нам дагах болсон юм бол доо...

"Корпорейт Конвеншн Центр"-ын гурван давхарын заалыг пиг дүүргэсэн ахмадуудаас бүрдсэн МАХН-ын их хуралд олны нүдийг орой дээр нь гаргачихаар содон зочин бараг л байхгүй байлаа. Харин тус намын нэрээр олонд танигдсан хүмүүсээс гадна бизнесийн хүрээнээс "Монсоник" группын Ерөнхийлөгч Т.Баярхүү, түүнээс гадна Н.Энхбаярын хүү Батшугар, ҮХААЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл нар ирсэн байв. Намын Их хуралаар мэдээж намын даргаа сонгоно. Хуралд оролцож буй хүмүүсийн хандлагаас ажиглавал одоогийн дарга Н.Энхбаяраа дахин сонгох магдлал тун өндөр байдаг шүү.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх