TEDxYouth@EUTS -ийн хамгийн залуухан Монгол илтгэгч Хосхүүгийн Идэр

Боловсрол Admin Галаа 2018 02 сар 10 1277

- TEDxYouth@EUTS -ийн хамгийн залуу Монгол илтгэгч

-Ulaanbaatar Model United Nations 2016, 2017

-Model UNESCO 2016

-Milan International Model United Nations 2016

 -Cambridge University International Model United Nations

 -English school Model United Nations

-Orchlon Model United Nations хурлуудад оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа 18 настай Хосхүүгийн Идэр-тэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна. 

-Сайн байна уу, өдрийн мэнд хүргэе. Миний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Уншигчиддаа өөрийгөө танилцуулаач?

Сайн сайн байна уу. Намайг урьж ярилцаж байгаад баярлалаа. Намайг Хосхүү овогтой Идэр гэдэг. Одоо 18 настай. Би сая Улаанбаатар “Элит” олон улсын дунд сургуулийг төгссөн. Одоо төслийн менежер-ээр Австрали улсад суралцах гэж байна. Мөн “Монгол дархлаа” төслийг үүсгэн байгуулаад төсөл дээрээ шинэ санаа хэрэгжүүлэн ажиллаад явж байна.

-Монгол дархлаа төслийг яагаад хэрэгжүүлэх болсон бэ? Төслийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

Одоо үед залуус Монгол хэл бичиг болоод үндэсний түүх соёлынхоо тухай сайн мэдэхгүй, зарим нь эх хэлээрээ зөв ч ярьж чадахгүй гадаад улс орнуудын соёлын нөлөөнд хэт автагдах болсон юм шиг санагдсан учраас “Монгол дархлаа” гэдэг төслийг санаачилж гаргаж ирсэн юм. Монгол гэдэг нэрийг сонсоод хүмүүс Чингис хаан болон эртний нүүдэлчин соёлын түүх гэх мэт дандаа  дээр үеийн байдлаар нь төсөөлдөг. Гэхдээ одоо бид тэр байдлыг өөрчилж технологийн дэвшилтэй хөл нийлүүлж ирээдүйд монгол залуус юу хийж чадах юм,  одоо бид юу хийж чадаж байгаа вэ гэдгийг харуулж улс орныхоо хөгжил дэвшлийг эртний агуу түүхтэй нь хамтатгаж таниулах зорилготой юм. “Монгол дархлаа” төсөл залуучуудад олон талын мэдлэг олгохоос гадна өөрийгөө хөгжүүлэх тал дээр нь анхаарч ажиллаж байна.  Яг энэ зорилгынхоо дагуу бид оюутнуудын хооронд парламентийн мэтгэлцээн, “Надад хэлэх үг байна” гээд уран илтгэлийн тэмцээн зохион байгуулсан. Энэ бүгдийг яагаад зохион байгуулсан бэ гэхээр монгол залуус бид эх орныхоо хөгжилд яавал хувь нэмэр оруулж, дуу хоолойгоо илэрхийлж чадах вэ гэдэг тэр боломжийг гаргаж өгье гэж бодсон юм. Тэр боломж хүн болгонд нээлттэй бүрдээд байдаггүй. Хүн бүхэн дуу хоолойгоо илэрхийлэх гэхээр ямар нэгэн саад бэрхшээл гарч ирдэг эсвэл өөрөө өөртөө итгэх итгэл бага байдаг. Тийм болохоор яг тэр хүүхэд залуучуудын хүсэл эрмэлзэл дээр оч нэмж өгөөд өөрийн зорилгыг нь тодорхойлох, түүндээ хүрэхэд нь нэмэр болохыг зорьсон. Мөн чөлөөт хэлэлцүүлэг ба лекц зохион байгуулсан. Лекцэнд маань  дандаа олны танил амжилтанд хүрсэн хүмүүс ирж залуустай ярилцсан. “Сүү” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Гантулга, “Universal” төвийн үүсгэн байгуулагч н.Амаржин, MIT, Stanford-ийн их сургуулийг төгссөн “Сант” сургуулийн захирал н.Энхмөнх гэх мэтчилэн мундаг хүмүүс ирж хүүхэд залуустай ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн “Оюун ухааны академи”-ийн аргачлалыг харуулсан үзүүлбэртэй их олон төрлийн мэдлэг мэдээлэл агуулсан маш ач холбогдолтой шинэлэг арга хэмжээг бид зохион байгуулсан.

Яваа яваандаа бас “Монгол дархлаа” төсөл дээрээ нилээн хэдэн сонирхолтой залууст хандсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөчихөөд байна.

-“Монгол дархлаа” төслийн тухай залуус хэр сонирхож байна? Төслийн үйл ажиллагаанд хамрагдах хүсэлтэй хэр их залуус байна вэ?

Эхлээд бол яг хүмүүст таниулах, хүмүүсийг татах тал дээр асуудалтай байсан. Яагаад гэвэл хүмүүсийн ихээр сонирхдог зүйл нь биш болохоор тийм байсан байх. Одоо бол маш олон залуус гадаад улс оронд сурч боловсрохыг хүсэж зорьдог болсон тэр утгаараа яг тэр чиглэлийнхээ юмнуудыг илүүтэй анхаардаг. Жишээ нь: Яаж англи хэлэндээ сайн болох вэ, яаж гадаадад сурах вэ, хэрхэн тэтгэлэг авах вэ гэх мэт сэдвийг  хамарсан үйл ажиллагаанд илүү оролцох сонирхолтой байдаг. Би ч бас маш олон удаа дээр дурьдсан сэдвүүдээр лекц тавьж байсан.  “Монгол дархлаа” төслийн хувьд зөвхөн гадаадад хэрхэн суралцах вэ гэдэг сэдвээр хязгаарлагдаагүй өөр өөр чиглэлийн үйл ажиллагаанд бас төвлөрч байсан болохоор эхэндээ залууст таниулахад хүндрэлтай байсан. Гэхдээ уйгагүй хичээж зүтгэсний хүчинд залуус маань бидний хийж байгаа, хийх гэж байгаа зүйлсийг ойлгож дэмжээд анх эхэлж байснаа бодоход одоо маш олон хүмүүст танигдаж чадсан гэж би бодож байна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх