Ж.ЧИНБҮРЭН: ЭМГҮЙ ЭМЧ БОЛ БУУГҮЙ АНЧИНТАЙ АДИЛ...

Эрүүл мэнд Admin Галаа 2018 02 сар 11 1545

Элэгний хорт хавдраар шаналж буй олон хүмүүсийн сэтгэлд итгэл найдварын гэрэл асааж, тэдний төлөө ажил амьдралынхаа дийлэнх цаг хугацааг зориулж яваа Хавдар судлалын үндэсний төвийн захирал, доктор, профессор Ж.Чинбүрэн эмчээр Монголчууд бид бахархахгүй байхын аргагүй. Монгол дахь элэгний оношилгоо, эмчилгээ, хагалгааны хамгийн эрэлттэй эмч түүнийг энэ удаагийнхаа зочин хойморт урьж, ярилцлаа.

  • Юуны өмнө танд хоёр удаа баяр хүргэх нь зүйтэй болов уу. Нэгдүгээр Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүн болсонд, хоёрдугаарт элэг шилжүүлэн суулгах маш хүнд хагалгааг амжилттай хийж гүйцэтгэсэнд...

Баярлалаа. Энэ бүгд ганц миний биш манай бага хамт олон, “алтан гар”-тай, ур чадвартай эмч нарын минь л ач гавьяа шүү дээ. Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүн гэдэг бол цол юм. Энэ нь мэс засалч хүний хувьд нэр хүндийн асуудал байдаг. Надад энэ шагналыг олгооч ээ гэж хүсэлт тавьдаггүй, Удирдах зөвлөл нь хуралдаад шийддэг. Докторын зэргийн өмнө бичигддэг цол шүү дээ. Бүхий л эмч нарын авахыг хүсэж, мөрөөддөг цол. Их баяртай байна.

  • Хагалгаанд орсон хоёр хүний биеийн байдал ямар байна вэ?

Сая манай эмнэлгийн захирлын зөвлөлийнхөн уулзаад ярьж байлаа. Би энэ хагалгааг хийхийн тулд нэр хүнд, албан тушаал, баг хамт олон, сэтгэл зүрх гээд бүхий л зүйлээ дэнчин тавьсан. Яагаад гэвэл олон нийтээс энэ хагалгааг биднийг амжилттай хийнэ гэсэн маш их хүлээлт итгэл байсан. Тэр нь төдий чинээгээр надад маш том дарамт, асар өндөр хариуцлага болж ирсэн л дээ. Бидэнд алдах эрх байхгүй. Өөрөөр хэлбэл хагалгаа амжилтгүй болох үндэсгүй гэсэн үг л дээ. Ямартаа ч бид эхний даваагаа амжилттай давчихлаа. Гэхдээ тайвшрах болоогүй. Элэг авсан хүн эмнэлгээс гарсны дараа л бид тайвшрах ёстой. Яг өнөөдрийн байдлаар бүх зүйл хэвийн явагдаж байна. Донор маань биеийн байдал нь сайн болж, эмнэлгээс гарсан. Хагалгаа нийт 7 цаг 7 минут, донорын хагалгаа 5 цаг гаруй үргэлжилсэн. Донор болсон 25 настай залуу маш буянтай залуу. Энэ хүүхэд өөрийнхөө амьдралд асар том тодоос тод мөр үлдээлээ. Хүний амь аварснаараа олон хүнд үлгэр дуурайлал боллоо. Цоо эрүүл хүн мэдээж хагалгаанд орох ямар ч шалтгаан байхгүй. Тэгэхээр энэ бол хүнээс их зориг шаардсан үйлдэл л дээ. Элэг авсан хүн элгэндээ хүүхдийн атгасан гар шиг их том хавдартай байсан. Донор элэгнийхээ 60 хувийг өгсөн. Энэ хагалгааг хийхэд судасны байрлал их төвөгтэй байдаг учраас цус алдах магадлал их өндөр байдаг л даа. Гэхдээ бид энэ ямар ч цус алдагдалгүйгээр хийж чадсан. Цус алдалгүй хийх нь тухайн хүний  хагалгааны дараах үе тайван өнгөрөхөд их тустай тулгуур болдог. Хагалгааны явцад их цус алдвал тухайн хүн сэргэх нь удаан байж, хагалгаа удаан үргэлжилж, хагалгааны дараах хүндрэл гарахад нөлөөлдөг. Тиймээс бид энэ асуудлаа маш нухацтай хандсан. Хагалгааг ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар удирдаж хийсэн. Маш ур чадвартай. Мэдээж тийм ур чадвартай болоод л тэр хүнд хагалгааг цус алдалгүй хийж чадна шүү дээ. Тайванаа миний ууган шавь л даа. Хагалгааны үйл ажиллагааг хувааж хийдэг юм. Хамгийн эхлээд донорын хагалгаа хийсэн. Би донорын хагалгааг хийсэн. Яагаад гэвэл хамгийн аюулгүй, алдаа гаргалгүй хийх учраас энэ асуудлыг би хариуцсан. Харин муу элэг авах хагалгааг Э.Тайванбаатар эмч хийсэн. Энэ завшааныг ашиглаад шавьдаа баяр хүргэмээр байна. Манай баг үнэхээр сайн ажиллаж чадлаа. Одоогийн байдлаар элэг авсан 42 настай залуугийн бие дажгүй байгаа. Дархлаа дарангуйлах эмчилгээний хамгийн оргил үеээ давж одоо хоолондоо орчихсон байна. Элэг авсан хүнийг 14 хоног тусгай хамгаалалтын өрөөнд 14 хоног хяналтанд байлгадаг одоо энэ хяналтын өрөөнөөсөө гарсан.

  • Мэдээж элэг авсан хүн хагалгааны дараа гам, дэглэм барина. Ер нь хичнээн хугацаанд эмчийн хяналтанд байж, дэглэм барих хэрэгтэй байдаг вэ?

Ер нь дархлаа маш чухал байдаг. Мэдээж хүний эрхтэнг суулгасан юм чинь биетэй нь зохицуулах, тэмцэх асуудал гарна л даа. Тийм учраас донороос илүү элэг авч байгаа хүн асар хянамгай эмчилгээнд орох хэрэгтэй байдаг. Элэгээ тайруулсан хүн хагалгаатай холбоотой ямар нэгэн гэмтэл гардаггүй. Долоо хоногийн дараа л элэг нь хэвийн ажилладаг бол сарын дараа гэхэд хэмжээ нь хуучин шигээ томроод төлждөг. Эрүүл элэг тийм л сайхан байдаг. Харин элэгний хатууралтай, архаг өрөвсөлтэй хүмүүс хагалгааны дараа заавал гам барих ёстой байдаг. Жишээ нь илүүдэл жин, архи байнга уудам, эмийн зохисгүй хэрэглээ нь элэгийг илүү их гэмтээдэг. Тийм учраас архаг өвчтэй хүмүүсийн гам, элэгээ өгсөн хүн хоёр өөр байдаг. Эрүүл элэгээ өгсөн хүн 6 сарын дараа хэвийн байдалдаа бүрэн шилждэг. Шинэ элэг авсан хүн бол асар их гам барих шаардлагатай. Бид хагалгаанд орсон хүнээ сарын дараа эмнэлгээс гаргахаар төлөвлөсөн. Жилийн дараагаас энэ хүн маань ганц, хоёр л эм ууна. Мэдээж таргалж болохгүй, тамирчид шиг биш ч тодорхой хэмжээнд дасгал хөдөлгөөн хийнэ гэх мэтийн гам барих шаардлагатай байдаг.

  • Ийм хүнд, том хагалгааг та бүхэн үнэ төлбөргүй буюу улсын зардлаар хийсэн. Гэтэл хагалгаанд орсон өвчтөн маань өөрийн буруутай үйлдлээс болоод ямар нэгэн хүндрэл үүсэх, цаашлаад нас барвал яах вэ?

Харин тийм учраас бид хагалгаанд орох хүнээ нарийн судалдаг. Энэ хүн хэр их хариуцлагатай хүн бэ, гам барьж чадах хүн үү гэдэг тал дээр нь голлон судалгаа хийдэг. Тухайлбал бид хэзээ ч архичин хүнд элэг суулгахгүй. Яагаад гэвэл эмнэлгээс гараад л архи уучихвал олон хүний хөдөлмөр талаар болж, бүх зүйл дуусна. Тиймээс бид маш нарийн судалж байж хагалгаанд оруулах, эсэхээ шийддэг.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Того 2018 05 сар 30

ХСҮТ-ийн залуу эмч нар, үнэхээр мундаг, чадалтай, мэргэжлийн хувьд гайхамшигтай юм бна лээ, саяхан элэгний хорт хавдартай манай ахад маш хүнд мэс заслыг амжилттаы хийсэн Эмч Тайванбаатар, Дөлгөөн, Батхүү, Халиунаа болон бусад эмч сувилагч нарт маш их баярласнаа илэрхийлье. Залуучуудаа та нарт маш их