НИТХ-ын дарга С.Амарсайхан: Улс төрийн оноо авах байдлаар ажилдаа хандсан нь хариуцлага гэдэг зүйлийн нэр хүндийг шалан дээр унагаад байна


НИТХ-аас санаачлан энэ оны нэгдүгээр сарын 22-нд “Газрын харилцаа” олон нийтлийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Харин өнөөдөр НИТХ-аас нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нар болон дүүргийн НИТХ-ын дарга нарыг оролцуулсан “Газрын харилцаа” сэдэвт хурал, зөвлөгөөн боллоо.

Нийслэл дүүргийн газрын албад өнгөрсөн нэг жилийн хугацаанд 34949 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авсан. Үүнээс 30 мянга гаруйг нь шийдвэрлэжээ. Харин 4249 өргөдөл, гомдол нь шийдвэрлэх шатандаа явж байгаа аж. Дээрх өргөдөл, гомдлыг нь ангилж үзвэл 28 хувийг нь газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах, 25 хувийг нь эрх шилжүүлэх, 16 хувийг нь зориулалт, талбайн хэмжээг өөрчлөх, 10 хувийг нь эрх баталгаажуулах, 10 хувийг нь газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх, 11 хувийг нь гэрээ, гэрчилгээ нөхөн авах, барьцаа бүртгэх, хасуулах үйлчилгээ авах хүсэлт эзэлж байна.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Энэ оны нэгдүгээр сарын 22-нд “Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлэгт 520 гаруй өргөдөл, гомдол ирүүлсэн. Бид өнгөрсөн хугацаанд иргэдээс ирсэн гомдол, саналыг ангилсан. Нийслэлийн газрын албатай холбоотой тэрхүү өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэхээр өнөөдрийн хурал, зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Нийслэлийн ажлын албанд нийт 521 өргөдөл, гомдол ирсэн. Үүнээс газар эзэмших, өмчлөхтэй холбоотой маргаан ихэнх хувийг эзлэж байна. Иймд иргэдийнхээ асуудлыг шийднэ гэж амлалт өгөөд сонгогдсон, төрийн албыг мэргэжлийн өндөр түвшинд сахина гэж тангараг өгсөн бол энэ ажилдаа идэвхитэй оролцох хэрэгтэй гэдгийг дүүргийн иргэдийн хурлын дарга нар анхаарч ажиллаарай. Иргэдийн гаргасан гомдол дунд газар эзэмших, өмчлөх хүсэлтийг хуулийн хугацаанд шийддэггүй, газрын гэрчилгээ давхардан гаргадаг зэрэг ажилдаа хариуцлагагүй хандсан, ёс зүйгүй ханддаг зэрэг гомдол их ирж байна” гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх