ЖОЛООЧ НАР 1650 ТӨГРӨГӨӨР ГЭРЛИЙН ТУСГАЛАА СОЛИУЛНА


      Монгол улс 1990 оноос өмнө зөвхөн зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл ашигладаг байсан юм. Харин 1990 оноос хойш зах зээлийн үе эхэлж, гадаад, дотоодоос олон төрлийн машин оруулж ирэх болсноор жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд оролцож буй  нийт авто машины  70 хувь нь буруу талдаа хүрдтэй, харин үлдсэн хувь нь зөв талдаа хүрдтэй байна.

       Манай Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зэрэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүдэд замын хөдөлгөөнийг зорчих хэсгийн баруун гар талаар явуулахаар хуульчлан тогтоосон байдаг ч тээврийн хэрэгслүүдийн жолооны хүрдний байрлалыг тодорхой зааж өгөөгүйн улмаас уг дүрэм, журамд нийцээгүй баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинууд дийлэнх хувийг эзлэх хандлагатай болоод байна. Түүнээс гадна манай гэрлэн дохио хүртэл мөн л зөв талдаа байхад чиглэгдсэн. Гэтэл бүх жолооны курсууд зөв талдаа буюу зөвхөн зүүн талдаа жолооны хүрдтэй машинаар дадлага хийлгэдэг. Тэгэхээр бид зүүн талдаа жолооны хүрдтэй машин барьж сурчихаад баруун талдаа хүрдтэй машин унадаг гэсэн үг. 

Энэ гажуудлаас болоод жолооч нар осол аваар гаргах эрсдэл өндөр байдаг. Тухайлбал шөнийн цагаар гарч байгаа зам тээврийн осолд баруун  гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нөлөөлдөг байж болзошгүй ба 18:00-00:00 цагуудад  гарсан осол дийлэнх хувийг эзэлсэн тоон үзүүлэлт байдаг. Иймд Монгол улсад ашиглагдаж байгаа баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж зөв тусгалтай болгох зайлшгүй шаардлага гарч байгаа юм.

Энэ онд Авто тээврийн үндэсний төвөөс 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх бөгөөд үлдсэн тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг жил жилээр төлөвлөн хэрэгжүүлэхээр болсон байна. Иргэд, жолооч нар автомашиныхаа тохиргоог хийлгэсэн талаарх мэдээллийг автомашины салхины шилэн дээр наалт хийнэ. Ингэснээр автомашинаа үзлэгт хамруулж, гэрлийн тохиргоогоо хийлгэсэн эсэхэд хяналт тавих юм. Тус ажлыг хийж хэрэгжүүлэхэд АТҮТ өөрийн хөрөнгөөс 229 сая төгрөг зарцуулсан бөгөөд дээрх тохиргоог хийлгэхэд жолоочоос 1650 төгрөг шаардагдах аж. Жолооч нар автомашины их гэрлийн тохиргоогоо хийлгэхдээ өөрийн оршин сууж буй аймаг, дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд хандаж хийлгэх боломжтой. Мөн өнөөдрөөс АТҮТ-өөс баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгалыг өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулахгүй, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэхгүй байх техникийн шийдлийг олж, энэхүү ажлыг орон даяар эхлүүлээд байна. Энэ мэдээж олон улсын стандартыг дагаж буй үйл явдал юм. Дэлхийн  өндөр хөгжилтэй улс орнууд яагаад зөв талдаа жолооны хүрдтэй машинаар хөдөлгөөнд оролцохыг шаардаад байдаг нь олон шалтгаантай. Орон зайн баримжаа жолооны хүрднээс их хамаардаг нь судалгаанаас тогтоогдсон байна. Буруу талдаа жолооны хүрдтэй машинтай явж байхад гүйцэж түрүүлэх үйлдэл хийх түвэгтэй, эрсдэл дагуулдаг. Мөн баруун, зүүн талдаа жолооны хүрдтэй машинуудын гэрлийн тохиргоо нь өөр өөр байдгаас шөнийн цагаар осол гарах нөхцөл бүрддэг гэв. Энэ мэтчилэнгээр зөв, буруу талдаа жолооны хүрдтэй машинуудыг нэг зам дээр хөдөлгөөнд оролцуулах нь харшилдах зүйл олонтой байдаг байна.

Эх сурвалж: setguulch.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх