УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАР "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦААЧИН"-Д ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА


Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 31-ний хуралдаанаар Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг тодруулсан. 2017 оны тахиа жилд салбартаа манлайлсан Улсын аваргуудын шагналыг энэ өдрүүдэд гардуулж байна. Энэ дагуу УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар энэ сарын 8-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаж, Улсын тэргүүний цаачинд шагналыг нь гардууллаа.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн цаачин Чулуу овогтой Батбаярт “Улсын тэргүүний цаачин”-ы энгэрийн тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа. Ч.Батбаяр өнгөрсөн онд 150 цаа буга тоолуулж, хамгийн их цаа буга тоолуулсан үзүүлэлтээр анхны “Улсын тэргүүний цаачин” цол хүртэж байна.

Тэрээр 2015 онд сумын аварга цаачин, 2016 онд аймгийн аварга цаачин цол хүртсэн юм.

Цаа буга ихэрлэх тохиолдол ховор байдаг бөгөөд тэдний хотонд өнгөрсөн жил 3 ихэр хугаш төрсөн байна. Нас гүйцсэн эр цаа бугыг этэр, уналга ачлагын цаа бугыг зарь, эм цаа бугыг мянджиг, төлийг хугаш гэж нэрлэдэг.

Цаа бугын тоо толгой 1994 онд 400 гаруй тоо толгойд хүрч цөөрсөн бол одоо 2159 хүрч өссөн байна.


Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх