“Юта Жазз” арав дараалан хожлоо


NBA-ийн “Юта Жазз” баг домогт хослол К.Мэлоун, Ж.Стоктон нарын үеэс хойш гурван удаа 10 буюу түүнээс дээш дараалсан хожил байгуулжээ. Солт Лэйк хотын баг 2008 онд 10, 2009 онд 12 дараалан хожсон бол энэ улирлын сүүлийн арван тоглолтондоо дараалан хожоод байна.

Энэ хугацаанд “Детройт Пистонс” 98:95, “Торонто Рэпторс” 97:93, “Голден Стэйт Уорерз” 129:99, “Финикс Санс” 129:97, “Сан Антонио Сперс” 120:111, 101:99, “Нью Орленс Пеликанс” 133:109, “Мемфис Гризлес” 92:88, “Шарлотте Хорнетс” 106:94, “Портлэнд Блэзерс”-ийг 115:96-гаар тус тус хожсон юм.

Дээрх багууд дунд 2015, 2017 оны лигийн аварга “Голден Стэйт”, 2014 оны лигийн аварга “Сан Антонио Сперс”, энэ улиралд дорнод бүсийг тэргүүлж буй “Торонто Рэпторс” байгаа нь “Юта Жазз”-ийн чансаа харагдаж байгаа аж.

Юта мужийн багийн дасгалжуулагч К.Шнайдер 2014 онд энэ албанд томилогдсон. Эхний хоёр улиралдаа плей-оффт шалгарч чадаагүй ч өнгөрсөн улиралд 82 тоглолтоос 51 хожил авч бүсийнхээ тавд бичигдсэн. Улмаар плей-оффын эхний шатанд “Лос Анжелес Клипперс”-ийг долоон тоглолтын эцэст буулган авсан ч хоёрдугаар шатанд “Голден Стэйт Уорерз”-д 4:0-ээр бут ниргүүлсэн.

Тус баг энэ сарын үлдсэн тоглолтуудад тавиас дээш хувийн ялалт байгуулбал К.Шнайдер сарын шилдэг дасгалжуулагч болох магадлал өндөр байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх