Олимпийн одод: Евгений Плющенко


ОХУ-ын нэрт уран гулгагч Олимп, Дэлхийн аварга Евгений Плющенко 1982 оны арваннэгдүгээр сарын 3-нд хуучнаар Зөвлөлт холбоот улсын Хабаровск мужид төржээ. Тэрээр дөрвөн настайгаасаа мөсөн коток дээр гулгаж 11 настайдаа анхны багш Алексей Мишинтэй учирч алдарт тамирчин болох замнал нь эхэлсэн байна.

Тухайн үед Мишин чадварлаг дасгалжуулагч байсан учир Олимп, Дэлхийн аварга Алексей Ягудин түүний удирдлагад бэлтгэлээ хийж байжээ. Хожмоо уран гулгалтын дэлхийн шилдэг тамирчид болсон Ягудин, Плющенко хоёр энэ үеэс хоорондоо өрсөлдөж эхэлсэн гэдэг. Ингээд 2002 оны Солт-Лейкийн Олимпийн наадамд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын хоёр уран гулгагч алт, мөнгөн медаль хүртэхэд А.Ягудин түүний өмнө гарч чаджээ. Олимпийн аварга цолоо нутаг нэгт анддаа алдсан Плющенко бэлтгэл сургуулиа эрчимтэй хийж өөрийгөө ялан дийлж, гагцхүү Олимпоос алтан медаль авах зорилготой байлаа.

2002-2006 оны хороонд Плющенко Дэлхий болон тивийн хошой аварга болж “Турин-2006”-д оролцох эрхийг авчээ. Ингээд Турины мөсөн талбайд эрэгтэйчүүдийн өрсөлдөөн эхэлж Швейцарын Стефан Лэмбелл, Канадын Жеферри Батли зэрэг шилдгүүдийг ардаа орхиж хүсэн хүлээж байсан Олимпийн алтан медалиа энгэртээ зүүсэн түүхтэй. Үүний дараа Ванкуверын наадамд Плющенко аваргаа хамгаалах зорилгтой оролцсон ч АНУ-ын Иван Лиасчек түүний өмнө гишгэсэн байна. ОХУ-ын алдарт гулгагч маань мөнгөн медаль хүртсэн бол Японы Дайшику Такахаши хүрэл медаль хүртжээ.

Евгений Плющенко эх нутагтаа болсон "Сочи-2014" олимпийн наадамд уран гулгалтын эрэгтэй ганцаарчилсан төрөлд оролцох эрхийн төлөө мөсөн талбайн шилдгүүдийн нэг Фигурист Ковтунтай өрсөлдөж, илт давуу байдлаар ялсан.

Сочид хөгжөөн дэмжигчдээ гомдоолгүй багийн төрөлд алтан медаль энгэртээ зүүж, дөрвөн Олимп дараалан медаль хүртсэн уран гулгагч болов. Багийн төрөл анх удаа өвлийн Олимпийн хөтөлбөрт багтсан бөгөөд ОХУ-ын шигшээд Евгений Плющенкогоос гадна В.Липницкаяа, М.Транков, Э.Боброва, Н.Катсалапов зэрэг арван уран гулгагч орсон. Багийн төрлийн мөнгөн медалийг Канад, хүрэл медалийг АНУ хүртсэн түүхтэй.

Йинхүү Плющенко уран гулгалтын спортоор хичээллэж эхэлснээс хойш Дэлхийн хамгийн шилдэг эрэгтэй гулгагч болж чаджээ. Тэрээр 1996 онд анх ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд 6-р байр эзэлснээс хойш Олимпийн их наадмаас 2006, 2014 онд алт, 2002, 2010 онд мөнгө, Дэлхийн аваргаас 2001, 2003, 2004 онуудад алт, 1999 онд мөнгө, 1998 онд хүрэл, Европын аваргаас 2000, 2001, 2003, 2005, 2006, 2010, 2012 онуудад алт, 1998, 1999, 2004 онуудад мөнгө, ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнээс 10 алт, 1 мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн бусад Олон улсын чанартай тэмцээн уралдаануудаас 30 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж ОХУ-ын нэрийг дэлхий дахинд цуурайтуулж чадсан алдарт тамирчин юм.

Тэрбээр 2010 оны Олимпийн наадамд оролцсны дараа жил гаруй их спортоосоо завсарласан. Харин түүний мөсөн талбайд эргэн ирэх гол шалтгаан нь мэдээж Олимпийн аварга цолыг эх нутагтаа дахин хүртэх байсан. Олимпийн алтан медаль гэдэг тамирчин хүнд ямар үнэтэй зүйл болохыг манай ард иргэд 2008 онд харсан билээ. Бас нэгэн гайхалтай зүйлийг дурдахад ОХУ-ын нэрт волейболч Екатерина Гамовагаас сэтгүүлч “та өөрийн авсан бүх медалудаа Олимпийн алтаар сольж чадах уу” гэж асуухад, би эргэлзэх юмгүй Олимпийн алтан медалиар бүх медалиа солино, яагаад гэвэл Олимпийн наадамтай эн зэрэгцэх тэмцээн гэж үгүй хэмээн хариулж байсан. Екатерина Гамова бол өнөө цагийн хамгийн шилдэг эмэгтэй волейболч билээ. Тэрээр 2000, 2004 оны зуны наадмаас мөнгө, 2006, 2010 оны дэлхийн хошой аварга, дэлхийн цом, гран-при, тивийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж гагцхүү Олимпийн алтан медаль хүртэж чадаагүй аж.

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон Олимпийн наадмын аварга цол гэдэг ийм л үнэтэй зүйл аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх