“Манчестер Сити” өрсөлдөгчөө илт давуу хожлоо


Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2017-2018 оны улирал үргэлжилж байна. Урд шөнө хасагдах шатны тоглолтууд эхэлсэн юм.

Английн “Манчестер Сити” Швейцарьт зочлон “Базель” багийг 4:0-ээр илт давуу хожлоо. Ситигийн Гундоган 14, 53 дахь минутанд дубль хийсэн бол В.Сильва, С.Агуэро нар нэг гоол оруулж, айлын талбайд чухал ялалт байгууллаа. Одоо ирэх сарын 7-нд болох хариу тоглолтонд тэнцэх буюу гурван гоолын зөрүүтэй хожигдоход л шөвгийн наймд үлдэнэ.

Хөлбөмбөгийн түүхэнд 4:0-ээр эхний тоглолтонд хожигдоод хариу тулаанд хожсон ганцхан тохиолдол байдаг. 2016-2017 оны улирлаас өмнө 184 тохиолдол гарахад 4:0-ээр хожсон баг нь дараагийн шатанд шалгарч байсан. Гэтэл өнгөрсөн улирлын шөвгийн 16-д Испанийн “Барселона”-Францын “ПСЖ”-тэй эхний тулаанд 4:0-ээр хожигдоод хариу тоглолтонд 6:1-ээр өрсөлдөгчөө хожиж, шөвгийн наймд үлдэж байв.

Гэхдээ “Базель” Английн багаас чансаа илт дутуу учир “Манчестер Сити” дунд шөвөгт үлдэх магадлал 90 хувьтай болсон. Урд шөнө болсон хоёр дахь тоглолтонд Италийн “Ювентус”-Английн “Тоттенхэм Хотспур” багууд 2:2-оор тэнцлээ. Зочин багаас Х.Кэйн, С.Эрикксон нар гоол оруулсан бол “Хуучин ноёд”-оос Г.Игуаин хоёр гоолыг эсрэг багийн хаалганд хийсэн. Энэ хоёр багийн хариу тоглолт ирэх сарын 7-нд Лондон хотод болно.

Өнөө шөнө “Аваргуудын лиг”-ийн бага шөвөгт оноолт таарсан Английн “Ливерпуль”-Португалын “Порту”, Испанийн “Реал Мадрид”-Францын “ПСЖ” багуудын эхний тоглолт явагдана.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх