БИТҮҮЛЭХ ЁС


Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуй байдгаас үүдэн “лавай” хэмээх өвлийн адаг сарын, буцаж байгаа буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ.

Лавай гэдэг нь өвлийн адаг сар юм. Монгол хүн битүүний өдрөөс өмнө хуучин өр авлагаа дуусгадаг заншилтай. Хүн амьтнаас зээлсэн мөнгө зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгч, урьд хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзан учирч, эв эеэ засдаг. Лавай сарын 29-нд айл хотлоороо бурхан шүтээнээ тахиж, гэр орныхоо тоос шороог гүвж, утаа хийг цэвэрлэн, хог буртгийг нь цэвэрлэн цэмцийлгэдэг.

Эмэгтэйчүүд нь өдөр исэг цагаагаа бэлтгэж, үдээс хойш ширээндээ идээ будаагаа тавина. Эрэгтэйчүүд хүлэг сайн морьдоо барилж, хур дэлийг нь сумлан засч, тоног баавар нь гялалзсан шинэ эмээлээ зэхдэг. Битүүний орой өрхийн тэргүүн хонь малаа хотлуулаад гэрийнхээ баруун тотгон дээр цагаан чулуу, цэвэрхэн мөс тавьдаг. Зүүн тотгоныхоо дээр өргөст харгана тавих заншилтай. Мөсийг нь Лхам бурханы унааг услана гэж тавьдаг бол цагаан чулуу нь сайн зүгийн сахиусны эздийг гэртээ орох үүд хаалгыг нээж байгаа хэрэг юм. Өргөст харгана нь муу зүгийн ад чөтгөрийг хорлолыг хаахын бэлгэдэл аж.

Битүүний орой идээнийхээ дээжийг бурхан тахилдаа тавьж, галдаа өргөсний дараа гэрийн эзэнд цайныхаа дээжийг аягална. Тавиас дээш настанд сархад хүртээдэг ёстой. Битүүний зоог эрүүг нь заагаагүй хонины толгой юм уу, өвчүү байдаг. Битүүний орой махаа чанаж, бууз жигнэж, банш чанаж, шөлний будаа хийж, бууз, баншнаасаа айлуудад битүүлэг хэмээн хүүхдээр хүргүүлдэг.Битүүний идээ будаагаа идэж уусны дараа үлгэр тууль ярихаас хэлээд, шагайгаар алаг мэлхий өрөх, морь тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, тэмээ цохих булга нуух, хорол зэндмэн зэрэг тоглоом тоглодог.

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх