Жилд 500 хүүхэд "Интернэт донтолт"-ын эмчилгээ хийлгэж байна


Цахим зоопаркийн амьтад

Хүмүүс анхандаа “байгалийн амьтан” байсан бол аажимдаа Аристотелийн хэлснээр “нийгмийн амьтан” болсон билээ. Гэтэл одоо Томас Л.Фрийдманы хэлсэнчлэн “Дэлхий бөөрөнхий биш” болж, хүмүүс “Цахим хүрээлэнгийн амьтад” болжээ.

Усгүй байж чаддаггүй байсан хүмүүс яваа яваандаа утасгүй, интернэтгүй байж чадахгүйд хүрэх бололтой. Хүн болгон шахам интернэт хэрэглэж, бараг айл бүр модемтой болчихжээ. Харанхуй бүдүүлэг байдал хөдөөд халагдаж, жирийн нэг малчин хонио хариулж яваад фэйсбүүкддэг болж. Соёлын давалгаа хот, хөдөөгүй өрнөж, мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч байгаа нь сайхан хэрэг. Гэхдээ сайнтай, муутай амьдралын жамаар учир дутагдалтай цаашилбал уршиг, балагтай зүйл их байна. Чих халууцуулсан болж, бүтэхгүй, бузар булай, бохир зүйлс бүгд л цахим ертөнцөөр дамжин үйлдэгдэж эхэллээ. Хүн хулгайлах, айлгаж дарамтлах, нэр төрд халдах, залилан луйвар хийх, тархи угаах, садар самуунд уруу татах гээд л уртаас урт хар жагсаалт үргэлжлэх болно. Гэвч эдгээр гэмт хэрэг гарах үндэс суурь нь интернэт, цахим сүлжээ хэдий ч хамгийн гол буруутан нь харамсалтай нь хохирогч буюу хүн өөрөө юм. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэгчлэн тэр хүн өөрөө л цахим хуудас ашиглаагүй бол юу гэж гэмт хэргийн золиос болох билээ. Хэн нэгэн танихгүй хүнээс танилцах хүсэлт ирвэл хүлээж авахгүй, хувийн амьдралын үйл хөдлөл болгоноо түмэн олонд нэгбүрчлэн дэлгээгүй бол ангууч этгээдийн аманд орохгүй нь тодорхой.

Монголд цахим чиглэлийн хууль, дүрэм, ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлбэр, авах арга хэмжээ нэн шинэ бөгөөд нэн ойлгомжгүй. Дэлхийн техник, технологийн хурд манай улсын хөгжлийн хурд хоёр ёстой нөгөө “үхэр тэргээр туулай гүйцэх үлгэр”-ийн дайтай яваа шүү дээ. Гэтэл манай өмнөд хөршид цахим ертөнцийн донтолтын өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд зориулсан зуслан байдаг бол хойд хөрш өнгөрсөн жил зөвхөн энэ төрлийн сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эмчилдэг хоёр ч эмнэлгийг байгуулсан. Харин манайд Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг гэж байдаг ч хэрэг мөрдөх явц нь үнэндээ л өрөвдмөөр, хоцрогдсон арга барилтай гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Тэр ч битгий хэл манайд интернэт ертөнцтэй холбоотой эрхзүйн зохицуулалт огт байдаггүй. Ер нь яагаад бид facebook, wechat, instagram, twitter, snapchat гэх мэт гадны цахим хуудсуудыг ашиглах ёстой гэж. Манайд цахим хуудас хийх чадвартай программын инженер цөөнгүй бий. Гагцхүү төсөв хөрөнгийг нь улсаас шийдээд өгчих хэрэгтэй. Мэдээж цахим хуудастай болсон нөхцөлд эрхзүйн зохицуулалт нь дагаад хийгдэнэ.  Гадны улсуудад, тэр дундаа өндөр хөгжилтэй орнуудад цахим сүлжээний тухай хууль нь маш чанга байдаг.

Бид том, багагүй хийсвэр ертөнцийн илбэ, шидэнд донтож байна. Монгол Улсад интернэтийн дундаж хэрэглээтэй нэг хүн өдөрт 20-25 төрлийн интернэтэд суурилсан үйлчилгээнд тогтмол хандалт хийж сард дунджаар 3-5GB дата ашигладаг бол 2015 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 2.430.159 интернэт хэрэглэгч бүртгэлтэй байна гэж Харилцаа, холбооны зохицуулах хороо мэдээлжээ. Манай улсад одоогоос 11 жилийн өмнө анх удаа интернэтэд донтсон хүүхэд бүртгэгдэж, улмаар эмчлүүлж байсан бол 2011 онд 50, харин 2016 онд 200, болж өссөн бол 2017 онд 500 болтлоо хурдацтай өссөн байна. Ихэвчлэн 10-18 насныхан өвчилдөг аж. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдүүдээ багаас нь цахим сүлжээний зохистой хэрэглээнд сургах хэрэгтэй.

Интернэтэд 10-20 минут суудаг хүн тун ховор. Та өглөө болгон ажилдаа ирээд цахим хуудсуудын хэрэгтэй, хэрэггүй, хов живийг бүгдийг нь уншиж дуусгаж байна уу. Цахим хаягаа онцын шаардлагагүй байсан ч байн байн шалгаж, хэн нэгэн фэйсбүүк рүү чинь найзын урилга явуулчихсан юм шиг санагдаад байна уу. Офлайн үед дотор чинь давчдаж, онлайн болмогц уужраад явчихаж байна уу. Танд ийм шинж илэрч байвал интернетийн донтогч болж байна гэсэн үг. Ингэж цахим донтон болохгүйн тулд та өөрөө л хичээж, үр хүүхэд, найз нөхөд, хамт олондоо уриалах хэрэгтэй. Мэдээлэл авах, ажил хэргээ зохицуулах, найз нөхөдтэйгээ холбогдох, сурталчилгаа, худалдаа явуулах гэдэг бол өөр хэрэг.

Интернетэд үргэлж сайн, сайхан зүйл байдаггүй. Тэглээ гээд бид интернет хэрэглэхгүй байх аргагүй. Харин ухаалаг хэрэглээнд суралцах хэрэгтэй болж. Хүмүүс интернэттэй холбогдсон төхөөрөмжийн ард суумагцаа л ухаанаа алдаж, өөрийгөө сүлжээнээс “татан гаргах” чадалгүй болдог. Энэ донтолт нь хүний гэр бүлтэйгээ өнгөрөөх цагийг булааж, харилцааг хүйтрүүлж, улмаар ажлын бүтээмжид нь сөргөөр нөлөөлж, стресстүүлж, мэдрэлийн ядаргаанд хүргэдэг байна. Ийнхүү интернэтгүй бол өдрийг зүгээр өнгөрөөж чадахгүй байдалд хүрснээр та цахим зоопаркийн амьтан болж хувирах ажээ.

Интернэтэд донтох өвчнөөс хагацах хамгийн үр дүнтэй арга нь ямар нэгэн дуртай спортоор уйгагүй хичээллэх явдал юм. Түүнчлэн цахилгаан, электрон зүйлсээс өөрийгөө бүрмөсөн тусгаарлаж, байгалийн сайханд аялах, нам гүм тайван орчинд амрах шаардлагатай гэнэ. Манай орны хувьд бол хөдөө малтай газар хэдэн сараар байх нь их л тустай байх нь.

С.Мөнхжаргал

 

 

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх