“ЛАРЬДМА” 2 БУЮУ “АМЬДРАЛ” УСК-НЫ НЭЭЛТЭЭС...


Гэр бүлийн хүчирхийлэл, “хөшиг”-ний цаадах бүсгүйчүүдийн “хар дарсан” амьдралыг дэлгэцнээ дэлгэн харуулсан, бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Ларьдма” кино 2013 онд нээлтээ хийж байсан билээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа л кино шүүмжлэгч болон үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан уг киноны хоёрдугаар анги болох “Амьдрал” уран сайхны кино дөрвөн жилийн дараа ийнхүү нээлтээ хийлээ.

Уг кино нь “Dharma” фильм мөн “Логик” фильм, “Сан пикчурес”-ын хамтын бүтээл юм. Киноны Ерөнхий найруулагчаар “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Цагаан хадаг” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ үзэгч олны хүндэтгэлийг хүлээсэн найруулагч Ж.Сэнгэдорж ажиллажээ. Мөн кино зохиолыг Т.Номуунзул бичиж, гол дүрд жүжигчин, СТА Д.Пүрэвсүрэн, СТА, жүжигчин Б.Навчаа, СТА, жүжигчин С.Болд-эрдэнэ, Э.Мөнхтөр  нар тоглосон байна.

Ойд төөрөөд сураггүй алга болсон хүүгээ хайж, нэг ч хором амар тайван сууж чадахгүй, нулимс унаган шаналж яваа бүсгүйн цөхрөлөөр эхэлдэг тус киног та бүхэн “Лардьма” киноны хоёрдугаар анги гэж ойлгож байж магад. Гэвч өмнөх киноноос тэс өөр үйл явдал, дүрүүд, өөр нэгэн бүсгүйн амьдралыг харуулснаараа онцлог юм. Энэхүү киноны үйл явдал чухам хэрхэн өрнөхийг  үзэгч таньд нууц хэвээр үлдээе. Харин кино нээлтээс хийсэн фото сурвалжлагаа хүргэж байна.

СТА жүжигчин продфсер Б.Навчаа:

Орчин үеийн залуучууд хожиж, хожим нь өөрт нь юу ирэхийг мэдэхгүйгээр хэтэрхий задгай явж байна. Энэ үүднээс үйлийн үрийн төлөө дуугарах цаг нь болсон гэж бодоод энэхүү уран бүтээлээ хийлээ. Хоёр жилийн өмнөөс санаагаа гарган нэг жилийн хугацаанд зураг авалт үргэлжилж дууслаа. Мэдээж  “Амьдрал” уран сайхны кино бүх кино театруудаар гарна. Үзэгчид үзээд ямар дүгнэлт өгөхийг би мэдэхгүй.

Д.Пүрэвсүрэн бид хоёр хамтраад “Dharma”  кино компани байгуулж, хоёр жилд нэг удаа кино хийх төлөвлөгөөтэй байна. Бид хоёр бие биеэ сайн ойлгодог учраас цаашдаа сайн гар нийлнэ гэж бодож байна. Гэхдээ заавал бид хоёр гол дүрд нь тоглоно гээд байхгүй. Миний хувьд өмнө хийсэн бүтээлээсээ давж хийнэ.

СТА, жүжигчин Д.Пүрэвсүрэн:

Би энэ кинондоо арван жилийн охин, оюутан, нөхөрт гарсан эмэгтэй гэх мэтчлилэн маш олон янзын дүрд хувирсан. Олон дүрд хувирахад нүүр хувиргагч н.Шүрэнчимэг маань маш сайн ажилласан. Энэ кино бол үйлийн үрийн тухай харуулсан кино. Би үйлийн үр байдаг гэдэгт итгэдэг. Ер нь хүмүүс үйлийн үр гэхээр муу талаар бодоод байдаг. Энэ бол өрөөсгөл ойлголт юм. Та сайн үр таривал сайн л зүйл ирнэ. Хэрвээ муу үр таривал муу үр л ирнэ. Үйлийн үр нь эргэх холбоотой байдаг гэж би боддог.

Зохиолч Т.Номуунзул:

Би зохиол бичихдээ өөрийгөө гол дүрийн оронд тавьж их бодож бичдэг. Энэ зохиолыг бичихдээ сунаж мөргөхөд хэр хэцүү байдаг гэдгийг мэдэхийн тулд 14 хоног өдөр бүр 108  удаа мөргөж үзсэн. Би зохиолоороо үйлийн үрийг голчлон харуулахыг зорьсон. Анх кино зохиолоо бичихдээ гол дүрд Д. Пүрэвсүрэнг тоглоно гэж мэдсэн учраас түүнийг энэхүү дүрийг л гаргах учиртай хэмээн бичсэн.

Кино зохиолч, найруулагч А.Миеэгомбо:

Үйлийн үрийн тухай дуугарах ёстой. Тэгж байж үзэгчдээ өөр юм руу хөтлөх болов уу гэж бодож байна. Утга санааг нь олон шугамаар харуулж, логикийн хувьд наана цаана оруулсан мөртлөө үзэгчдэд тэр бүхнийг ойлгуулж байгаа нь сонирхолтой байлаа. Хүний амьдралын мөн чанар юунд байдаг вэ, гэдгийг бага ч атугай ойлгуулах ёстой юм болов уу гэж бодож байна. Киноны найруулга, зохиол маш сайхан болсон байна. Хөгжмийн зохиолч Г.Онон дүрүүдийн дотоод сэтгэлийг илэрхийлсэн хөгжмийг гоё олж гаргасан гэж санагдлаа. Манайхны хийж байгаа арилжааны киног бодвол илүү даацтай бүтээл боллоо гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Шар айраг хамтлагын дуучин Г. Ганхүү

Их олон зүйлийг бодогдуулсан гайхалтай уран бүтээл болсон байна. Сэнгэдорж найруулагч их зүйлийг бодож хүний сэтгэлийн гүн рүү нэвтэрч чадсан уран бүтээлийг туурвижээ. Ямарч их бороо оров,  Пүүжээ маань ямар их уйлав, биднийг ямар их уйлуулав. Монголчуудаа ирж үзээрэй бас нэгэн ухаарлыг өвөртлөөд гараарай гэж хэлмээр байна.

“Ларьдма” 2 буюу “Амьдрал” УСК-ны нээлтийн зургуудаас...

М.ДАЙРИЙМАА

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх