Т.БАТ-ОРГИЛ: ЧИХРИЙН ЦААС ГЯЛГАР БАЙХ ТУСМАА ДОТОРХ ЧӨМӨГ НЬ ИЛҮҮ ХООСОН БАЙДАГ


“Мөнхийн ус”, “Аж богдын харуул” зэрэг дуугаараа 1990-ээд оны залуусыг байлдан дагуулж явсан Т.Бат-Оргил “Жигүүртнээс дээгүүр” нэртэй анхны уран бүтээлийн цэнгүүнээ тун удахгүй өргөн барих гэж байгаа билээ. Түүнийг хүмүүс Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн зээ, Ардын жүжигчин Н.Сувдын хүү гэдгээр нь илүүтэй мэдэх болов уу.  Урлагийн элит гэр бүлийн гишүүн Т.Бат-Оргилыг энэ удаагийнхаа ярилцлагын зочноор урьж, хувийн амьдрал болоод уран бүтээл, хувь хүнийх нь тухай дэлгэрэнгүй ярилцлаа.

  • Урилгыг маань хүлээж авсан танд баярлалаа. Тоглолт нь болох гээд завгүй л явна уу та...

Баярлалаа. Харин тийм ээ, цэнгүүнээ хийх гээд завгүй л гүйж явна. Би 12 сарын 16-нд “Жигүүртнээс дээгүүр” ном, цомгийнхоо нээлтийг хийсэн. Яг энэ үеэр шинэ жил, цагаан сар таараад нэлээд хугацаа өнгөрчихлөө. Одоо энэ цомог номоо “Эмэгтэйчүүдийн баяр”-ыг тохиолдуулан Монголынхоо бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ зориулж 3-р сарын 8-нд Holiday Inn зочид буудалд бяцхан урлагийн үдэшлэгээр бэлэг барих гэж байгаа юм. Түүнээс нээх айхтар том бие даасан тоглолт энэ тэр бол ах нь хийхгүй шүү. Миний дууг сонсох дуртай хүмүүстэйгээ нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөхөөс гадна ном, цомгоо танилцуулах юм.

  • Та ер нь бие даасан тоглолт хийж байгаагүй байх аа...

Хийж байгаагүй. Харин ах эгч нарынхаа тоглолтонд очиж л ая дуугаа өргөж байсан. Ялангуяа Хуягаа ах болон Б.Сарантуяагийн тоглолтонд очиж их дуулдаг байлаа.

  • Биднийг бага байхад таны дуулсан “Аж богдын харуул”, “Мөнхийн ус” дуунууд залуучуудын дунд ид хит болж байсан. Тэр үед л гэхээс биш таныг нь ер нь тайзан дээр дуулж байхыг ёстой ховор харсан юм байна шүү. Та ихэвчлэн л гитартай амьд хөгжмийн тоглолт болдог газруудад дуулж яваа харагддаг. Магадгүй ингэж явах нь танд илүү таалагддаг уу?

Би өөрөө амьд хөгжмийг шүтдэг. Яахвэ панаграмм дээр дуулж бол болно. Миний хувьд ам барихыг бол байж болшгүй зүйл гэж боддог. Тухайн хүн бичлэг сонсох гэж очоогүй шүү дээ. Амьд тоглолт бол өөрөө хүний сэтгэлийг илэрхийлдэгэг. Үзэгчидтэй сэтгэл зүрхээрээ холбогдож өгдөг үл үзэгдэх учиг долгион үүсгэдэг тэр нь надад их таалагддаг.

  • Таныг ч нээрээ гитаргүйгээр төсөөлөхийн аргагүй шүү. Гитарыг анх хэдэн настайдаа тоглож сурсан юм бэ?

Үнэхээр мундаг гитар дардаг хүмүүсийн хажууд бол ах нь тийм сайн гитар дардаг хүн биш л дээ. Яахвэ өөрийнхөө хэмжээнд л дардаг. Намайг зургадугаар ангид байхад  аав маань орос банзан гитар авч өгч байсан. Тэр үеэс л дарж эхэлсэн дээ. Одоо ч мөн адил оролдоод л явдаг. Энэ тухай номондоо нэлээд дэлгэж хуучилсан байгаа.  Энэ номоо би өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлэх индэр гэж харж байгаа. Жишээлбэл, манай нийгэм ямар болчхоод байгаа, яаж энэ байдлаас гарах вэ, манайд соёлын хувьсгал хэрэгтэй байгаа гэх мэт маш олон зүйлийг тусгаж, хүмүүсийн их асуудаг зүйлүүдийг дэлгэрэнгүй оруулсан байгаа.

  • Тэгвэл таны хамгийн анхны дуу...

“Хардаж би чамайг зовоохгүй"

Хайргүй болсныг чинь ойлгосон”... гээд нэг дуу байдаг. Дараа  нь тэр дуу маань орцны дуу болчихсон л доо/инээв/. Сүүлд харин “Цэцэг” хамтлаг дуулчихсан байсан. Нэг тоглолтон дээр дуулж байхыг нь харчихаад “хөөх” эд нар дуулж байна гэж бодоод баярлаад л өнгөрсөн.

  •  Та одоо чөлөөт уран бүтээлчийн хувиар дуулж байгаа юу эсвэл ямар нэгэн студи пропдакшинд харьяалагддаг уу?

Миний хувьд “Khagan Films” –ын залуучуудтай хамтран уран бүтээлээ хийхээр төлөвлөөд байна. Эд миний төрсөн дүү Т.Мөнх-оргилын найзууд юм л даа.

  • Таныг нээрээ Орос сургууль төгссөн гэдэг байх аа...

Тийм. Би Зөвлөлтийн 1-ээр найман жилийг төгсөөд дараа нь Зөвлөлтийн 14-р сургуулийг дүүргэсэн. Харин дээд мэргэжлийн хувьд МУИС-ын Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Мөн АНУ-д Бизнесийн удирдлагын мастер хамгаалж, бас Төрийн захиргааний мастерийг горилсон.

Сэхээтэн гэдэг жигүүртнээс дээгүүр үзэл юм...

  • Та ном, цомог, мөн цэнгүүнээ ч “Жигүүртнээс дээгүүр” хэмээн нэрлэжээ. Мэдээж утга учир байгаа болов уу?

Байлгүй яах вэ. "Жигүүртнээс дээгүүр" гэж нэг дууны маань нэр л дээ. Үндсэн санаа нь сэхээтний манлайллын тухай. Сэхээтэн гэдэг жигүүртнээс дээгүүр үзэл баримтлалтай, ёс зүйтэй, хэн нэгнээс, олонхоос айдаггүй, манлайлдаг, дагуулдаг байх ёстой. Гэхдээ ном цомгоо энэ дуугаараа нэрлэсэн нь Монголчуудыгаа уриалж байгаа юм. Бид нар ингэж амьдарч болохгүй. Арай илүү томоор бодож сэтгэж, өөрчлөгдөх ёстой. Энэ өөрчлөлтийг зоригтой хүмүүс манлайлах хэрэгтэй байна. Соёлтой, боловсролтой бусдынхаа төлөө гэсэн сэтгэлтэй тийм хүмүүс нэгдэж улсаа өөрчлөх гэсэн санаа юм. Бид нарт тийм боломж нь байна. Би их өөдрөгөөр харж байгаа. Манай улс их өв соёл арвин их түүхтэй. Бид түүхээсээ сурах зүйл их байна. Би өнөө үеийн залуус түүхээ мэдэхгүй байгаад маш их санаа зовдог. Энэ номны зорилго бол залуучууддаа их олон зүйлийн ойлгуулж ухааруулах гэсэн санааг агуулсан. Тэрийн болгон ном сударт бичигдээгүй түүхүүдийг бичсэн байгаа. Би номоо Төрийн шагналт зохиолч, түүхч, доктор Д.Өлзийбаатар гуай, МУСГЗ Б.Долгион, Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Цоодол гуай болон охин  яруу найрагч Ц.Хулан зэрэг олон мундаг хүмүүст уншуулсан.  Тэд “Сайн ном болсон байна. Нэг амьсгаагаар уншаад дуусгачихлаа, их гоё түүхүүдийг шингээсэн байна” гэх мэтээр олон хүн магтаал, сайшаалын үг хэлсэн. Тэгэхээр гайгүй сайн ном болж гэж баярлаж байгаа. Бүгд л “Чи ер нь зохиолч болох ёстой хүн байж...” гэж хэлсэн шүү/инээв/.

  • Та бол Монголын урлагт олон арван жил зүтгэсэн гайхалтай хүмүүсийн үр сад. Урлагийн элит гэр бүлд төрж өссөн хүний бага насыг дурсвал манай уншигчдад сонин байх болов уу...

Миний бага нас байнга л дуу хууранд  хөглөгдөж ирсэн. Өөрөөр хэлбэл би урлагаар хүмүүжиж хүн болсон. Урлагийн ертөнцөд, дэргэд нь, нүдээрээ харж, мэдэрч, ойлгож өслөө. Энэ утгаараа миний амьдрал урлагтай салшгүй холбоотой. Үүгээрээ одоог хүртэл хөглөгдөж байна даа. Мөн аавийн талынхан их сурвалжтай хүмүүс. Ихэнхдээ багш сэхээтэнүүд байдаг. Монголын түүх соёлыг сайн мэддэг, нэвтэрхий толь болсон хүмүүс л дээ. Тэднээрээ би бас их бахархадаг.

  • Таны дууны ая цаанаа л нэг сэтгэлд хоногшим уянгалаг, харин үг нь гүн санаа, энгийн хэллэгтэй байдаг. Энэ магадгүй таны мэдрэмжтэй холбоотой болов уу. Цомгийнхоо тухай ярьвал...

Би бүх дууныхаа ая, үгийг өөрөө бичсэн. Харин хоёр дууны маань аяыг “Оn&Оff” продакшны захирал С.Ононбат найз минь зохиосон. Би цомогоо бэлтгэхдээ дуунууддаа их хариуцлагатай хандаж, бүх зүйлийг ном ёсоор нь хийсэн байгаа л даа. Тухайлбал, зохиогчийн эрхээ бүртгүүлж, бичлэгээ дандаа амьд хөгжмийн зэмсгээр бичүүлсэн. Миний “Цовоо хонгор” дуу МҮОНТ-ын радиогийн алтан сан хөмрөгт бичигдэж үлдсэн байдаг. Монголын 90-ээд оны дуунуудад “Аж богдын харуул” хэмээх дууг оруулсан. Цомогтоо хуучин дөрвөн дуу, шинэ 11 дуу оруулсан байгаа. Бид бичлэгтээ хуучин дуунуудаа шинэчилж бичсэн. Гэхдээ хуучин байдлаас нь нээх их өөрчлөөгүй. Дуунуудын үндсэн бичлэг энд, зарим дууны зэмсгүүдийг Америкт байгаа хөгжимчид тоглож, дууны эцсийн микс, мастерингийг мөн Америкт хийж, CD-г Москвад хэвлүүлж байгаа. Их сонирхолтой төсөл болсон шүү.

  • Дууны клип тун ховор үед таны “Мөнхийн ус”,”Аж богдын харуул” дуунууд клиптэйгээр үзэгчдэд хүрч байлаа. Тухайн үед клип хийх санаагаа хэрхэн төрж байв...

Миний найз С.Ононбатын гавьяа л даа. Тэр хоёр дууны клипийг найз минь санаачилсан. Тухайн үед үнэхээр клип ховор, “Харанга” хамтлагийн “Манан” гэх мэт гарын 10 хуруунд багтахаар л дуунууд клиптэй байсан. Гэтэл барууны дуунууд бүгд л клиптэй байдаг байлаа. Онон бид нар чинь хорин хэдтэй залуучууд. Тэгээд “энэ дуунд клип хийнэ” гээд зориглоод л хийсэн. Тэр клипэнд тоглосон бүх л хүмүүс миний ойр дотны хүмүүс байдаг.

  • Та сүүлд “Мөнхийн ус” дуугаа залуу дуучинтай хамтран дуулсан нь хүмүүст нэлээд хүрсэн шүү...

Надад “Ийм төсөл байна. Амараа гээд залуу дуучин гарч байгаа юм. Та дэмжээд оролцоод өгөөч...” гэсэн санал тавьсан л даа. Миний хувьд их сайхан санагдсан учир дуртай хүлээн авч дуулса. Дуугаа өмнө нь дуулж байсанаас арай уянгын талдаа болгож өөрчилж дуулсан нь хүмүүст их таалагдсан байх л даа.

  • Тэгвэл танд улс төр, урлаг хоёрын чухам аль нь илүү таалагддаг вэ?

Улс төрийг янз бүрийн аргаар хийж болно. Заавал УИХ-ын гишүүн, дарга болж улс төр хийдэг юм биш. Миний үзэж  харж туулсан бүхэн намайг улс төр рүү бус, урлаг руу хөтөлсөн. Урлагийнхан бид монголчууддаа соёлыг түгээх ёстой. Гэвч харамсалтай нь бид нар өнгөрсөн 20 гаруй жил хий үзэгдлийн араас их явжээ. Эдийн засгийн зогсолтгүй өсөлт гэх мэт аар саархан зүйлийн төлөө бүхнээ золиосолсон. Хүн чанар, соёл, урлаг, энэ бүхнээ мартаж, хурдан баяжиж, хүн чанараа үгүйсгэж нэг тийм л өнгө аясаар явж ирсэн. Гэвч энэ бүхний үр дүнд эдийн засаг унадаг юм байна. Яагаад гэвэл соёлгүй, харанхуй байгаа нөхцөлд ямар ч эдийн засаг өсдөггүй. Тэгэхээр улс төрийн хувьсгалаас гадна бидэнд соёлын хувьсгал хэрэгтэй. Бүх салбарт шинэчлэл хэрэгтэй. Одоо Монголд болж байгаа ганц ч салбар алга. Урлаг, спортынхон л амжилт гаргаж байна. Гэхдээ энэ байдал нь надад  их найдвар өгч байгаа л даа. Яагаад гэвэл эдийн  засаг сэргэхээсээ өмнө соёл урлаг нь сэргэдэг юм. Сайн явж байгаа улс үндэстэн бүхэн л соёл, шинжлэх ухаан, урлаг нь өндөр төвшинд хөгжсөн байдаг. Үүнийгээ дагаж эдийн засаг нь хөгждөг. Би зорьсон зорилгоосоо буцаагүй ээ. Харин хийж буй арга минь өөрчлөгдсөн.

  • Та элит гэр бүлд өссөн гэхэд их энгийн хүн шиг санагддаг. Би таныг яагаад тэгэж бодсон гэхээр. Хэдэн жилийн өмнө би оюутан байх үед ээ тантай автобусанд таарч байсан юм л даа. Би тэр үед их гайхаж билээ. Таныг их том жийп машин унаад явдаг байх л гэж боддог байсан юм чинь...

Тийм үү/инээв/. Би тахал мэт нөмөрсөн ноёхон занг хүлээн зөвшөөрдөггүй хүн л дээ. Манайхаас бусад бүх улс оронд олны танил хүмүүс нь зүгээр л энгийн хүмүүс дундаа ороод амьдардаг ш дээ. Бөглөрч ядаж байхад заавал нэг машинаар яах юм бэ. Их энгийн байх хэрэгтэй. Бид нар буддизм гэж ярдаг мөртлөө түүнийхээ агуулгыг нь ойлгодоггүй. Зөвхөн гадна өнгө төрхийг нь хөөцөлдөөд байна. Монголд үнэхээр бурхны шүтлэгтэй хүн байдаг юм уу. Байдаг бол яагаад бурхнаас давж дийлшгүй их зүйл гуйдаг юм бэ. Чи заавал бусдад өөрийгөө зовлонтой байдлаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэггүй шүү дээ. Маш энгийн байх хэрэгтэй. Ер нь хараад байхад хүний гадна чихрийн цаас нь илүү гялгар байх тусмаа доторх чөмөг нь хоосон байдаг. Доторх ертөнц нь хоосон учраас тэрийгээ нөхөх гэж гадна талаа чимж яддаг юм уу даа.

  • Та багадаа ээжийгээ дуурайгаад жүжигчин болох юмсан гэж боддог байсан уу?

Үгүй ээ. Надад жүжигчин болох хүсэл байгаагүй. Харин цэрэг болно гэж боддог байлаа. Гэхдээ бүтээгүй л дээ. Цэрэгт явж чадаагүй. Цагдаад алба хаасан. Ер нь миний амьдрал хэзээнээс  л дуу хуур байсан. Би цэцэрлэгээсээ л дуулдаг, зурдаг хүүхэд байсан даа.

  • Та ээжийнхээ ямар дүрд илүү хайртай вэ?Т

“Хань” УСК-ны дүрд нь илүү их хайртай, бас дуртай. Миний мэдэх ээж бол тэр л дүр. Жаахан байхад, мөн одоо ч тэр дүр л миний зүрхэнд тод үлдсэн байдаг.

Төрийн алба гутамшигтай болчихсон учраас ийм төрд хүчээ өргөхгүй гээд гарчихсан...

  • Та бол зохиолч, дуучин, улс төрч, хөгжимчин, зураач, гээд бүгдийг өөртөө цогцлоосон авьяастай хүн.  Тэгвэл таны дотор чухам аль оршдог юм бол...

Тэрийг би хэлж мэдэхгүй байна. Би зүгээр л монгол хүн. Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй, бүгдээрээ сайхан амьдрах юмсан гэсэн бодолтой. Яагаад ингээд яваад байдаг юм бэ гэхээр би амьдрах аргагүй болчихоод улс төрд орох гээгүй. Мэдээж миний хийх дуртай сонирхдог зүйл дуу дуулах, дуу зохиох, ногоо тарих, уулын дугуйн спортоор хичээллэх, жүдо бөх гээд үнэхээр их. Би тэр болгоноосоо таашаал авч, аз жаргалтай амьдрахыг л хичээдэг. Түүнээс хэн нэгэнд таалагдах гэж хичээдэггүй. Миний ахан дүүс ингэж зовлонтой амьдарч байхад би ганцаараа жаргалтай байж чадахгүй. Хэрхэн яаж хотол олноороо аз жаргалтай амьдрах вэ, гэсэн бодол надад их байдаг. Би төрийн сүлдэндээ тангараг өргөсөн төрийн хүн. Одоогийн байдлаар төрийн алба гутамшигтай болчихсон учраас ийм төрд хүчээ өргөхгүй гээд гарчихсан.

  •  Орчин үеийн залуусын алдаатай оноотой зүйлийг та нэг хэлээч...

Ахмад үеийнхэн илүү алсыг харж чадаагүйгээс болж залуучууд нь хохирч байна. Залуучууд юм сонирхохоо байчихсан, баар цэнгээний газар л сонирхож байна. Ном уншихгүй, хөгжим сонирхохгүй байна. Тэр сонсож байгаа хөгжим нь түр зуурын л зүйл. Гитар төгөлдөр хуурчийн гайхамшгийг мэдрэхгүй байна. Энэ гайхамшгийг мэдрэх хэрэгтэй. Тэгэхээр соёлын хувьсгал энэнээс л эхэлнэ. Гар утас, компьютерт хэтэрхий донтоод байна. Энэ нь айл өрх бүрийн аз жаргалыг булаагаад байгаа юм. Монгол түмэн өөрчлөгдөж байж, Монгол төр засаг өөрчлөгдөнө. Мэдээж гоц сайн хүмүүс гарч ирлээ, гээд ард түмэн дэмжихгүй бол цаашаа явахгүй. Миний зориод байгаа гол зүйл бол Монголчуудыг уриалан дуудсан сэхээтнүүдийн давхарга бий болгох ёстой юм. Монголчууд нэгнээ дэмждэг хайрладаг болсон үед ард түмэн хөгждөг. Төр засаг нь өөрчлөгдөх юм байна гэж ойлгоод байгаа.

  • Нээрээ ч таны хэлдгээр урлаг бол нийгмийг соён гэгээрүүлдэг, хүмүүжүүлж, ухааруулдаг шүү...

Дуу бол хүний зүрхэнд хамгийн хурдан хүрэх дөт зам юм. Кино, театр бол хүний сэтгэлд хүрэхийн тулд цаг хугацаа шаарддаг. Чанартай төрсөн дуу бол хүний зүрх сэтгэлд шууд хүрдэг. Энэ бол дууны увдис. Нэг төрлийн итгэл үнэмшил. Хүн хэцүү үедээ дуу дуулдаг. Дайны үед цэргүүд давшилтад орохдоо дуу дуулдаг байсан. Дуу бол хүмүүсийг араасаа дагуулдаг хөтөлдөг зэвсэг. Тийм учраас би соёлын хувьсгал хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Монгол түмэндээ хүргэх хамгийн дөт зам дуу юм байна гэдгийг мэдэрсэн. Дуу хуураа хэзээ ч орхигдуулж чадахгүй юм билээ. Үг аяаа өөрөө зохиодог энэ төрлийг Бардин стилл гэдэг. Энэ бол учиргүй мундаг чадалтай хоолойгоор хүмүүсийг бишрүүлэх биш юм. Дууныхаа үгээр өөрийнхөө иргэний байр сууриа илэрхийлдэг тийм онцлогтой төрөл юм.

  • Та гэр бүлдээ ер нь хэр их цаг зав гаргадаг вэ?

Би ер нь зав гарах л юм бол гэр бүлдээ зарцуулдаг. Ойрд ажил ихтэй болохоор цаг зав хомс байна. Гадуур бараг явахаа больсон шүү. Хүүхдүүд ээж эмээтэйгээ байх нь надад хамгийн их аз жаргалыг авчирдаг.

  • Тантай ярилцаад суухад их уян зөөлөн хүн шиг санагдлаа. Та ихэвчилэн бүсгүйчүүдтэй найзалдаг шүү дээ. Магадгүй энэ нь таны зөөлөн чанартай холбоотой юу?

Би хар багын л тийм байсан. Жаахан байхад ихэвчлэн охидуудтай тоглоно. Цөөн хэдэн л хөвгүүдтэй найзалдаг байсан. Эмэгтэй хүн бол эрчүүдэд сайн найз байж чаддаг. Эрчүүд энийг өөрөөр хараад байдаг. Би хэн намайг юу гэх бол гэдгээс огт айдаггүй. Багадаа ч тийм байсан. Хүн бурхан боллоо гэж бодоход хэдэн хүн гашуудах вэ, сайндаа л тэр хүнийг 30минут л яриад өнгөрнө. Тэгээд л өөрсдийнхөө амьдралыг хөөгөөд яваад л өгнө. Гэтэл тийм хүмүүсийн төлөө өөрийгөө эвдэх нь зохимжгүй. Харин миний амьдралд хамгийн утга учиртай хүмүүс хэн байна, тэр хүмүүс миний талаар юу гэх нь хамгийн чухал.

  • Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Таны хэлэх үгээр ярилцагаа өндөрлөх үү хоёулаа...

За тэгэе. Ер нь ирээдүй сайхан гэрэлтэй байна. Би тэр гэрэлт ирээдүйд итгэдэг. Монголчууд ухаантай. Сайхан цаг ойртож байна. Одоогоор хүмүүс их бухимдалтай байгаа. Гэхдээ нар гийхээс өмнө харанхуй хамгийн түнэр байдаг . Энэ хэцүү цаг удаан үргэлжлэхгүй. Тийм учраас хамтдаа сайхан ирээдүйг бүтээж чадна.

 

Ярилцсан: М.Дайриймаа

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх