ӨМНӨД ХӨРШИЙН "ТҮРҮҮВЧИНД ОРОХ" ОРНУУДЫН ТООНД МОНГОЛ БАГТЖЭЭ

Дэлхий Admin Галаа 2018 03 сар 12 4400

Олон улсын судалгаа хөгжлийн төвийн судалгаагаар “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд зээл авсан Джибути, Киргизстан, Лаос, Мальдив, Монгол, Монтенегро, Пакистан, Тажикистан зэрэг улс авсан зээлээ төлж чадахгүй гэсэн үр дүн гарчээ.

Тус судалгаанд “Эдгээр найман орон “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд авах зээл нь ирээдүйн улс орных нь хөгжилд хэрхэн нөлөөлөхийг төдийлөн сайн судалж үзээгүй байна. Тиймээс зээлээ төлж чадахгүй байх магадлал өндөр” хэмээжээ.

Өнгөрсөн онд Шри Ланка улс БНХАУ-ын Засгийн газраас зээлсэн нэг тэрбум ам.долларын өрөнд усан боомтоо хүлээлгэн өгсөн

Түүнчлэн БНХАУ хөгжил буурай, эдийн засаг нь тогтворгүй орнуудад зээл олгохдоо олон улсын туршлагаас судалж, гэрээ хэлцэлдээ аль аль талдаа ашигтай нөхцлийг тусгадаггүй учраас чанартай зээлийн хувь бага байдаг хэмээн дурджээ.

Өнгөрсөн онд Шри Ланка улс БНХАУ-ын Засгийн газраас зээлсэн нэг тэрбум ам.долларын өрөнд усан боомтоо хүлээлгэн өгсөн. Үүнтэй адилаар Джибути тун удахгүй боомтоо БНХАУ-ын компанид шилжүүлж өгнө хэмээн эх сурвалжууд мэдээлээд байгаа юм. Тус улсад АНУ-ын цэргийн томоохон бааз байрладаг учир АНУ энэ асуудал, ялангуяа БНХАУ-ын зээл олгодог арга барилд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга БНХАУ-ыг “Бусад хөгжил буурай улсад зээл олгохдоо өөрийн талд хэт ашигтай гэрээ хэлцэл хийж улмаар мөнгө зээлж байгаа талаа ихээр хохироож байна” хэмээн шүүмжилжээ.

Мөн тэрээр Джибути улсын асуудалд “БНХАУ-ын хөрөнгө оруулалт хөгжил буурай орнуудын асуудлыг шийдэж чадах ч хөрөнгө оруулж байгаа арга зам нь шударга бус учраас тэдгээр орон ихэнх тохиолдолд зээлээ төлж чадахгүй байна” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

БНХАУ хөгжил буурай, эдийн засаг нь тогтворгүй оронд зээл олгохдоо бага хүү санал болгодог ч үүний оронд өөрсдөдөө ашигтай олон заалтыг гэрээндээ тусгадаг бөгөөд энэ арга барилыг нь судлаачид “Зээлийн урхи” хэмээн тодорхойлсон байна.

Харин БНХАУ “Нэг бүс нэг зам” санаачилгынхаа үр дүнд өөрсдөө дэлхийн худалдааны тэргүүлэх орон болохоос гадна тус зас дамжин өнгөрөх орнууддаа ч ашигтай учир үүнийгээ “Аль, аль талдаа ашигтай зүйл” хэмээн тодорхойлжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх