ТҮК-ийн ажилчдын бодит амьдралаас...


Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл өвлийн тэсгэм хүйтэн, зуны халуун, бороотой, шороотой, цастай ямар ч цаг үеийг үл харгалзан ажиллаж, их хотыг өнгөтэй, үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байдаг хүмүүс бол Тохижилт үйлчилгээний ажилчид. Бидний хар яриагаар бол гудамж, зам талбайн цэвэрлэгчид...

Тэгвэл биднийг хоггүй, цэвэрхэн гудамжаар явах тэр л боломжийг бүрдүүлдэг хүмүүсийн амьдрал ахуй, цалин хангамж, ажлын нөхцөл байдал бодит байдал дээр ямар байдагыг сурвалжиллаа.

Нийслэлийн тохижилт үйлчилгээний газраас ажилчиддаа тун сайн анхаарал тавьдаг бөгөөд ялангуяа нийгмийн асуудлыг нь хангалттай хэмжээнд шийдэж өгдөг гэдэг. Тухайлбал цалин хөлсийг тогттол олгохын зэрэгцээ илүү цагийн цалин хөлсийг ч тухай бүрт нь өгдөг байна. Түүнчлэн хувцас хэрэгслийг байнга шинэчилж, шаардлагатай гэсэн бүхий л хэрэгслээр хангадаг, мөн баярын нэмэгдэл бодож олгодгоос гадна ар гэрийн амьдралд нь анхаарал тавьж гэр өгөх, Хуримын ордонд хуримыг нь зохион байгуулж өгөх, гадаадад аялуулж амраах зэрэг урамшууллыг үзүүлдэг аж. Тийм ч учраас энэ салбарын ажилтан, албан хаагчид ихэд сэтгэл хангалуун ажил, үүргээ гүйцэтгэдэг юм билээ.

Бид цэвэрлэгч хийдэг гээд ядуу гэсэн үг биш...

Бид бодит нөхцөл байдлыг үнэн зөв хүргэх үүднээс ажлын халуун фронт буюу тохижилт үйлчилгээний ажилтантай уулзаж ярилцсан юм.

Нийслэлийн хот тохижилт 2-р бригадын зам талбайн үйлчлэгч М.Батаа:

-      Сайн байна уу та. Таны ажил өглөө хэдэн цагаас эхэлдэг  вэ?

 Сайн сайн байна уу. Миний ажил өглөө 07:00 цагаас эхлэн орой 17:00 цагт буудаг даа. 

-     Яг тарах цагтаа тарж чаддаг уу?

 Тэгнэ л дээ. Ажил ихтэй үед илүү цагаар ажиллах тохиолдол байдаг. Ажил бага үед бол цагтаа л буудаг. 

-      Илүү цагын мөнгө гэж олгодог уу?

 Илүү цагын мөнгө бодогдоод явдаг. Энэ тал дээр харин ямар ч асуудалгүй шүү.

-     Нууц биш бол та хэдэн төгрөгний цалин авдаг вэ?

Цалин сар сардаа тогтмол ороод л явдаг. Илүү цагаар ажилласан тохиолдолд тэр мөнгө нь цалин дээр нэмэгдээд ордог. Би даатгалаа суутгуулаад гар дээрээ 676 мянган төгрөг авдаг. 

-     Жилийн дөрвөн улирлын аль улиралд нь илүү ачаалалтай байдаг вэ?

Хамгийн ачаалалтай үе бол өвлийн цас ихтэй үед мөн хаврын салхи шуургатай үед л  их хэцүү байдаг. Хог тоос шороо хийснэ гээд л асуудал мундахгүй их л дээ. Аль ч улиралд хүнд байдаг. 

-     Нэг хүн өдөрт ямар хэмжээтэй талбай цэвэрлэх нормтой байдаг вэ?

Нэг хүнд  700 метр талбай цэвэрлэх ёстой байдаг. Энэ хариуцаж авсан талбайгаа өдөр болгон цэвэрлээд л явдаг. Бүгд л хуваарийн дагуу ажлаа хийдэг.

- Тэгэхээр та нар амралтгүй ажилладаг гэсэн үг үү?

Тийм ээ. Амралтгүй ажилладаг.

-     Та цалин мөнгөний тал дээрээ хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

Хангалуун байлгүй яах вэ. Ажилгүй хүмүүс Монголоор дүүрэн л байна. Зүгээр гэртээ суугаад л байвал хэн ч  мөнгө өгөхгүй. Ямар ч ажлыг голохгүй чин сэтгэлээ хийвэл үр шим нь иргээд ирдэг. Залуучууд их ажил голдог болсон байна энэ их буруу шүү. Ажил хүнийг голдог болохоос хүн ажлыг голж болохгүй. Ийм ажил хийдэг гээд ядуу амьдралтай гэсэн үг биш. Хүмүүс буруу ойлгоод байх шиг байдаг. Ажиллах орчин нөхцөл жаахан хүнд л болохоос биш бусдаар сайхан л байдаг. Үргэлж хэцүү байна гэж байхгүй шүү дээ. 

-     Цалин хөлснөөс гадна та нарт хангамж хэр тавьж өгдөг вэ?

Жилийн дөрвөн улиралд хувцсаар хангалттай хангадаг. Ерөнхийдөө сайн байгаа гэж ойлгож болно.

- Хэдээс хэдэн цагын хооронд цайндаа ордог вэ?

Өдрийн найман цагаар бүтэн ажилладаг. Цайны цаг гэж 2 цаг амардаг.

-     Таны бодлоор иргэд хотын соёлд хэр их хүндэтгэлтэй хандаж байна.

Хэцүү л дээ. Наад зах нь л тамхины иш, шүлс, нус гээд... чи харж байгаа биз дээ. Орой цэвэрлчихээд яваад өглөө ирэхэд урьд өдөр нь цэвэрлээгүй юм шиг л байдалтай  байдаг. Хогийн сав байхад л хажууд нь хогоо хаячихдаг бүдүүлэг хүмүүс шүү дээ.  Хүн бүр ийм хандлагатай бол биш. Энэ бол тухайн хүний ухамсрын асуудал гэж боддог. Миний бодлоор залуучууд их гайгүй шүү харин. Дунд эргэм насны хүмүүс л жаахан соёлгүй юм шиг харагддаг. Ахмадууд буюу 50-аас дээш насныхан харьцангүй  гайгүй шүү.

Уучлаарай, та ийм ажил хийдгээсээ ер нь санаа зовдог болов уу?

Юу гэж дээ. Харин ч эх орныхоо цэвэр цэмцгэр байдлын төлөө ажилдлагаараа бахархдаг шүү.

-    Илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье...

Баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье...

 Бэлтгэсэн: М.Дайриймаа

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 03 сар 13

Үнэхээр ТӨК-ийн ажиллагсад сайн ажилладаг шүү. БГД,14 хорооны ТӨК ажилчид өглөө 7 цагаас эхлэн цэвэрлээд сайхан цэмбиилгэтэл гудамжинд архидагсад хүүхэд залуучууд хэдхэн цагийн дотор бөөн хог тарчихдаг. Маргааш өглөө нь ахиад тэр тарьсан хогийг цэвэрлэхдээ урам нь хугардаг байх гэж санаа зовдог шүү.

ок 2018 03 сар 12

манай кафе манай орчимд цэвэрлэгээ хийдэг 4-н үйлчлэгчийг байнга л халуун хоол цайгаар дайлдаг,та бүхэн ч бас тэгэж байгаарай,монгол улсад ганц үнэнч хөдөлмөрлөдөг улсууд чинь эд нар шүү