Хаана байна, өнөөх сайхан амлалтууд Э.Бат-Үүл дарга аа


Xаана байна, өнөөх сайхан амлалтууд Э.Бат-Үүл дарга аа, Гэр хорооллын айлууд орон сууцанд орж, хотын захиргааг төвөөсөө нүүлгэн, ажилдаа метрогоор зорчиж, бүгдээрээ “тансаг” амьдарна аа гэж нэг улстөрч сонин, телевизээр байнга ярьдаг байв. Тэр бол хотын дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүл. Түүний хэлснээр бол Улаанбаатар утаанаас салж, хашааныхан нь паартай байшинд халуун хүйтэн устай “жаргаж” суух байв. Гэтэл Улаанбаатарчууд утаатай, түгжрэлтэй, хашаатай, ууртай хэвээрээ. Улсын баатар маань төв талбайдаа гэр хорооллын айл өрхүүдийн эрх ашгийг хамгаалж жагсаал зохион байгуулав.

Ямар ичгэвтэр “хэрэг” вэ. Угтаа бол гэр хорооллыг бараг л “диваажин” болгоно гэж иргэдийг уран үгээр хуурсан Улсын баатраас жирийн иргэд амлалт нэхэж жагсвал гайхах хүн үгүй. Учир нь Э.Бат-Үүлд 2012-2016 онд хотын даргаар ажиллаж байхад цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрх мэдэл бүгд түүний гарт төвлөрч байлаа. Гэвч гарт баригдаж, нүдэн харагдахаар ажил хийсэнгүй. Уран цэцэн ярьсаар л байв. Э.Бат-Үүл дарга 2014 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хэвлэлийн хурал хийж,“Монголын дахин төлөвлөлт дэлхийн түүхэнд бичигдэх амжилт тогтоох нь” гэж хэвлэл мэдээллийнхэнд яаран зарлав. Хотын дарга маань “Япон, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнууд дахин төлөвлөлтөө хийх гэж мунгинаж байхад Монгол Улс энэ ажлыг маш хурдтай хийж байна “ гэж онгиров. Монгол Улс дахин төлөвлөлтөөр бараг л “Гиннес”-ийн амжилт тогтоох нь холгүй ярьсан нь хэвлэлийн хуудаснаа түүх болон үлджээ. Улсын баатар маань үргэлж шулуун шударга байх тухай сургаж, өөрийн намын болоод МАН-ын нөхдийг “худалч”, “хулгайчаар” нь баруун солгойгүй цоллосоор байна. Иргэд ч түүнийг шулуун үгтэй, шударга хүн гэж итгэдэг байсан цаг аль хэдийнэ ард хоцорчээ. Түүний хүү Б.Чулуудайн “Грандлайн” компани гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож, таван тэрбумыг халаасалж, ажлаа ч олигтой хийгээгүй гэх гомдол өнгөрсөн хугацаанд Э.Бат-Үүлийн чихийг хангалттай “халууцуулсан”. Энэ тухай Э.Бат-Үүл дарга тайлбарлахдаа “...Болиод өгөөч, наадахаа цуцалчих” гэж би хүүдээ хэлсэн. Уг нь тэнд дөрвөн компани өрсөлдсөн юм. Дараагийн компани ээлжээ хүлээж байгаа шүү дээ яваад орчих л доо гэсэн чинь иргэд намайг тоогоогүй. Сүүлдээ хүү маань “Ааваа би бизнес хийж болохгүй юм уу” энэ тэр гээд өөдөөс том том юм яриад байсан. Би хүүгийнхээ эрхийг хязгаарлах ч хаашаа юм, их зовлонтой...” гэжээ.

Өөрөөр хэлбэл, “Баяраа өөрөө ширээнээс унасан юм билээ” гэдэг шиг иргэд нь заавал хотын даргын хүүгийн компанитай хамтарч ажиллана гэж Э.Бат-Үүлийг хайчин галд оруулчихсан бололтой. Шударга ёсны тухай хамгийн чанга хашгирах хэрнээ бодит байдал дээр хүүдээ тендер “бэлэглэж” суусан. Хүүгийнх нь компани оффшор бүсэд данстай байсан Э.Бат-Үүлд одоо итгэх хүн байна гэж үү. Хашааны газрыг үнэгүйдүүлж байна” хэмээн хамаг чадлаараа хашгирч байгаа түүний цаад зорилго нь 2020 оны сонгууль. Гэр хорооллын эмзэг асуудалд дөрөөлж тэр хотын дарга болсон. Тиймээс одоо энэ сэдвээ сэвж, ирэх сонгуульд нэр дэвших, албан тушаалд очих сонирхолтой байгаа нь тодорхой.

Мэдээж, түүний хамгийн сайн чадах ажил бол жагсаал, цуглаан шүү дээ. Одоогийн нийслэлийн удирдлагуудын зүгээс хашааны газраа барьцаалж, орон сууцны урьдчилгаагаа авах боломжийг бүрдүүлээд байгаа. Түүнчлэн хотын төвлөрлийг сааруулахын тулд хотын захиргааг 2019 онд багтаан яармаг руу нүүлгэх шийдвэрийг гаргаад буй юм. Э.Бат-Үүлийн ятгалгаар жагсагчид энэ шийдвэрийг эсэргүүцэж, нийслэлийн удирдлагуудад таван зүйл бүхий шаардлага хүргүүлжээ. Өмнө нь Э.Бат-Үүл “дахин төлөвлөлтийг улстөржүүлж байна” гэж байнга гомдоллодог байв. Одоо харин хариугаа авч байгаа мэт нийслэлийнхний ажлыг юу ч байсан нүдээ аниад эсэргүүцэхээр шийдсэн бололтой. Түүний жагсаал, цуглаан ч яахав. Хүмүүс нэг үеэ бодвол аливааг ялгаж, салгадаг болсон цаг. Харин одоо болтол хариулт тодорхойгүй асуулт олон байна. Хэзээ бид таны хэлсэн шиг хашаандаа хаустай, халуун, хүйтэн устай, газар нь тэрбумын үнэд хүрч “галзууртлаа” баяжих вэ,  Э.Бат-Үүл дарга аа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Ганцэцэг 2018 03 сар 13

Батүүл гэж худлаа инээсэн луйварчин шүү дээ одоо болимоор юм

зөв монгол 2018 03 сар 13

санал нэг байна. гэр хорооллынхны нэрийг барьж шоулдахаа зогсоогооч балай мангар өвгөн. засаг барьж байхдаа юи хийж гийгүүлсэн юм. би ч бас гэр хороололд амьдардаг,