Д.Эрдэнэтуяа: Эрчүүд өөрийг нь тоогоогүй бүсгүйг “янхан” гэж ярьдаг...


Загварын тайз өндөр, миссийн титэм хямдхан олдоггүй тэртээ ерээд онд ид “од” болон гялалзаж явсан сайхан бүсгүйчүүдийн нэг бол яахын аргагүй “Эра”-гийн Д.Эрдэнэтуяа. Сүүлийн арав шахам жил тайзны ард, хэвлэл мэдээллээс хол байж охид, залуусын оюунд хөрөнгө оруулж яваа нь түүний үнэ цэнэ, нэр хүнд, чанарыг илтгэх биз ээ. 1992 оны “Улаанбаатар хотын тэргүүн мисс”, титмийн эзэн, “Эра” төвийн зөвлөх багш Д.Эрдэнэтуяаг энэ удаагийнхаа зочин хойморт урьж, олон сэдвээр дэлгэрэнгүй яриа өрнүүллээ.

  • Танаас ярилцлага авах гэж бараг хоёр жил шахам хойноос тань хөөцөлдөж, өнөөдөр арай гэж нэг олж уулзлаа. Та бараг арваад жил хэвлэл мэдээллээс хол, нам гүм амьдарлаа шүү...

Харин чамд л баригдчихлаа/Инээв/. Нээрээ бараг арав шахам жил хэвлэлд яриа өгөөгүй юм байна шүү.

  • Харин тийм. Урилгыг маань хүлээж авсан танд баярлалаа. Аль 1990-ээд онд тайзнаа гунхаж явсан тэр л төрх хэвээрээ, овор нэмээгүй сайхнаараа л байна шүү та. Сүүлийн үед ямар ажил мандуулж байна вэ?

Баярлалаа. Мэдээж овор сууж, хөгшрөлгүй яах вэ. Би чинь энэ жил 43 хүрч байна ш дээ. Мэдээж хөгширсөн байгаа. Хүмүүс намайг залуу хэвээрээ байна гэхээр нь санаа зовоод байдаг юм. Хүүхэд байхдаа их овортой хүүхэд байсан ш дээ. Хүмүүс намайг 18 настай байхад л “чи 25 настай юу” гэж асуудаг байсан. Харин гуч нэлээд гараад дөч хүрээд ирэхээрээ тогтдог юм шиг байгаа юм. Ажлын хувьд 2011 оноос “Эра” төв хүүхэд залуучуудын гоо зүйн хөгжлийн төв болоод загварын чиг баримжаагаа өөрчилсөн. Тиймээс 2011 оноос хойш загвар өмсөгчдийг бэлтгэхээс илүү хүүхэд залуучуудын гоо зүйн хөгжилд ихээхэн анхаарлаа хандуулж ирлээ. Тухайн хүүхэд хэрхэн биеэ зөв авч явах хэрэгтэй, өөртөө итгэлтэй байх ялангуяа шилжилтийн насны хүүхдүүдийн хүмүүжил боловсролд илүүтэй анхаарч байна. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд миний хувиараа сонирхож хийж байгаа ажил маань “VTV”-ийн “+40” гээд шоу дээр ажиллаж хөтлөгч хийсэн. Дөчөөс дээш насны бүсгүйчүүдийн амьдралын хэв маяг, тэдгээрийн амьдралыг үзэх үзэл өөр өөр байдаг. Тэр онцлогийг гаргахыг хичээж байгаа. Хамгийн сүүлийн сонин гэвэл би Удирдлагын академийн Төрийн удирдлагын ангид сурч байна даа.

  • Төрийн удирдлага гэхээр та яваандаа улстөрд хүч үзэх бэлтгэлээ хангаж байгаа байх нээ дээ. Нээрээ таныг 2012 оны ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвших гэж байна гээд хэсэгтээ шуугиад амжсан байх аа?

Би тэр үед дэвшээгүй ш дээ. Нэрээ татсан. Тэд л миний нэрийг ашиглаж шоу хийсэн байхгүй юу. Би 2001 онд АН-д элссэн, дэмжигч гишүүн гэж явдаг. Яагаад гэвэл ардчилсан үзэл бодолтой хүн учраас. Харин үйл ажиллагаанд нь бол оролцдоггүй. Сурахын хувьд бол “Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно” гэдэг шиг ямар зорилгоор сурахаа эхлээд тодорхойлоод дараа нь сурч байгаа л даа. Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр бизнесийн орчин хэцүү байна. Гэхдээ мэдээж бид хэцүү байна гээд зүгээр суугаагүй ашиг бага ч хүүхдүүдийнхээ төлөө ажиллаад явж байгаа. Миний хувьд зарим нэг оролцох шаардлагатай зүйлд оролцох ёстой юм болов уу гэж боддог болсон. Гэхдээ мэдээж оролцохын тулд заавал нэг намд элсээд улстөрч болж байж оролцоно гэсэн үг биш л дээ. Өөрсдийн хэмжээнд юу хийж болох вэ, түүнийгээ сайн хийхийн тулд хөгжүүлэх шаардлагатай. Тийм л учраас би сурч байгаа юм. 20 жилийн дараа сургуульд сурахад үнэхээр гоё байна. Зөв ч сургуулиа сонгосонд баяртай байгаа. Маш мундаг эрдэмтэн, докторуудаар хичээл заалгаж их зүйл сурч авч байна.

  • Таныг “Эра” төвдөө багшлахын зэрэгцээ бас хувийн компанид ажилладаг гэж сонссон юм байна...

Тийм. Миний үндсэн мэргэжил эдийн засаг ч л даа. Гэрлийн чиглэлийн Хятад Монголын хамтарсан хувийн компанид гүйцэтгэх захирлаар 2007-2009 онд хоёр жил ажилласан. Тэгээд дараа нь өөрийн төвдөө буцаж ирсэн. Одоо нэг хувийн компанид бас гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Худалдаа үйлдвэрлэлийн зөвлөх маягаар гэх үү дээ. Мөн бизнесийн төсөл дээр ажиллаж байна.

  • Та биеэ их сайхан авч явдаг. Ийн залуугаараа байгаагийн нууцаасаа хуваалцаач...

Нууцсаад байх зүйл юу байх вэ. Надад бусдаас илүү зүйл байхгүй ш дээ. Жирийн л айлын эхнэрүүдтэй ижилхэн л гэрийнхээ ажлыг хийгээд амьдарч байна. Тухайн үеийнхээ загварын бүсгүйчүүдийн л адил аамьдралын ороо бусгаа үе, зовлон жаргалыг туулсан. Жингээ нас насанд нь байлгахыг л хичээдэг. Хүн насандаа таарсан жинтэй байх хэрэгтэй юм шиг санагддаг.

  • Та жингээ хэрхэн барьж байна вэ?

Хоолоороо жингээ барьдаг. Гэхдээ хааяа бол замбараагүй иддэг. Аль болох өдөрт гурав идэхгүй байхыг хичээж байна. Түүнээс хэдэн өдөр ус уугаад юу ч идэхгүй явж чадахгүй л дээ. Намайг нэг сэтгүүл дээр “гурав хоногт нэг удаа иддэг” гээд биччихсэн байсан /инээв/. Үгүй ээ, яаж эрүүл хүний ухаанд багтахаараа гурав хоногт нэг удаа хоол иднэ гэж боддог байна. Би лав тэгж чадахгүй. Турах бол маш амархан хоолоо сойгоод л турчихна. Харин тэр турсан жингээ барина гэдэг хэцүү. Гэхдээ хурдан хугацаанд турж, жингээ хаяж болохгүй. Ядаж 1-3 сарын хугацаанд турах хэрэгтэй. Мэдээж хүн гурван жилийн тарга авчихаад нэг сарын дотор ус уугаад турахгүй шүү дээ. Та сарын дотор таргалсан бол таван сарын хугацаанд л ус уугаад турна. Миний хувьд ийм л зарчим барьдаг.

  • Гоо сайханд хэр их ордог вэ?

Нэг их ордоггүй. Гоо сайханд ороод нүүрээ илүүлээд хэвтээд байх дургүй. Гэрийн нөхцөлд нүүрээ арчилдаг. Би хүний гоо сайхан сэтгэл санаатай шууд холбоотой гэж боддог. Хүн үргэлж сайхан зүйл бодох хэрэгтэй. Сэтгэлээр унах үедээ ялангуяа архинаас хол байх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө ялан дийлэх нь чухал болохоос ууж идэх гол нь биш шүү дээ. Сэтгэлээр унасан үедээ найз нөхөдтэйгөө уулзаж сайхан ярилцах хэрэгтэй.

  • Та нээрээ бараг нүүрээ ч буддаггүй харагддаг шүү...

Тэр миний завгүй байдагтай холбоотой. Нүүрээ будаад суух зав гардаггүй. Толины өмнө суугаад л нүүрээ будаад байж чаддаггүй. Би гэрийнхээ ажлыг өөрөө амжуулдаг болохоор үнэхээр завгүй байдаг. Амьдралынхаа бүхий л хугацаандаа тасралтгүй хөдөлгөөн хийж, ажиллаж амьдарсан. Тиймээс нүүр будаад суух зав байдаггүй юм.

Би лангуун дээр тавьдаг хүүхэлдэй биш...

  • Таны үеийн загварын бүсгүйчүүд чинь гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчаараа хамаг ажлаа хийлэгчихээд учиргүй гоёж, гангалаад л хаана , ямар томоохон арга хэмжээ, шоу болно хэсээд явж байх юм байна ш дээ. Харин та ер харагддаггүй...

Очих шаардлагагүй газар би очихгүй. Надад өөр хийх зөндөө хийх ажил байгаа. Тухайн өдөр гэнэтийн ажил гарснаас болоод зарим очихоор төлөвлөсөн арга хэмжээндээ очиж чадахгүй тохиолдол гардаг л даа. Гэхдээ би хаана өөрийгөө харуулах вэ, гэдгээ мэднэ. Би ямар лангуун дээр тавьцан хүүхэлдэй биш. Шоу, арга хэмжээ бүрт очоод байж болохгүй биз дээ. Ялангуяа танихгүй хүний арга хэмжээнд бол очдоггүй. Харин сайн найзынхаа арга хэмжээнд бол очно шүү. Надад урилга их ирдэг. Нийгэмд ямар үр өгөөж өгөх вэ, гэдэг талаас нь харж, сайн судалж байж шийдвэрээ гаргадаг. Би гэрийнхээ бүх ажлыг өөрөө хийдэг болохоор бас төдийлэн шоу, цэнгээн хэсээд байж амжихгүй л дээ. Гэрийн үйлчлэгчтэй бол байж үзсэн. Харин одоо бол өөрөө хийдэг. Тэр нь ч надад илүү тухтай байдаг. Хүн болгоны тав тух, хүсэл сонирхол, амьдралын хэв маяг өөр өөр. Ер нь хүн бүх зүйлийг өөртөө тааруулж, тохируулах хэрэгтэй л дээ. Чи хүсэж байвал гоо сайханд ор, дасгал хөдөлгөөн хий, шоуд болно шүү дээ. Өөрөө өөртөө л таалагдаж амьдрах хэрэгтэй.

  • Та брэнд хэрэглээний талаар ямар бодолтой байдаг вэ?

Миний хувьд таалагдсан брэндээ бол хэрэглэдэг. Чанар гэдэг зүйлийг би үнэлдэг бас таашаадаг. Аливаа эд зүйлийн чанар маш чухал. Маш өндөр үнээр авсан гутал чинь жил ч хүрэхгүй ул нь салчихвал хэцүү биз дээ. Тиймээс аливаа зүйл чанарыг баталгаажуулсан үнэтэй байх хэрэгтэй гэж боддог.

  • Миний бодлоор хүмүүс хэт их материаллаг сэтгэлгээтэй байна уу даа, гэж боддог. Яагаад гэвэл өр тавиад л гутал хувцас машин, утас аваад байна шүү дээ. Энэ талаар таны бодол...

Хэрэгцээ л дээ. Би л гэхэд барьж байгаа утсаа сольж үзсэн. Миний утас бол хамгийн сүүлийн үеийн загвар. Яагаад утсаа сольж үзсэн гэхээр би интернетээр утаснаасаа биш нөтбүүкээр ордог байя гэж бодсон. Тэгсэн үнэхээр хэцүү юм билээ. Хүн нийгэм, цаг үеэсээ хоцрохгүй дагадаг байх хэрэгтэй. Тэгэхээр нийгэм нь шаардаад байгаа зүйлийг хэрэглэхгүй байж бас болохгүй байх л даа.

  • Интернет гэснээс сүүлийн үед цахим, фесбүүк, твиттер ашигладаггүй хүн бараг л үгүй болж. Таны хувьд ч нэлээд идэвхтэй ашигладаг. Сайхан бүсгүйд эрчүүдээс чат нэлээд ирнэ биз...

Бичнэ ээ, бичнэ/инээв/. Орон дотроо зургаа дараад ч явуулдаг хүн байна. Харин “Манай нөхөр чамайг ямар хүн бэ гээд асуугаад байна” гэж хэлснээс хойш гайгүй болсон. Сошиал медиа сайн, муу хоёр талтай л даа. Реклам сурталчилгаа, зар явуулах, үзэл бодлоо илэрхийлэх, мэдэгдэл, тайлбар хийх, хэн гэдгээ түмэнд таниулах, аливаа асуудлыг газар дээрээс нь мэдээлэх зэрэгт бол үр дүнтэй сайн. Харин хүүхдүүдэд бол мэдээллийг шүүн тунгаах ухаан төлөвшөөгүй байдаг учир сөрөг үр дагавартай. Зарим нэг олны танил хүмүүс өөрийгөө хүмүүст зөв таниулахын тулд зөв, зүйтэй зүйл жиргэж, нийтлэх хэрэгтэй санагддаг.

  • Манай нөхөр гэж ярьж байхыг бодоход та ганц биш байгаа юм аа даа. Таныг ганцаараа чамгүй олон жил амьдарч байгаа гэж бодож байлаа...

Үгүй ээ. Найз залуутай ш дээ. Би ганцаараа байж үзээгүй. Найз залуутайгаа л амьдардаг ш дээ. Би нэг хүүтэй. Хүү маань гадагшаа явчихсан байгаа. СЭЗДС-ийн бизнесийн удирдлагын ангийг төгсөөд гадагшаа мастерт сурахаар явсан.

  • Найз залуугаа танилцуулаач...

Миний хувийн амьдрал учраас нууц хэвээр үлдээх нь зөв болов уу.

  • Тэгвэл хүүгээ хэзээ дүүтэй болгох гэж байна вэ?

Харин манай хүү олон жил л дүү хүслээ. Хүүхэдтэй болох бодол байлгүй яах вэ. Олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Мэдээж хүүхэд гаргах бол эмэгтэй хүний үүрэг. Гэхдээ чиний хувийн эрх ашиг гэж том зүйл хөндөгддөг. Хань зөв байх хэрэгтэй. Өөрийгөө сайн тодорхойлох хэрэгтэй. Гэр бүл гэдэг маш том хайр итгэл сэтгэл дээр бий болдог зүйл.

  • Хүү тань одоо 20 хэдтэй болчихож байгаа байх аа. Найз охинтой болж байна уу?

Тийм 22 настай. Одоогоор найз охин байхгүй л юм шиг байна. Хүү бид хоёр их нээлттэй байдаг. Нэг нэгнээсээ асууж, зөвлөнө. Би өөрийнхөө юм болгоныг шахам л хүүдээ хэлнэ. Манай хүү ч их нээлттэй, бас их зөөлхөн сэтгэлтэй. Гэхдээ би хүүгийнхээ хувийн зүйл рүү нэг их ордоггүй л дээ.

  • Таны хүү том болсон. Найз залуутай чинь үзэл бодлын хувьд зөрчилдөх зүйл гардаг уу?

Ёстой үгүй. Миний хүү их өрөвч сэтгэлтэй, зөөлөн сэтгэлтэй, хөөрхөн ааштай сайн хүү бий.

  • Та сая “Гэр бүл гэдэг маш том хайр итгэл сэтгэл дээр бий болдог” гэлээ.  Гэтэл сүүлийн үед итгэл эвдсэнээс үүдэн маш олон гэр бүлүүд салах болж. Та ч бас энэ зовлонг амссан хүний хувьд үзэл бодлоо хэлэх болов уу? 

Бид ардчилсан нийгэмд шилжээд 30-аад жил болж байна. Тиймээс л хүн бүр л эрх чөлөөтэй болчихсон. Гэвч харамсалтай нь эрх чөлөөгөө нэгээс нөгөө рүү шилждэг секс гэж ойлгочихоод байна. Гэр бүлийн тогтвортой байдал, салаад хүүхэд өнчрөх асуудлыг бүр тоохоо байчихсан. Ухамсаргүй, хэнийг ч хайрлаж чадахгүй сэтгэлгээтэй болчихлоо. Зүгээр сэтгэлийн хөөрлөөрөө ганц шөнө хамт хоноод л хүүхэд болчихдог. Хайргүй учраас суудаггүй. Эсвэл ганц, хоёр сар амьдраад л салчихдаг. Ийм явдлын үр дүнд хүүхэд хохирч өнчирөөд үлддэг. Хүүхдийн амьдрал, сэтгэлзүй, эрх ашиг, боловсрол гэх мэтийн маш олон зүйлийг нь үгүй хийж байна. Тиймээс юуны түрүүнд хосууд маань нэгнийгээ таних, хамт амьдарч үзэх хэрэгтэй. Би баян хүний хүүхдийг нь гаргаад амьдарна гэж боддог хүүхнүүдийг гайхдаг. Энэ ёстой муухай үзэл бодол шүү. Зөвхөн амин хувиа л бодож байгаа байхгүй юу. Хүүхэд хайраас бий болох ёстой. Өөрийнхөө алдсан алдааг үр хүүхдүүдээрээ давтуулмааргүй байна.

  • Та ч гэсэн анхны нөхрөөсөө салж, өрх толгойлсон ээжийн амьдралаар хэсэг хугацаанд амьдарсан.  Хүүгийнхээ ааваас ер нь дэмжлэг туслалцаа авч байсан уу?

Өрх гэрээ толгойлоод үлдсэн бүсгүй хүн амьдралын төлөө хүүхдээ үүрээд л явна шүү дээ. Түүнээс хэн нэгэн ирж туслахыг хүлээгээд суугаад байна гэж байхгүй. Хүүгийнхээ ааваас тусламж авах үедээ авч байсан. Гэхдээ сар бүр, байнга биш л дээ. Одоо бол тэр хүн гэр бүлтэй, тусдаа амьдралтай болсон. Хүү маань том болсон учраас харилцаад байх шаардлага байдаггүй. Яах вэ, хэдийгээр хатуу, чанга үе миний амьдралд байсан ч сайн сайхан он жилүүдийг бас туулаад өнгөрөөлөө. Тийм учраас бид залуу явсан, хэн хэндээ гомдоод яах вэ гэж л боддог. Зарим хүмүүсийн хандлагыг хараад байхад эмэгтэйчүүдийг л буруутгах гээд байдаг болж. Энэ бол маш буруу хэн хэнийгээ хүндэтгэх, буруугаа мэдэх хэрэгтэй.

  • Ганц эмэгтэйчүүдийг гэлтгүй хүмүүс нэгнийгээ эрээ цээргүй доромжилдог, жаахан саар мэдээг учиргүй сонирхон хүлээн авч “ам уралдуулдаг”, нийгмээрээ л нэг тийм хар, бараан өнгө аястай болчихлоо. Энэ сэтгэлгээг ер нь яаж өөрчлөх ёстой юм бол...

Аажуухан бага багаар цэвэрлэх боломжтой гэж би боддог. Миний яриад байгаа боловсрол, ёс суртахуун гэдэг л энэ шүү дээ. Сайн сайхан ирээдүйн төлөө хүн бүр хичээж, зүтгэх хэрэгтэй. Би аливаа зүйлийг эерэгээр боддог. Хар мянган сөрөг зүйлийг өөр дээрээ ачаа болгоод байдаггүй. Өнөөдөр хүн намайг юу гэж ярина маргааш нь уучилдаг. Иймэрхүү маягаар аажуухнаар өөрчлөх хэрэгтэй. Манай агентлагт хүүхдүүд эхлээд загвар өмсөгч болох бодолтой ирдэг. Тэгэхээр нь би “чамд загвар чухал биш ээ, боловсрол чухал гэж хэлдэг. “Чи хичээлээ л сайн давт. Насаараа чи загвар өмсөхгүй. Загвар бол залуу насны ажил. Тиймээс чамд ирээдүйд боловсрол хэрэг болно” гэж захидаг. Сүүлийн үеийн залуус хүнд итгэхгүй, өөрт нь жаахан сайн хандаж буй хүнийг “энэ намайг яаж шулах гээд байна” гэж боддог болчихож. Тэгээд маш залхуу. Амар хялбар аргаар мөнгө олох гэж боддог, хүнээс заавал хариу нэхдэг. Ийм хүүхдүүдийг бид, ялангуяа багш, сурган хүмүүжүүлэгчид хэлж, зааж, өөрчилж оюунд нь хөрөнгө оруулах ёстой. Тэгж байж бид ирээдүйгээ, хүүхдүүдийнхээ амьдрах нийгмийг өөрчилж чадна.

Хувцаснаасаа хямдхан загвар өмсөгч байж болох уу...

  • Уучлаарай загварын бүсгүйчүүдийг шулуухан, бүдүүлэг хэлэхэд “явдалтай, баячуудтай амраглаж мөнгө төгрөг авдаг, “толгой” муутай, боловсролгүй сайхан биенийхээ буянаар хөрөнгө чинээтэй эрчүүдтэй “явалдаж” амьдрал ахуйгаа авч явдаг” гэх мэтээр их муухайгаар хүмүүс ярьдаг л даа. Энэ талаар таны бодол...

Энэ тал дээр би охидуудаа өмөөрнө шүү. Яагаад гэвэл залуу охидуудыг залуучууд өөрсдөө зүгээр байлгадаггүй. Хаа явсан газар нь өдөж, хоргоодог. Тэгээд тоогоогүй нэгнийг янхан гэж ярьдаг. Шударгахан хэлэхэд өнөөгийн нийгэм ийм л байна. Мэдээж бүх эрчүүд тийм биш л дээ. Ер нь бол бүсгүйчүүд маань сайхан учраас л муу нэр зүүж байгаа юм. Мэдээж сайхан охидыг олон залуус өдөж, хоргооно. Тэгээд яваагүй байсан ч, явсан л гэж ярьдаг. Ёстой нөгөө өөрөө хажууд нь лаа бариад сууж байсан юм шиг л өдөж хоргоосон болгонтой нь холбоод ярьж, бичдэг шүү дээ.

  • Таныг ид тайзнаа гялалзаж байх үед шар хэвлэлийнхэн бас л янз бүрээр бичээд амар заяа үзүүлдэггүй байсан биз...

Тийн ш дээ. Ёстой “хадаас” байсан даа/инээв/. Намайг янз бүрээр зөндөө л бичнэ. Тэглээ гээд би заргалдаад явдаггүй байсан. Харин нэг сониныг шүүхэд өгсөн шүү. “Д.Эрдэнэтуяа босс эрчүүдийн дунд тэлээ хурга шиг амраглаж явна” гээд биччихсэн байхаар нь редакци дээр нь явж очоод “За энд чинь миний нэр л байна. Нөгөө хоёр босс чинь алга. Хаана байна тэр хоёр чинь гаргаад ир. Яагаад та нар намайг ор үндэсгүй ингэж гүтгэж байгаа юм бэ...” гээд л үзэлцсэн. Тэгээд дараа нь хэн захиалж бичүүлсэнийг нь мэдэж аваад тэгсхийгээд л өнгөрсөн.

  • Нээрээ топ Д.Болормаа та нарыг загварын охидуудаа баячуудад зуучилдаг, “зардаг” гэх яриа гараад байдаг. Үнэхээр тийм асуудал байдаг юм уу?

Би амьдралдаа тийм муухай зүйл хийж үзээгүй. Надаар зуучлуулж, заруулсан охидууд байвал олоод гаргаад ирээрэй. Тийм яриа гарсан гэсэн. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг. Магадгүй тэгж явсан хүн байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ “Эра” төв байгуулагдаад бараг 20 жил болж байна. Манай түүхэнд лав тийм муухай хар толбо байхгүй. Би өөрөө дөрвөн эмэгтэй хүүхдийн том нь. Тиймээс би айлын охин хүүхэд өвдөхгүй, зовохгүй, харамсахгүй амьдраасай гэж боддог. Мэдээж 10 хүүхэд арван өөр л бодолтой байгаа. Түүнээс гадна өөрийн төрсөн гэртээ, өөрийнхөө хэв маягаар 20 жил амьдраад ирсэн хүүхдүүдийг бид ямар явдал, суудалтайг нь мэдэхгүй шүү дээ. Гэвч тийм явдал болбол насан туршдаа тэр охин шархтай амьдарна шүү дээ.

  • Титэмийн төлөө охидууд ширүүхэн тулалдаж, зарим нь ихээхэн хэмжээний мөнгө шүүгч, зохион байгуулагчдын гарт атгуулж, харин зарим нь Ц.Мянганбаяр зэрэг эрчүүдийн өвөрт нь орж байж топ болдог гэх “явган” яриа гараад удаж байна л даа. Энэ талаар...

Нөгөө “овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ” гэдэг шиг ор үндэсгүй зүйлийг олон түмэн ярихгүй л байх л даа. Гэхдээ би баттай мэдэхгүй. Хүмүүс нэгнийгээ таалагдахгүй бол санааны зоргоор зохиол бичиж найруулаад муулдаг тал бий. Тийм байхыг ч үгүйсгэхгүй. Охидууд сайн загвар өмсөгч, мисс, топ, титмийн эзэн болохын тулд ямар амьдрал туулаад, ямар их цаг зав, хүч хөдөлмөр зарцуулж, ямар зүйлийг золиослоод явж байгааг хүмүүс мэдэхгүй, ойлгохгүй байж өөлж, муулж их ярьдаг. Загварын тайз гэдэг бас тийм ч хямдхан, загвар өмсөгч болно гэдэг тийм ч амархан зүйл биш л дээ. Ялангуяа Монгол шиг зах зээл багатай оронд бол чанга шүү.

  • Харин загварынхны цалин хөлс их бага байдаг гэлцэх юм билээ...

Маш бага. Би өндөр болгохын төлөө зүтгээд дийлээгүй. Чи бодоод үз дээ. Хувцаснаасаа хямдхан загвар өмсөгч гэж байж болох уу. Үнэхээр чамлалттай. Нэг дээлийг 500 мянган төгрөгөөр түрээсэлж өмсдөг. Гэтэл модель нь 50 мянган төгрөг л авдаг. Нэг муу даавуунаас хямдхан байгаа биз. Ийм хүнээ үнэлдэггүй зах зээлтэй нийгэмд хүүхдүүд яаж ажиллаж, амьдрах юм бэ. Загварын агентлагууд ч мөн л ялгаагүй, ашиг гэж харалтгүй. Ганцхан загвар хөөгөөд амьдралаа авч явна гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Загварын тайз бол залуу насны ажил. Тиймээс би хүүхдүүдээ “заавал боловсрол эзэмш, дамжаа яах вэ, хичээлээ л таслахгүй суу” гэж байнга хэлдэг. Боловсрол бол хүүхдүүдийн маань насан туршдаа хоолоо олж идэх “зэвсэг” шүү дээ.

  • Та “Улаанбаатарын мисс”-ийн титэм аваад л тайзнаас буусан шүү дээ. Магадгүй цаашаа яваад “топ” болох байсан даа гэж харамсах үе байдаг уу?

Ёстой үгүй. Яагаад гэвэл тэр миний зорилго байгаагүй. Тийм ч учраас би эрт 1997 онд тайзнаас буусан.

  • Яагаад ч юм “сайхан хүүхэн хуримгүй” гэдэг шиг загварын бүсгүйчүүдийн хувийн амьдрал нэг л тогтворгүй байх юм аа...

Сайхан даа ч биш л дээ. Харин тэдний араас нь гүйдэг эрчүүд нь л завхай байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр хүүхнээс биш залуугаас нь болоод амьдрал нь тогтворгүй байдаг гэж би боддог. Эхлээд танилцаж байх үедээ нэг л ариун цагаахан амьтан байж байгаад хэдэн жилийн дараа “дэнгийн эрвээхий” дагаад нисчихдэг. Эр хүн эрүүл согтуу ч нэг л зангаараа шулуун шударга байх хэрэгтэй. Сүүлийн үед эрчүүд их хуурамч болчихсон. Ямар ч хүндлэл алга, эрээ цээргүй араар тавьдаг болж. Түүнийг нь эмэгтэйчүүд өндөр мэдрэмжтэй учраас мэдчихдэг. Тэгээд л гэр бүл салж, хүүхэд өнчирч үлддэг. Арай л замбараагүй, жаахан ч гэсэн хүн чанартай жудагтай баймаар санагддаг.

  • Уучлаарай, таныг нөхөр тань хуурах тохиолдол гарч байсан уу?

Байлгүй яах вэ. Миний араар өөр хүнтэй явсан тохиолдол байдаг.

  • Тийм үед бүсгүйчүүд ер нь яах ёстой юм бэ. Уучлах хэрэгтэй юм уу, хатуу хандах шаардлагатай юу?

Миний хувьд уучилсан. Ер нь бүсгүйчүүд маань нэгээс хоёр удаа уучилаад үзэх хэрэгтэй болов уу. Гэвч удаан тэвчээд яваад байж болохгүй л дээ. Өөр чамин гоё бүсгүй сонирхох нь эр хүний төрөлхийн араншин юм шиг байгаа юм. Гэхдээ хэмжээнээсээ хэтэрч болохгүй. Бодоход ер нь яаж ч ганцхан намайг хараад л суугаад байх вэ дээ.

  • Тэгвэл та нууц амрагын талаар ямар бодолтой явдаг вэ?

Нууц амраг бол амьдралд байх ёсгүй зүйл. Нэг хүүхэнтэй уулзаад нэг шөнийг өнгөрөөж болно. Харин нууц амрагийн холбоо үүсгэж болохгүй. Тэр бол хамгийн буруу, бохир явдал. Тэр хүний цаана нь над шиг эмэгтэй сэтгэл зүрхтэй хүн хүлээгээд сууж байгаа шүү дээ.

  • Та сүүлийн хэдэн жил хотын соёл гэж их ярьсан. Монголчууд бид ер нь хэр соёлтой ард түмэн бэ?

Биеэ зөв авч явах хүмүүжил сурсан, гэр бүлийн суурь хүмүүжил сайтай хүн гудамжинд гараад соёлтой л байдаг. Гэвч манай өнөөдрийн боловсролын систем нь буруу учраас хүүхдүүдэд тэр соёл, хүмүүжлийг олгож чадахгүй байна. Бүхэл бүтэн улсын Боловсрол соёлын газар нь гэхэд урлаг, соёл хоёроо ялгахгүй сууж байх жишээтэй. Тийм байхаар яаж соёлтой байх юм бэ.

  • Нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэнд суурин соёл суудаггүй юм болов уу?

Суулгүй яах вэ. Нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь дэлхийн хамгийн том соёл шүү дээ. Нүүхдээ буурин дээрээ хог үлдээхгүй нүүдэг маш цэвэрч ард түмэн бол бидний нүүдэлчид. Би Э.Бат-Үүл даргыг хотын дарга байх үед хотын соёлын талаар гурван удаа бичиг хүргүүлсэн. Даана ч намайг тоогоогүй л дээ. Өнөөдөр хотын соёл гэж юу байдагыг хүмүүстээ заагаагүй, сурталчлаагүй, чиглүүлээгүй байж хүмүүсээ соёлгүй, хөдөөний, “орк”-оор нь дуудаад байх хэрэггүй биз дээ.

  • Тийм шүү. Ингэхэд та ер нь эдийн засгийн хувьд хэр баян хүн бэ?

Яах вэ. Манайх алтан дундаж л айл шүү дээ. Сайхан амьдрах гэртэй, унах унаатай, өмсөх хувцастай, элбэг дэлбэг сайхан л амьдарч байна. Хэрэглээний хувьд өөрийгөө хангачих хэмжээний мөнгөтэй. Төсөл бичээд хувь авна. Өөрөө өөрөөсөө цалинжаад боломжийн л амьдардаг. Би энэ амьдралыг жинхэнэ өөрийн хүчээр хөдөлмөрлөж, нойр, хоолоо хасан байж босгосон. Одоо ч амьдралынхаа төлөө завгүй зүтгэсээр л явна.

  • Ар гэртээ цаг зав гаргаж чадаж байна уу?

Чадна. Гэртээ маш их цаг зав зарцуулдаг шүү. Гэр орон бол миний арвин их бурхан. Гэрээсээ гарахдаа би нэг ширхэг аяга угаахгүй үлдээж гардаггүй. Бүхний түрүүнд гэр орноо тавьж, ихээхэн ач холбогдол өгдөг.

  • Загварынхан нэлээдгүй рекламанд тоглодог. Харин би таныг рекламнаас нэг ч удаа олж хараагүй юм байна. Мэдээж танд санал ирдэг л байлгүй...

Ирнэ л дээ. Гэхдээ би худлаа рекламанд тоглохгүй. Гоо сайхны бүтээгдэхүүн байлаа гэхэд би өөрөө хэрэглэж үзээгүй, үр дүнг нь үзээгүй байж ”Энэ сайн бүтээгдэхүүн” гээд рекламдаад байж болохгүй биз дээ.

  • Сүүлийн үед бүсгүйчүүд тэр дундаа олны танил мисс бүсгүйчүүд гоо сайхны мэс засалд цөөнгүй орох болж. Та гоо сайхны мэс засалыг хэр таашаадаг вэ?

Эрс эсэргүүцдэг. Хүн байгалиараа байх нь гоё ш дээ. Тэр хиймэл зүйл нь хөгшрөх тусам л муухай болно. Гоо сайхны мэс засалд орох нь өөрөө өөрийгөө л зовоож буй явдал гэж би боддог. Өөртөө таалагдахгүй эрхтэнээ засуулснаараа эмэгтэй хүн сайхан болчихгүй л болов уу.

  • Тэгвэл сайхан эмэгтэй гэж таныхаар ямар хүнийг хэлэх вэ?

Сайхан инээмсэглэж чаддаг хүнийг л сайхан эмэгтэй гэнэ дээ. Харин эмэгтэй хүний үнэ цэнэ нь өөртөө үнэнч болоод бусдад үзүүлж буй үнэнч байдалд оршдог гэж би боддог.

  • Монголын хамгийн сайхан эмэгтэй гэвэл та хэнийг нэрлэх үү?

Би ээжийгээ л гэж хэлнэ. Миний ээж царайлаг, нуруулаг сайхан сэтгэлтэй их сайхан эмэгтэй бий. Аав маань их залуудаа бурхан болж ээж маань бид тавыг өсгөх гэж их зүтгэсэн. Одоо бүгд л өсөж өндийж, сайхан амьдарцгааж байна.

  • Хоёулаа нэлээд олон сэдвээр сонирхолтой яриа өрнүүллээ. Таны хэлэх үгээр ярилцлагаа өндөрлөх үү...

За тэгье. Би олон жил гоо зүй, ёс суртахууныг зорилгоо болгон ажиллаж ирлээ. Энэ зүйлээ сайн ажил болгохын тулд бас суралцаж байна. Хүмүүст соёл, хэрэгтэй зүйлийг түгээхийн төлөө зорьж, ажиллаж байна. Нийгэм, дэлхий ертөнц хөгжихийн хэрээр хүмүүс боловсорч, өөрчлөгдөж байх хэрэгтэй. Гэхдээ хүн чанар ёс суртахуунаа гээж болохгүй. Ирээдүйд бид үр хүүхдүүдээ сайн сайхан нийгэмд амьдруулахын тулд одооноос хамтдаа хичээж, боловсорч, соёлжиж, хамтдаа зүтгэх хэрэгтэй л гэж хэлэе дээ.

Ярилцсан: С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 03 сар 26

Бүх эрчүүдтэй уулзаад үзсэн юм шиг ***ж байна даа. Тэгж хэлдэг гэж ***анууд л хэлэх байх

Yanhan gj neriidej bsangui 2018 03 сар 23

Mdehgui yum da bi emegteichvvdiig yang an hemeen neriidej bsangui ene hvn uuruu vl bvteh uhamsariin doroitolttoi hvmvvstei uchirj yabj de

Mongol zaluu 2018 03 сар 23

Yunii tvrvvnd ooriigoo er hun gej heleh heregtei baih. 2t Hezeech namaig toogoogvi emegtei huniig yanz buriin muu ugeer helj yavsangvie. 3t Tegehleer chinii ene yarisan ym bugd hudlaa bolj taarlaa.