Үндэсний бөхийн “ИХ ЭЕ” хурлаас...


Дөрвөн жилд нэг удаа хуралддаг Үндэсний бөхийн Холбооны 8-р “ИХ ЭЕ” хурал өнөөдөр өглөөний 10 цагт /2018.3.24/ эхэллээ. Шүүхийн шийдвэрийн бичгийг хүлээж авалгүй хаалга, үүдээ эвдүүлэн дуулиан, шуугиан тарьсан Монголын үндэсний бөхийн холбоо ямартаа ч хурлаа ийн хийж чадлаа. Харин тус хуралд МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн бүтэн жилийн турш хэл амны бай болж буй "Гацуурт"-ын Л.Чинбат, мөн өнөөгийн бөхийн холбооны удирдлагуудын эсрэг хэдэн жил тэмцэж, сөргөлдөж буй УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат, улсын заан Ж.Ганболд нар ирээгүй байлаа. Түүнчлэн  тус холбоог 20 шахам жил тэргүүлж буй Р.Нямдорж гуай ч хурал эхлэх үед байгаагүй бөгөөд үдээс хойш хүрэлцэн ирсэн юм.

Монголын Үндэсний Бөхийн Холбооны 8-р "ИХ ЭЕ"-д 200 төлөөлөгч оролцохоор сонгогдсон байсан ч 150 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн юм. Тус хуралд 10 аварга, 14 арслан, 10 гарьд, 27 заан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох байсан ч дархан аварга 2, арслан 8, гарьд 7, заан 12, харцага 5, начин 24 ирсэн байв. МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан “Дархан аварга Ж.Мөнхбатын бие нь муу байгаа учраас ирээгүй. Харин дархан аварга Х.Баянмөнхийн хувьд ирэхгүй гэж мэдэгдсэн. Баянаа аварга өөрөө “Мэргэжлийн үндэсний бөхийн холбоо”-г үүсгэн байгуулж ажиллаж байгаа учраас бас манай холбооны хуралд оролцохгүй байгаа юм болов уу, гэж би бодож байна. Д.Сумъяабазар аваргад хэлсэн, төрийн ажил ихтэй ирж амжихгүй нээ гэж хэлсэн. Харин О.Балжинням аварга жүдо бөхийн тэмцээн, уралдааны маш их ажилтай байгаа, үнэхээр амжихгүй нээ гэж утсаар ярьсан.” хэмээн мэдэгдсэн юм. Тус хурлын 150 төлөөлөгчдийн 35 нь бөх судлаач, эрдэм шинжилгээний ажилчид байгаа бол үлдсэн нь дандаа бөхчүүд байгаа юм байна.

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нар ажлаа өгөхөө урьдчилан мэдэгдээд байгаа. Тэгвэл хуралд оролцож буй бөхчүүдийн дийлэнхи нь бөхийн холбооны удирдлагууд болон тэдэнтэй сөргөлдөөд байгаа хүмүүсийг эв зүйгээ ололцож, асуудлыг нэг тийш болгож, бөхийн зовлон жаргалыг мэддэг, ойлгодог, өөрөө барилдаж, халуун тогоонд нь чанагдаж явсан хүн холбооны тэргүүнээр сонгогдоосой гэж хүсэж буйгаа илэрхийлж байлаа. Түүнчлэн олны танил нэр нөлөө бүхий олон бөхчүүд өөрсдийн санаа бодлоо хэлэв. Тус хурлыг хууль бус гэж Шүүхээс үзэж буйгаа хэд хоногийн өмнө илэрхийлж, бичигээ гардуулах гэж Бөхийн өргөний хаалгыг эвдэж орсон. Тиймээс олон бөхчүүд тус хурлыг яг хууль ёсны, дүрэм журамын дагуу, албан ёсны болж чадах болов уу гэж санаа зовж буйгаа илэрхийлсэн. Харин холбооны удирлагууд хууль ёсны дагуу болж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

Монголын үндэсний бөхийн холбоо байгуулагдаад 28 жил болж байгаа билээ. Монголын Үндэсний Бөхийн Холбооны 8-р "ИХ ЭЕ" хурлаар холбооны тэргүүнийг шинээр сонгох бөгөөд холбооны дотоод дүрэм, журмыг шинэчлэн баталж, цэцдийн зөвлөлийн гишүүдийг сонгох юм. Цэцдийн зөвлөлийн гишүүд нь үндэсний бөхийн барилдааны дүрмийг шинэчлэн батлах юм. Тэргүүнээ сонгож, сольж чадахгүй 16 дах жилдээ хэрүүл хийж буй Үндэсний бөхийн холбооны хэрүүл энэхүү “ИХ ЭЕ” хурлаар эцэслэгдэн шийдвэрт хүрэх биз ээ.

"ИХ ЭЕ"-д хүрэлцэн ирсэн зарим төлөөлөгчдийн фото зургийг хүргэж байна...

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх