Бөхийн холбоог Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүлэхээр боллоо


Дөрвөн жилд нэг удаа хуралддаг Үндэсний бөхийн Холбооны 8-р “ИХ ЭЕ” хурал өчигдөр болж өнгөрсөн тухай манай сайт мэдээлсэн. Тэгвэл МҮБХ-г 20 шахам жил удирдсан Р.Нямдорж хэд хоногийн өмнө ажлаа өгнө гэж мэдэгдэж байснаараа ажлаа өгөв. Түүний халааг тус холбооны тэргүүнээр сонгогдсон хэмээн бүтэн жилийн турш хэл амны бай болж буй "Гацуурт"-ын Л.Чинбат биш харин УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ авлаа. "ИХ ЭЕ" хурал эхлэх үеэс л бөхчүүд хоорондоо аваргыг Р.Нямдорж гуайн халааг авна хэмээн жиг, жуг хийлцэж байсан нь биелэлээ олж эрхэм гишүүн хэдэн жилийн турш үргэлжилсэн хэрүүлд цэг тавьж, дөрвөн жил ямартаа ч холбоог удирдахаар боллоо. Өглөө 10 цагт эхэлсэн бөхчүүдийн хурал шөнийн хоёр цагт дууссан юм. МҮБХ-ны тэргүүний сонгуульд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүлсэн ч хоёр аварга, заан гурав нэрээ татаж Б.Бат-Эрдэнэ аварга 98 хувийн санал авч Монголын үндэсний бөхийн холбоог тэргүүлэхээр болсон юм. Ийн 20 шахам жил нэг хүнээр удирдуулсан холбоонд "салхи" оруулсан эрхэм аварга гишүүн цаашид холбоог хэрхэн авч явахыг харж л сууя даа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх