Кемеровын худалдааны төвийн галд өртөн нас барсан хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байжээ


Оросын Кемерово хотын "Өвлийн интоор" худалдааны төвд уржигдар буюу 2018 оны 3 сарын 25-нд үдээс хойш гал гарсны улмаас 64 хүн амиа алдаж, 40 гаруй хүн түлэгдэж бэртсэн харамсалтай үйлд явдал болоод байгаа билээ. Тус худалдааны төвийн хамгийн дээд давхраас буюу дөрөвдүгээр давхраас гал гарч эхэлсэн бөгөөд гал сөнөөгчид 20 хүнийг галаас аварч, 100 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Хамгийн харамсалтай нь амь үрэгдсэн 64 хүний 30 нь л насанд хүрэгчид байжээ. Гэхдээ албан бус эх сурвалжийн өгч буй мэдээллээр нас барсан хүний тоо 64 биш, 300 гараад байгаа хэмээж буй. Түүнчлэн тус худалдааны төвийн кино театр дотроос олон хүүхэд гарч чадалгүй нас барсан эмгэнэлтэй мэдээг ОХУ-ын хэвлэлүүд дамжуулж байгаа юм. "12 настай Вика авга эгч рүүгээ залгаад "Би гарч чадахгүй нь, амьсгалж ч чадахгүй байна. Ээжид минь хэлээрэй, маш их хайртай шүү тандаа, бусдад нь ч бас хайртай байсан шүү" хэмээн хэлээд утас нь тасарсан гэх харамсалтай үйл явдлыг мөн цөөнгүй хэвлэлүүд онцолсон байна. Кемерово хотын иргэдийн ярьж байгаагаар “Өвлийн интоор” гэр бүлүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол төв байсан аж. Хүүхдүүд дөрөвдүгээр давхарт байрлах тоглоомын төв болон кинотеатрт л цагаа өнгөрүүлэхээр ирдэг байсан бол эцэг эхчүүд нь хүүхдүүдээ дээр үлдээчихээд өөрсдөө доод давхруудад байрлах кафе, зоогийн газруудаар үйлчлүүлэн, боулинг тоглож цагаа өнгөрүүлдэг байж.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх