Ким Жон Ун, Си Зиньпин хоёр нууц уулзалтаараа юу ярив...


Хэд хоногийн өмнөөс Бээжинд өндөржүүлсэн хамгаалалт гарч, Хойд Солонгосын үе үеийн удирдагч нарын гадаад дотоодын айлчлалдаа ашиглаж байсан шиг хуучны загварын, ногоон өнгийн галт тэрэг Бээжингийн галт тэрэгний буудал дээр зогсож буй зураг болон бичлэг нийгмийн сүлжээгээр тархсан юм. Түүнээс гадна өмнө нь Хойд Солонгосын удирдагч нарын Бээжинд айлчилж байхдаа бууж байсан буудлын гадна олон тооны цэрэг цагдаа нар хамгаалалтанд гарсан байсан учир урд хөршийн ард иргэд Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Чон Ун айлчилж байж магад гэсэн таамаг дэвшүүлж байсан. Олон нийтийн таамаг үнэн байж, 2011 онд аавыгаа нас барсны дараа төрийн эрхэнд суусан Ким Жон Ун гадаад улс орны ганц ч төрийн тэргүүнтэй биечлэн уулзаагүй байсан бөгөөд анхны уулзалт нь БНХАУ-ын  Ерөнхийлөгч Си Зиньпин байв.

Уулзалт болж дууссаны дараа хэвлэл мэдээлэл болон олон нийтэд мэдээлсэн хоёр том улсын тэргүүнүүдийн уулзалт энэ сарын 23-наас 28 хүртэл үргэлжилсэн аж. БНХАУ бол Хойд Солонгосын хувьд худалдааны гол хамтрагч, хуучны холбоотон билээ. Хойд Солонгосын залуу удирдагч БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинээс гадна Ерөнхий сайд Ли Көцян, Дэд ерөнхийлөгч Ван Көшан зэрэг Хятадын төрийн дээд албан тушаалтнуудтай уулзсан талаар Синьхуа агентлаг мэдээлж байна. Түүнээс гадна Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид бүс болгох хүсэлтэй байгааг онцолжээ.

Айлчлалын үеэр Ким Жон Ун, “Өмнөд Солонгос болон АНУ бидний хичээл зүтгэлийг эергээр хүлээж аван, энх тайвныг бий болгох үр дүнтэй, ээлж дараатай арга хэмжээнүүд авахын зэрэгцээ энх тайван, тогтвортой байдлын уур амьсгал бүрдүүлсэн тохиолдолд  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох асуудлыг шийдэж болно” хэмээн мэдэгджээ. Си Зиньпин болон тэргүүн хатагтай Пен Лиюань Хойд Солонгосын зочдодоо зориулж хүндэтгэлийн зоог барьсан байна. Хоёр тэргүүн хатагтайн хувьд хоёулаа дуучин юм.  

Хойд Солонгосын удирдагч анхныхаа айлчлалыг БНХАУ-аас эхэлсэн талаараа, “БНАСАУ болон БНХАУ-ын нөхөрсөг харилцааг цааш үргэлжлүүлэх мөн хоёр орны нөхөрлөлийг хэр их үнэлдэг болохоо харуулахыг хүссэн болохоор” хэмээн тайлбарласан байна. Тэрбээр, “Аз жаргал, хүсэл мөрөөдлөөр дүүрэн энэ хавар Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпинтэй хийсэн миний анхны уулзалт БНАСАУ-Хятадын нөхөрсөг харилцаанд арвин их үр өгөөж авчирч, Солонгосын Хойгт энх тайван, тогтвортой байдал тогтооход түлхэц болж өгөх байх гэж би итгэж байна.” хэмээн хэлсэн үгэндээ дурдсан байна.

Үүний хариуд Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин, “Хоёр  улсад үр өгөөжөө өгөх удаан хугацааны эрүүл, тогтвортой харилцааг тогтоон, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй.” байна гэдгээ мэдэгджээ.

Сонирхуулахад, Ким Жон Уны өвөө ба аав нь ОХУ болон БНХАУ-д айлчлахдаа бүрэн хуяглагдсан галт тэргээр зорчиж байсан юм. Хамгийн сүүлд 2011 оны наймдугаар сард Ким Жон Уны аав Ким Жон Ил ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзахаар Москвад галт тэргээрээ ирж байсан билээ. Оросын дипломат асан Дмитрий Пульковскийн бичсэнээр тус галт тэрэгний үйлчлэгчээр үзэсгэлэнтэй бүсгүйчүүд ажилладаг ба зоогонд амьд хавч, Францын үнэтэй улаан дарсаар үйлчилдэг аж. Хойд Солонгосын удирдагчийн сууж явдаг хэсгээс гадна аюулгүйн алба болон тагнуулын алба тус тусын хэсэгт зорчиж явдаг талаар БНСУ-ын Чосун Илбо сонинд бичжээ. Түүнчлэн галт тэргэнд хурлын өрөө, зочдын өрөө, унтлагын өрөөнүүд байдгаас гадна сансрын холбооны утас, хавтгай дэлгэцтэй зурагт суурилуулснаар Ким Жон Ун шууд галт тэрэгнээсээ үүрэг даалгавар өгөх, мэдээлэл авах боломжтой аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх