“Дахин тэвчихгүй” жагсаалд үе үеийн мянга мянган төлөөлөл оролцож байна...


Яг одоо Сүхбаатрын талбайд хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” хэмээх тайван жагсаал болж байна. Жагсаалд иргэд маш олноор цуглаж, үе үеийн мянган, мянган төлөөллүүд оролцож байгаагийн дунд олны танил урлаг, соёлын нөлөө бүхий хүмүүс ч цөөнгүй иржээ.

Жагсаалыг эгэл жирийн есөн аав, ээж зохион байгуулж байгаа бөгөөд ямар нэгэн улс төрийн нам эвслийн нөлөөгүй, зөвхөн сэтгэлийн дуудлагаар, санаа бодолоо нэгтгэн агсаж байгаа юм. Жагсаал зохион байгуулагчдын зүгээс хэн нэгэн улс төрч, ямар нэгэн нам эвслийн захиалгаар жагсаал зохион байгуулаагүй гэдгээ илэрхийлэхийн сацуу жагсаалд оролцогчдыг эмх журамтай байж, улс төрийн шинж чанартай уриа лоозон барихгүй байхыг уриалж байлаа. 

Энэхүү жагсаалын зорилго нь Эрүүгийн хуулиар хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг чангатгах, гэмт этгээдийн ял завших боломжийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зочид буудлын тоог хязгаарлаж, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмуудыг сайжруулах зэрэг шаардлагыг Төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх юм байна.

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалыг дэмжиж дуу хоолойгоо нэгтгэхээр тус тусын үзэл бодлоо илэрхийлж гадаад улсад суугаа Монголчууд болон аймаг орон нутгуудад оршин суугаа иргэд өөр өөрийн оршин суугаа орон нутагтаа ижил зорилгоор нэгэн үзэл бодлын доор жагсаад байгаа  юм. Түүнчлэн төрийн бус байгууллагууд, Нийтийн дуучдын холбоо, хошин урлагийн хамтлаг продакшин, УДЭТ-ын жүжигчид, хамтлаг дуучид болон соёл, спортын олны танил эрхмүүд олноороо нэгдэхээр ирсэн байлаа.

Мөн сайны хажуугаар саар гэгчээр Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах оффшорчдыг эсэргүүцэн хагас нүцгэлэн жагсаж байсан хэсэг эмэгтэйчүүд тайзны ард ирж багагүй хэл ам татлаад авав. Тодруулбал тэд хүчирхийллийн эсрэг жагсаалд нэгдэж байгаа гэх нэрийн дор жагсаалыг үймүүлэхийг оролдсон юм. Харин зохион байгуулагчдын зүгээс тэднийг эрх замбараагүй байдалд хүмүүсийг уриалахгүй байхыг сануулсан төдийгүй олон нийтийг ч тиймэрхүү хүмүүсийн нөлөөнд автахгүй байхыг анхааруулсан бүсгүйчүүд удалгүй төв талбайгаас явсан юм.

Ийн тайван замаар зохион байгуулж буй жагсаалд үе, үеийн төлөөлөл болсон олон мянган хүмүүс нэгдэн төв талбайд ирсээр байна...

Бид энэ тухай тун удахгүй дэлгэрэнгүй сурвалжлага хүргэх болно.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх