Н.Ган-Од: Казинотой усан онгоцон дээр 6 жил тайчиж байна...


Сүүлийн хэдэн жилийн турш хэвлэл мэдээллээс хол байж, хилийн чандад ажиллаж амьдарсан Ганбууш буюу Н.Ган-Одыг энэ удаагийнхаа зочноор урьж, ярилцлаа. Тайланд улсад хүйс солиулах мэс засал хийлгэсэн анхны Монгол хүн тэрбээр олонд “ад” үзэгдэж, саар, муугаар хэлэгдэж, чичлүүлж, дарамтлуулж явсан ч бүсгүй хүн болно гэсэн чин хүсэл мөрөөдлөөсөө хэзээ ч няцаагүй юм. Өдгөө тэрбээр 63 настай. Түүнтэй үе чацуу эмээ нар ач, зээгээ харан гэртээ сууж байхад тэр есөн удаа мэс засалд орж, арлын оронд казинотой усан онгоцон дээр бүжиглэсэн  шиг ээ, гялалзаж явна. Өнөөгийн нийгмийн өвөрмөц нэгэн өнгө аяс болсон түүний илэн далангүй яриаг эрхэм уншигч танаа дэлгэж байна.

  • Та хэдэн жилийн турш хэвлэл мэдээллээс хол байлаа. Таныг олж уулзах гэж хойноос тань нэлээд хөөцөлдлөө шүү. Ийн нам гүм байх болсон нь ямар нэгэн шалтгаан байсан болов уу...

Харин өөрийг тань олон, дахин яриад байхаар нь таныг болон сайтыг хүндэтгээд яриа өгч байна. Би 2015 оноос хойш хэвлэлд ярилцлага өгөөгүй. Сүүлийн үед Монголдоо бараг байсангүй ээ. Ёстой л нөгөө нүүдлийн шувуу шиг Монгол, Япон хоёрын хооронд жим гартал нисэж байна. Хувийн амьдралд ч бас өөрчлөлт гарсан зэргээс болоод хэвлэлээс хол байх болсон. Би Японы Окинавагийн казинотой усан онгоцон дээр жилдээ нэг удаа очиж бүжиглэж байгаа. Өнөөдөр Монголчууд бидэнд өөрийнхөө хүч хөдөлмөрөөр амьдрахад цалин бага, татвар өндөр, орчин муу гэх мэтээр асуудлууд их байна шүү дээ. Тиймээс би Японд ажиллаж байгаа. Япон талаас 2013 онд Монголд ирээд энд шөнийн клубт бүжиглэдэг бүсгүйчүүдээс авч явахаар болсон юм. Гэтэл нөгөө бүсгүйчүүдийн маань виз нь гараагүй. Тэгээд тэр охидуудаас нэг нь намайг санал болгоод утасны дугаарыг маань өгсөн юм билээ.  Гэтэл тэдэнд миний бүжиг ихэд таалагдсан. Харин би жаахан эмээгээд “Миний нас өндөр ш дээ” гэж хэлтэл тэд “Тэр хамаагүй, та үнэхээр сайн бүжиглэдэг юм байна. Та манайд ажиллаач...” гэсэн санал тавьсан л даа. Тэгээд л би зөвшөөрч, 2013 оноос хойш зургаа дахь жилдээ бүжиглэж байна. Одоо тун удахгүй бас Францад очиж бүжиглэх гэж байгаа. Саяхан манай онгоцны казинод тоглохоор хэдэн Францууд ирсэн юм. Тэд Ази царайтай бүжигчид авахаар ирсэн ч Солонгос, Япон бүсгүйчүүд царай нь гоё боловч хөл нь онцгүй, бас бөгс муутай байдаг юм байна л даа. Азаар би эцэг, эхээсээ их сайхан хөлтэй төрсөн юм шиг байгаа юм. Тэгээд надад санал тавьсан. Ажлын хувьд нэг иймэрхүү л байна даа. Харин миний зүгээс нийгэмд чиглэсэн хийж буй ажил гэвэл Монголынхоо intersex-хос эрхтэнтэй буюу бэлгийн бэрхшээлтэй иргэдийг халамж, группт хамруулах зорилгоор төрийн бус байгууллага байгуулсан. Intersex-хос эрхтэнтэй иргэд нь бэлгийн бэрхшээлтэй гэж тооцогддог. Ийм хүмүүс улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй адилхан халамж эдэлж, группт хамрагддаггүй. Би л гэхэд улсдаа 40 жил ажиллаж, тэтгэвэрт гарчихаад, есөн удаа мэс засалд орчихоод өнөөдрийг хүртэл халамж эдлээгүй л явж байна. Харин сүүлийн хэдэн жил хөөцөлдөж байгаад өөрөөсөө гадна хоёр хүүхдийг хамруулж чадсан. Хос эрхтэнтэй хүн саяд нэг л удаа төрдөг гэдэг. Монголд гэхэд би, долоон настай нэг, хоёр настай нэг гээд ердөө гуравхан л хүн бий. Тэр хоёрыгоо би 16 нас хүртэл нь халамжид хамруулахаар болгосон. За миний сүүлийн үеийн сонин сайхан гэвэл нэг иймэрхүү л байх шив дээ.

  • Та одоо хэдэн настай билээ?

Би 63 настай.

  • Хөөх, тийм үү. Таны насны хүмүүс хэдийнэ эмээ болчихсон ач, зээгээ хараад л гэртээ сууж байгаа. Гэтэл та бүжиглээд л явж байдаг. Бүжиглэхээр хөл чинь ядаж өвдөхгүй байна уу?

Яалаа гэж өвдөх юм бэ. Би чинь сэтгэлээрээ бол өөрийгөө 22 настай гэж боддог хүн шүү дээ. Багаасаа л байнгын хөдөлгөөнтэй явж ирсэн болохоор хөл, гар өвддөггүй юм. Хамгийн гол нь бүжиглэж ирсэний буян л даа. Миний арьс ч бас залуугаараа байгаа биз дээ. Энэ ч бас л хөдөлгөөн ихтэй байсны гавьяа шүү дээ. Би 20 см өндөр өсгийтэй гутал өмсөөд бүжиглэдэг. Огт хөл өвдөж, ядардаггүй.

  • Өдий насан дээрээ ингээд явж байна гэдэг мундаг юм аа. Та сая хувийн амьдралдаа нэлээдгүй өөрчлөлт хийсэн гэсэн. Нууц биш бол энэ талаараа яривал...

Тэгсэн өөрчлөлт нэлээд орсон. Уг нь хувийнхаа амьдралыг яримааргүй л байна даа.

  • Таныг найз залуутай болсон гэж сонссон юм байна. Үнэн үү?

Үнэн. 20 насаар дүү гадаад залуутай хамт амьдарч байгаа. Миний мэс заслын бүх төлбөрийг даасан хүн маань л даа. Хүмүүс “Ганбуш нэг хачин хөгшин гадаад юмтай суучихаж...” гээд л яриад байна гэсэн. Ер нь “чадаж байгаа юманд арга алга, чангаалгаж байгаа юманд хууль алга” гэж үг байдаг биз дээ. Би л өөрөө жаргалтай байвал миний амьдрал хүнд хамаагүй. Манай хүн нэр хүндтэй, тодорхой хүрээлэлтэй, боловсролтой залуу бий. Уул, уурхайн чиглэлээр ажилладаг. Монголд амьдраад 15 жил болж байна. Бид хоёр салж, нийлээд л 15 жил явсан. Харин сүүлийн жилүүдэд хамт амьдарч байгаа. Хүний амьдрал дардан байдаггүй шүү дээ. Айлын эзэгтэй болох гэж хичээж л явна даа.

  • Та тэгээд хэр сайн гэрийн эзэгтэй болж байна даа...

Үгүй ээ, яах вэ. Эмэгтэй хүн зочдын дунд хатан хаан шиг, гэртээ гэрийн үйлчлэгч шиг, харин гал тогоонд тогооч шиг, орондоо янхан шиг байх хэрэгтэй гэдэг. Дээрээс нь мэдээж тэвчээртэй байх хэрэгтэй байдаг. Миний хувьд чадахаараа л хичээж байна.

  • Гэрийн үйлчлэгч авчихвал амар юм биш үү, танд...

Аан гэрийн үйлчлэгчтэй гэж хэлж болох юм даа. Яагаад гэвэл манай хамаатны Өнөрөө гээд бүсгүй долоо хоногт нэг удаа ирж их цэвэрлэгээ хийдэг юм.

  • Найз залуу тань өөрөөс тань 20 насаар дүү юм чинь та харддаг байх даа...

Үгүй ээ, нээх хардаад сүйд болоод байх нь ч хашаа юм. Мэдээж тодорхой хэмжээнд хүн л юм чинь хар байлгүй яах вэ. Гэхдээ тэр хүн хэнтэй уулзаад, яагаад явах нь надад ямар хамаатай юм бэ. Би угаасаа хатан нь байгаад гэрийнх нь эзэгтэй болоод ёстой нөгөө хатан хааных нь тэргүүн титмийг өмсөөд сууж чадаж л байгаа юм чинь тэр хүн нүднээс талд хэнтэй уулзах нь надад нэг их ач холбогдолтой биш ээ.

  • Хүмүүс хайртай бол хартай гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү...

Харьцангуй ойлголт л доо. Хайр их олон янз байдаг. Эцгийн хайр, эхийн хайр, найз нөхдийн хайр, амраг сэтгэлийн хайр гэх мэтчилэн насан туршдаа л хүний сэтгэлд байдаг зүйл. Харин дурлал бол огцом оволзоод өнгөрдөг зүйл. Гэхдээ хайр дурлал хоёроос хамгийн хүчтэй зүйл бол хүнд дасах. Эрэгтэй хүн эхэндээ дурлаад сүүл дээ эрч нь сулардаг гэдэг. Харин бүсгүй хүн цаг хугацаа явах тусам улам их дасаад байдаг. Хосууд удаан хугацаанд хамт байхаар бие биендээ дасдаг юм байна. Хэн нэгнийгээ ийш, тийшээ явчихсан үед их үгүйлж, санаж, шаналдаг юм билээ.

Найз залуу маань миний мэс засал, эмчилгээнд 200 мянган ам.доллар зарцуулсан...

  • Та өмнө нь буудал хэсээд л, ганцаараа зоргоороо, эрх чөлөөтэй амьдарч байсан хүн. Гэтэл одоо хэн нэгэнд “хазаарлуулж”, хамт амьдарч байна. Танд магадгүй эрх чөлөөгүй, дураараа гарч болохгүй, амаргүй санагдаж байж болох л доо...

Харин тийм ээ, эр хүний харцаар байна гэдэг чинь тийм ч амар биш юм. Ёстой л өөрийн тань хэлдгээр эрх чөлөөтэй явж байгаад хүний хорионд орчихоор төвөгтэй санагддаг юм байна шүү. Тэглээ гээд мань мэтийн хөдөлгөөнтэй хүмүүс чинь гэрт хэвтэж чадахгүй л дээ. Гадуур гарч, хүн амьтантай уулзаж, ууж иднэ. Гэхдээ эмэгтэй хүний мөн чанар гэдэг их сайхан. Эр хүнд их үнэнч байдаг юм. Удаан хамт байхаар их дасаад, өөр хүнтэй уулзахаар нэг л хуурч байгаа юм шиг санагдаад гадуур хамаагүй хүнтэй уулзаад яваад байж чадахгүй юм билээ. Бас арга ч үгүй л дээ. Би тэр хүний өчнөөн мөнгийг үрээд хагалгаанд орчихсон юм чинь. Одоо ч бас л байнга гадагшаа явдаг. Ганцхан хагалгаа хийлгээд болоогүй ээ бас. Хагалгааны дараах зовиур, эмчилгээ гээд л их мөнгө орсон. Би тэр хүнээс өнөөдрийг хүртэл зөвхөн хагалгаа, эмчилгээ, урсгал зардал гэхэд 200 гаруй мянган ам.доллар авч зарцуулсан байна лээ. Хүмүүс “тэр мөнгөөрөө байр авчихгүй яасан юм бэ” гэдэг юм. Би ч бас өөртөө байр авдаг байж гэж боддог юм. Анх манай хүн л намайг хагалгаанд ор гэж ятгасан юм л даа. Би “надад мөнгө байхгүй юм чинь юугаараа хагалгаанд ордог юм...” гээд хэлсэн чинь “Би өгчихнө” гэж хэлээд өгсөн. Одоо би нөхөртэйгөө муудалцахаараа “Чи л намайг хагалгаанд ор, авахуул гэж ятгаад авахуулсан биз дээ. Би 2012 оноос хойш ганц ч секс хийсэнгүй. Бүх зүйл чамаас л боллоо...” гээд бухимддаг юм.

  •  Уучлаарай, та сая авахуулах гээд хэллээ. Таныг хүйсээ солиулсан гэж хүмүүс ярьдаг. Харин та болохоор хос эрхтэнтэй байж байгаад эр бэлэг эрхтэнээ авахуулсан гэдэг. Энэ талаар та манай уншигчдад тодорхой тайлбарлаж өгөхгүй юу. Надаас эхлээд л ойлгохгүй хүн зөндөө байна л даа...

Харин хүмүүс ялгаж, салгаж сайн ойлгодоггүй юм шиг байгаа юм. Би өмнө нт онгон биш байсан л даа. Харин мэс засал хийлгэснээсээ хойш онгон болсон. Хүмүүст ойлгомжтой байдлаар тайлбарлах юм бол би intersex-хос эрхтэнтэй буюу төрөлхийн бэлгийн бэрхшээлтэй хүн. Өөрөөр хэлбэл шодой, анус хоёрын дунд үтрээтэй байсан. Гэхдээ төмсөг нь эм бэлэг эрхтэний уруул байсан.  Эр, эм бэлэг эрхтэн маань 57 нас хүртэл бүрэн ажилласан. Тэгээд 57 нас хүрмэгц эр бэлэг эрхтэн маань хөвчирөлт сулраад ирэхээр нь авахуулсан юм. Нэг үгээр хэлбэл мэс засалд ороод эр эрхтэнээ авахуулаад эм бэлэг эрхтэн буюу үтрээтэйгээ үлдэж одоо эмэгтэй болсон. Мэс заслаар ганцхан эр эрхтэнийг нь аваад зогсдоггүй юм билээ. Эм бэлэг эрхтэнтэй шээсний сүвийг нэгтгэх, дур тавилтыг нэгтгэх, үр тогтоох боломжийг нээх гэх мэтчилэн олон нарийн, нандин мэс ажилбарууд хийсэн. Хүмүүс намайг төрөлхийн эрэгтэй төрчихөөд эмэгтэй болох гэж эм бэлэг эрхтэн суулгуулсан хүн гэж ойлгоод байдаг. Тийм хүмүүсийг чинь трансжендер гэдэг юм. Тэд нэг хүйстэй төрсөн, ижил хүйстэндээ татагддаг, анусаараа бэлгийн харьцаанд ордог, нүүрээ будаж, даашинз өмссөн, шодойгоо унжуулсан эрчүүд гэж ойлгож болно. Тэд хэдийгээр бэлэг эрхтэнээ солиулсан гэж ярьж явдаг ч өнөөдрийн байдлаар Монголоос бэлэг эрхтэнээ солиулсан хүн надаас өөр байхгүй. Би эр эрхтэнээ авахуулах, хүйсээ солиулах, хөх хийлгэх, нүүрээ өөрчлөх гээд нийт 9 удаа мэс засалд орсон. Хос эрхтэнтэй төрсөн хүн Монголд гуравхан бий гэж би түрүүн хэлсэн.

  • Тэгвэл та хэзээ онгон байдалдаа цэг тавьж, бүсгүй хүн болох гэж байна вэ?

Нөгөө хүсэл байв ч хясал их гэдэг шиг намайг бэлгийн харьцаанд орвол бөгсөн бие нь мэдээгүй болоод, суумгай болно гэж Тайланд доктор хэлсэн. Гэхдээ мэдээж онгон байлаа гээд би нөхөртэйгөө секс хийхгүй байна гэсэн үг биш шүү дээ. Заавал хийхгүйгээр сексээс таашаал авдаг зөндөө хувилбар бий. Гэхдээ би хэзээч анусаараа бэлгийн харилцаанд орж үзээгүй. Надад хос эрхтэн байсан юм чинь, анусаар хийх шаардлага байхгүй нь тодорхой. Хүний амьдралын гол зүйл бол нөхөн үржихүй байдаг. Эмэгтэй хүн чинь секс хийхгүй удаан явахаар ууртай болж, өнгө зүс алдаж, огцом жин нэмдэг. Харин миний хувьд мэс засалд орохоосоо өмнө ханаж цадталаа сексдээд үзчихсэн юм шиг байгаа юм. Гэхдээ мэдээж сайхан таашаалтай секс хийлгүй яах вэ.

  • Уучлаарай танд ер нь хүүхэд төрүүлэх боломж бий болов уу...

Одоо би 63 настай. Ийм насан дээр ёстой хүсээд ч бүтэхгүй юм билээ. Гэхдээ би чинь бас хүүтэй хүн шүү дээ.

  • Хүүтэйгээ холбоотой байгаа юу. Хаана амьдарч байгаа вэ?

Холбоотой байлгүй яах вэ. Хэдийгээр өргөмөл ч гэсэн төрсөн хүүтэй минь л ялгаагүй байдаг. Хүү маань Францад амьдарч байгаа. Гэр бүлтэй болж, хоёр хөөрхөн хүүхэдтэй болсон. 1985 оны залуу л даа. Би Францад уригдсан байгаа, удахгүй хүүгийндээ очно доо.

Намайг төрхөд аав, ээж хоёр салж, “удам бузарлачихлаа, хаячихъя” гэсэн гэдэг...

  • Ингэхэд та ер нь эхээсээ хэдүүлээ юм бэ. Гэр бүлийнхэнтэйгээ хэр холбоотой байдаг вэ?

Би есөн хүүхэдтэй айлын том нь. Гэхдээ би дүү нарынхаа талаар ярих эрхгүй. Яагаад гэвэл олон хүний нийгмийн асуудал хөндөгдөнө. Тэдэнд маань дарамт болдог учраас аль болох олонд мэдэгдэхгүй байхыг хичээдэг. Мэдээж айлын том болохоор дүү нар маань үргэлж л холбоотой байдаг. Аав, ээж маань олон жилийн өмнө бурхан болсон. Би чинь эмээ дээрээ өссөн хүн шүү дээ. Намайг анх төрөхөд “манай удамд ийм хүн байхгүй, удам бузарлачихлаа, энийг хаяна...” гээд л муудалцаад ээж, аав хоёр салсан гэдэг. Харин эмээ минь “хүнд хүн илүүддэггүй юм” гээд намайг өсгөсөн гэж ярьдаг юм. Эмээ минь намайг хар багаас л сэтгэлзүйн бэлтгэлтэй байхад сургасан. Их холын бодолтой айхтар хүн байсан. Бага байх үеэс л оёдол эсгүүрийн дугуйлан, бүжгийн дугуйланд явуулж, гарч болох эрсдэл, хүмүүсийн сөрөг харилцааны талаар урьдчилж хэлж, анхааруулдаг байсан.  Амьдралд алдахгүй байх тэр алтан зарчим, мэдлэг, боловсролыг эмээ минь надад олгосон.

  • Мэдээж та төдийгөөс өдийг хүртэл чамгүй саад, бэрхшээлийг туулж ирсэн байх. Санаанаас гардаггүй үйл явдлаасаа дурсвал...

Би энэ амьдралдаа хэзээ ч харамсдаггүй ээ. Надад сэтгэлээр унаж, би яах гэж төрөв өө гэж гуниж, гутрах үе олон байсан. Би Нийслэлийн 1, 11, 24, 9, 12 гэсэн таван дунд сургууль дамжсан байдаг. Сургууль дээр эмч ирж бид нарт үзлэг хийнэ. Тэгээд намайг хос эрхтэнтэй байхаар нь бүгд л мэл гайхаж, эвэртэй туулай үзсэн юм шиг л юм болдог байлаа. Тэгээд эмч нар багш нарт хэлчихнэ. Нөөгдүүл нь хоорондоо ярихдаа дээд ангийн ах нарын хажууд ярьчихдаг. Нөгөө хэд нь биеийн тамирын хичээл орохоор л намайг хөөгөөд элдчихдэг. Барьж аваад олон хүүхдүүдийн өмнө өмд шувт татаад л үзүүлчихнэ. Би 6-р ангиасаа эхэлж хүмүүст хүчиндүүлж ирсээн. Би тэр үед хэнд хэлэх юм бэ. Эмээдээ л хэлж уйлдаг байлаа. Мэдээж эмээ минь яаж ч чадахгүй шүү дээ. Тэгээд л арай гэж том болтол хэвлэлийнхэн амар заяа үзүүлээгүй. Би 42 жил хэвлэл мэдээллээр “нүдүүлсэн” хүн шүү дээ.

  • Тэр үеийн хүмүүсийг бодвол одоогийн хүмүүс бэлгийн цөөнхийг ойлгож, арай эерэгээр хүлээж авдаг болсон юм шиг санагддаг. Ийн ойлгоход таны нөлөө багагүй байсан болов уу, гэж би хувьдаа боддог юм...

Их өөр болсон шүү. Учиргүй алга ташиж хүлээж авах нь хаашаа юм. Гэхдээ их өөр, ойлгож харьцдаг болсон байна лээ. Өнгөрсөн 2016 оны сонгуулийн үеэр би нэг видео гаргаснаас болоод цагдаа нарт байцаагдсан даа. Тэр үед бол надтай хүний ёсоор, их хүндэтгэлтэй харьцсан. Дээхэн үед бол бид нартай их дээрэнгүй, маш бүдүүлэг харьцдаг байсан. Ганц цагдаа гэлтгүй ер нь нийгэм даяар бидэнд хандах хандлага нь арай өөр болсон гэж би бодож байгаа. Өөрийн тань хэлсэнээр миний оролцоо байсныг би үгүйсгэхгүй. Нэгэн үе сонин хэвлэлүүд гомо хүнийг надаар төлөөлүүлж бичдэг байсан. Тийм учраас би иймэрхүү бэлгийн чиг хандлагатай хүмүүсийг нийгэмд зөв ойлгуулах ганц хүн нь би л юм байна гэж бодож, үг, үйлдэл дээ маш их анхаарч, хэцүү байсан ч тэвчиж, ардаас хүмүүс чулуугаар шидээд байхад гүрийгээд л дуугүй өнгөрдөг байлаа. Тиймдээ ч хүмүүс өнөөдөр биднийг бага ч гэсэн ойлгодог болсон болов уу, гэж боддог юм. Ер нь иймэрхүү хүмүүсийг ойлгох эсэх нь бол хувь хүний ухамсрын асуудал даа. Намайг чи өнөөдөр доромжилж, элдэвээр хэлж болно. Гэвч магадгүй хожим чиний хүүхэд тийм төрөхийг үгүйсгэхгүй биз дээ. Амьдрал гэдэг чинь нүдтэй, үйлийн үр гэж байдаг юм.

  • Нээрээ таны сая ярьсан тэр 2016 оны сонгуулиар гаргасан видеоноос болж цагдаа, шүүх болоод байсан асуудал юу болсон бэ?

Тэр асуудал тэгсхийгээд л намжсан ш дээ. Надад угаасаа хүн гүтгэсэн, хүний захиалгаар ажилласан асуудал байхгүй. Би 2016 онд нийгэмд хандсан нийтлэг төрхийн талаар л ярьсан. Төрийн ордонд баахан бөх, дуучид ороод соёл, спортын ордон болчихлоо гэдэг утгаар л тиймэрхүү видео гаргасан. УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд оролцож буй бүсгүйчүүд бараг бүгд шахам л цэнхэр хувцас өмсөөд байхаар нь л би тийм өнгийн хувцас өмссөн. Гэтэл буруутан болоод нэг сураггүй хүүхэн надтай тэрсэлдээд намайг шүүхэд аваачаад өгчихсөн. Би тэр үед Япон нисэх гээд нисэх онгоцны буудал дээр очоод бүр гаалиар орчихсон байсан. Гаалиар орчихсон байхад ямар ч хүнийг гаргаж ирж чаддаггүй. Гэтэл намайг  нэг сураггүй хүүхний хүчтэй ар тал нь гаргаад ирсэн шүү дээ. Тэр айхтар ар талыг нь би мэднэ л дээ. Өнгөрсөн юмыг яах юм л гэж бодох юм даа. Гэхдээ намайг маш их хохироосон. Намайг гурван сар байцаасан. Миний бүх бичиг баримтыг хураагаад авчихсан. Японоос над руу залгаад бөөн юм болсон. Тэгээд би хөлөө гэмтээсэн гэж худлаа яриад 8 сарын сүүлээр явсан.

  • Уучлаарай таныг охид, бүсгүйчүүдийг биеийг нь үнэлүүлж мөнгө олдог гэх яриа байдаг л даа. Энэ хэр үнэний ортой вэ?

Надад зарагддаг хүүхэн гэж хаа байх вэ дээ. Өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдана гэгчээр юм болоод байгаа юм аа даа. Надаас зарим газрууд бүжигчид авдаг болохоор л тэгж хэлдэг байх. Зарим нэг атаархаж, чөтөөрөхсөн хүмүүс намайг муухай харагдуулж, “доош” нь хийхийн тулд тэгж ярьдаг ч байж мэдэх юм даа.

  • Танаас бүжигчид авдаг гэхээр та бүжигчдийг зуучилж өгдөг гэсэн үг үү?

Тийм ээ, шөнийн клубууд, шоу тоглолт зохион байгуулагчид эрэгтэй, эмэгтэй бүжигчдийг надаас л асуудаг ш дээ. Хот, хөдөө ялгаагүй. Монголын анхны тайчигчдийг бэлтгэсэн хүн нь би болохоор, мэдэхгүй зарим нэг хүмүүст нь буруу, зөрүү ойлголт байдаг байлгүй дээ.

  • Тэгвэл магадгүй үүнээс чинь болж л таныг хүүхэн зардаг гэж ярьдаг юм байна л даа. Яагаад гэхээр манай бүжиглэж, тайчдаг охидууд их нэр хүнд муутай байдаг. Бүжиглэж байгаад нэг мөнгөтэй эр дагаж яваад хамт хоноод мөнгө төгрөг авдаг гэж хүмүүс ярьдаг шүү дээ?

Наадах чинь ёстой буруу ойлголт байна. Тайчигч охидууд нь “явдаг” бол тэр шөнийн клубт хэн орох юм бэ. Нэг бүжигчин охин шөнийн клубт нь орж ирсэн нэг эртэй унтчих юм бол тэр эр дахиж тэр шөнийн клубт орохгүй. Яагаад гэвэл тэр бүжигчин охин тэр залууд нүүр өгөхгүй байвал нөгөө залуу охинтой унтахын тулд дахин дахин шөнийн клубт нь орж ирнэ биз дээ. Тэр охин нүүр өгөхгүй байвал унтахын тулд хэдэн ч удаа орж ирж орлого оруулдаг. Тийм учраас шөнийн клуб эзэд тайчигч нартай гэрээ хийхдээ үйлчлүүлэгчидтэйгээ дотно харилцаа үүсгэж болохгүй гээд заачихсан байдаг. Гэрээ зөрчвөл халагдана. Ажлаас гадуурч бас дотно харилцаа тогтоож болохгүй гэдэг. Гадуур унтаж хэвтдэг болчихвол тэр шөнийн клубт очих шаардлага байхгүй, гадуур буудалд орчихно биз дээ. Энгийн утгаар ойлгох юм бол тайчигч нар нь “явдаг” бол тэр шөнийн клуб тэгээд л дампуурна. Тэгэхээр охидуудыг тийм явдалтай гэж ойлгож болохгүй.

  • Ер нь тайчигч бүжигчдийн цалин, хөлс нь хэр өндөр байдаг юм бол...

Тайчдаг охидууд сэтгүүлч та нарын сард нэг удаа авдаг 500, 600 мянган төгрөгийн цалинг чинь гурав хоногтоо типээрээ хийчихнэ. Тэгэхээр яагаад тэр охидууд муу муухай нэр зүүсэн ч тайчих гээд улайраад байдаг нь тодорхой байгаа биз дээ. Тайчих үзүүлбэр үзүүлдэг шөнийн клубууд хоосон мэт харагдавч зөндөө нэр нөлөө бүхий олны танил эрхэмүүд хүмүүст харагдахгүй газар сууж л байдаг. Нэг шөнийн клуб 10 гаруй охидууд тайчдаг. Манай бүжигчдийн чадвар ч үнэхээр мундаг. Гэвч манай Монголын шөнийн клубууд бүжигчдээ сарын цалин гэж өгдөггүй, нийгмийн даатгалд хамрууладаггүй нь хуулийн цоорхой шиг санагддаг. Тэдний нийгмийн асуудал орхигдож байгаа нь их эмгэнэлтэй л дээ.

  • Тэгвэл та нууц биш бол Японд бүжиглээд хэдийг авдаг вэ?

Япон талаас миний очих, ирэх зардал, байр, хоол гээд бүгдийг нь даадаг. Казино тоглоомтой том усан онгоцон дээр бүжиглэдэг. Бүжиглээд гарахдаа би текэн дээр 100 доллар өгдөг. Яагаад гэхээр тэр газар намайг ажилд зуучилж байгаа учраас би мөнгө төлдөг. Харин үзэгчид надад тип буюу үзэж, таашаасныхаа мөнгийг өгдөг юм. Тэр казинод орж ирсэн хүмүүс хожсон нь хожлоо тэмдэглэж, хожигдсон нь гунигаа тэмдэглэж наргидаг. Далай дээгүүр усан онгоцтой явдаг. Баар, казино, ресторан нь бүгд 24 цаг ажилладаг болохоор хүн тасардаггүй. Тиймээс би өглөө 10 цагаас очоод орой 22 цагт буудаг. Хэзээ буух нь миний дур хэдий ч би ороод гарах болгондоо 100 доллар төлдөг болохоор өдөрт нэг л удаа ороод гарсан нь надад ашигтай л даа. Би 20 хоногт 10 мянган ам.доллар хийхийг хичээдэг. Би Японд мөнгө олохын зэрэгцээ бас эрүүл мэнддээ маш том хөрөнгө оруулалт хийж байгаа. Яагаад гэвэл бүжиг хүнд маш их эрч хүчийг өгдөг учраас би хөгширдөггүй бас хөдөлгөөний дутагдалд ордоггүй.

  • Монгол ер нь бэлгийн өөр чиг хандлагатай хэр олон хүмүүс байдаг юм бэ. Тийм хүмүүсээс танд хандах тохиолдол байдаг уу?

Манай улсын хүн амын 8-9 хувийг нь бэлгийн өөр хүсэл, чиг хандлагатай хүмүүс эзэлдэг. Ойролцоогоор 257 мянган хүн байна. Бэлгийн цөөнх гэдэг дотроо лесби, гомо, трасжендер гэх мэтийн есөн янзын төрөл байдаг. Надтай тийм олон хүн холбогддог. Би тийм хүмүүст чадахаараа туслаад халамжинд хамруулаад, насанд хүрсэн хүн байвал группд хамруулахыг хичээдэг.

  • Гэхдээ яагаад ч та нар хоорондоо жаахан эв түнжин муутай юм шиг ажиглагддаг...

Харин тийм ээ. Бид бол бэлгийн цөөнх хүмүүс. Бид нэгнийгээ ойлгож, хүндлэхгүй бол өөр хэн ойлгох юм бэ. Хэн хэн дээрээ дөрөөлж гарч ирсэн билээ дээ, ялангуяа ахмад хүмүүсээ хүндэлж байх хэрэгтэй. “Олгой хагаравч тогоо нь дотроо” гэдэг. Хэрэлдэж, шөргөөцөлдсөн ч дотроо хадгалж, нэр хүндээ бодож, бие биенийгээ хүндэлж, нэгнийхээ дээр гарах гээд атаархаад үзэлцээд байх шаардлага байхгүй шүү дээ. Бид өөрсдийгөө гадагшаа, нийгэмд зөвөөр ойлгуулахын төлөө хүн нэг бүр хичээгээч ээ, гэж хэлмээр байна.

  • Та нээрээ бодбилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ахмад насны ангилалд оролцох гэж байгаа гэсэн үү?

Бодбилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь IFBB, WBPF хоёр янз байдаг. Би IFBB-ийн 60-65 насны ангиллын фитнесс төрлийн модель мисс, бикини миссд нь оролцохоор багшаа аваад бэлтгэж байгаа. Энэ тэмцээнд би түрүүлэх зорилго тавьж бэлтгэж байгаа. Яагаад гэвэл энэ тэмцээнд түрүүлбэл  миний олон мэс засал хийлгэсний үр дүн, ач холбогдол нь гарах юм аа.

  • Таныг бас өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн “Өрөөсөн ээмэг” гээд кино зохиол бичсэн гэж сонссон юм байна...

Зохиолоо бол биччиж хараахан дуусаагүй байгаа. Яагаад гэвэл төгсгөж чадахгүй байна. Би зүгээр л мэс засалд орж, хүсэл мөрөөдөлдөө биелүүлсэн хүн. Гэхдээ Монголын ард түмнийг омогшуулах, үлгэр дуурайлал авчихаар ямар нэгэн бахархахаар алхам хийгээгүй юм билээ. Тиймээс би энэ тэмцээнд амжилттай оролцож Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулах хэрэгтэй. Дэлхийн аваргын тэмцээндээ амжилттай оролцож ирээд зохиолоо дуусгаад номоо гаргаад, киногоо хийх санаа байна.

  • Урилгыг маань хүлээн авч илэн далангүй яриа өрнүүлсэн танд гялайлаа. Таны хэлэх үгээр ярилцлагаа өндөрлөх үү хоёулаа...

За тэгье. “Хүний хүсэл мөрөөдөл нь дууссан газар хүн өөрөө үхдэг” гэж үг байдаг. Тиймээс аливаа хүн амьдралдаа ихийг мөрөөддөг байх хэрэгтэй. Би энэ зүйлдээ хүрэх юмсан гэж чин сэтгэл зүрхнээсээ хүсэж тэмүүлэх ёстой. Бид дэлхийн хамгийн баян оронд амьдарч байна. Дайн байлдаангүй, өлсгөлөнд нэрвэгдэж, усгүй ангаж цангаж зовохгүй байна. Гэвч бид дотроо “алалцаад” л гайгүй дээшээ гарсан нэгнийгээ муулж, араас нь татаад, хөдөлмөрлөхгүй байж ядуугаа гайхаад шүлсээ үсчүүлээд зүгээр суугаад байна шүү дээ. Бид сэтгэлгээндээ хувьсал хийж өөрчлөгдөх цаг ирсэн гэж хэлмээр байна даа.

Ярилцсан: С.Мөнхжаргал

      

 

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Deer Bichsen teneg amitnaas 1000 dahin deer engiin Hun bn. Shn shudraga yarichdag l Hun bn. Zarim humuus zugeer l huleej avch chadahgui l bgaa bolhoos zarim humuusees deer hund tuslaad sain l Hun bn. 2018 04 сар 02

Tuya

Зочин 2018 04 сар 01

Энэ пигээс сек хуухэлдээ хамаагуй дээр