Монголын бизнесийн салбарт цахиур хагалагч “next champions”-ууд тодроод байна


Голомт банк нь харилцагчдынхаа бизнесийн амжилтад бодитой хувь нэмэр оруулах, олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд чадавхжуулах зорилгоор Монгол Улсад анх удаа “Next Champions” форумыг амжилттай зохион байгуулсан юм.

Тус арга хэмжээний үеэр монголын ТОП-600 ААН-ээс санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, сайн засаглалын үлгэр дуурайллаараа бизнесийн салбарт өндөр амжилт үзүүлж буй Тэнүүн-Огоо ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, Монбэйкери ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ариунбат, Шилэн хийц ХХК-ийн Ерөнхий захирал Д.Гантулга, Түмэн Шувуут ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд нар “NEXT CHAMPIONS”-оор тодорсон юм.

 Монголын бизнесийн салбарт төдийгүй дэлхийд хүчтэй өрсөлдөгч болох шилдэг туршлага, ур чадварыг эзэмшсэн “NEXT CHAMPION” Шилэн хийц ХХК-ийн Ерөнхий захирал Д.Гантулгатай ярилцлаа.

Бизнесийн анхны гараагаа хаанаас эхэлсэн бэ?

Бизнесээ 2002 онд эхлүүлсэн. Тэр үед би машиныхаа салхины шилийг хагалуулчихаад засвар хийлгэх газар олоогүй. Тиймээс Монголдоо салхины шилийг матаж хийдэг үйлдвэр байгуулья гэсэн санаа төрсөн юм.  Эхний жилүүдэд маш олон маркийн, төрөл бүрийн салхины шил үйлдвэрлэж байлаа. Гэтэл манайд импортоор орж ирдэг хуучин машинуудын янз бүрийн хэлбэртэй шилийг нэг бүрчлэн хийх нь өндөр өртөгтэй байсан юм. Тухайн үед жижиг дунд үйлдвэрлэл болон барилгын салбарын хөгжил сэргэж эхэлснээр авто салхины шил үйлдвэрлэхээсээ илүүтэйгээр барилгын дотор тусгаарлах хана, хаалт, шилэн хаалга үйлдвэрлэх нь ашигтай байлаа.  Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөн дэх Монголын эзэнт гүрний газрын зургийг дүрсэлсэн аварга том шилэн ханыг бүтээх анхны том захиалгаа амжилттай гүйцэтгэснээрээ бахархдаг. Тэр үеэс л барилгын салбарын шилний зах зээлд Шилэн Хийц ХХК тугаа хатгаж чадсан гэхэд болно. Монгол Улсад орчин үеийн барилгын шилний технологи хараахан хөгжөөгүй байсан тул бид олон улсын  үзэсгэлэнд хамрагдаж, барилгын хийцийг судалж байлаа.

Бэрхшээлийг давсан түүхээсээ хуваалцвал?

Шил нь өөрөө их эмзэг материал тул амархан хагардаг. Гар хуруугаа зүсэхээс эхлээд буруу зүссэнээс болж том шилнүүд хаягдал болох зэргээр мэдэхгүй чадахгүй зүйлс зөндөө байсан. Анхны шилэн хаалгыг 7 удаа хийсний дараа нөгөө ажилтан маань шилэн хаалгаар дагнасан мастер болж билээ.

Таныг бизнест замчилдаг зарчим?

Салбартаа анхдагч байх, манлайлагч байх. Бид хамгийн анхны шил толь боловсруулах болон шил хатааж бэхжүүлэх шугамыг суурилуулж байлаа. Анхны шилэн хорго, шилэн доторх болон гадна заслын шийдлүүдийг өөрсдийн туршлагадаа  үндэслэн нэвтрүүлж байлаа. Үзэсгэлэн яармаг болгонд жил бүр оролцож, шилний шинэ технологийг тухайн жилд нь дотооддоо нэвтрүүлдэг байлаа.

Таны бизнесийн амжилтын томъёо юу вэ?

Чанар гэж хэлнэ. Байшин барилгын өнгө үзэмжид шууд нөлөөлдөг шилэн хийц нь хүн бүхний өмнө ил харагддаг тул шаардлага хангаагүй шилэн хийц үйлдвэрлэвэл тэр компани цаашаа явахгүй. Харин өнгө үзэмжтэй, чанартай шилэн хийц үйлдвэрлэсэн газраас захиалга тасрахгүй. Дээр нь дандаа нягт нямбай, өндөр нарийвчлал бүхий хийцтэй ажлууд дагнаж хийсээр байгаад манай залуусын ур чадвар маш өндөр түвшинд хөгжсөн.

Мөн бид компанийхаа жилийн ашгийн ихэнх хувийг буцаагаад үйлдвэрлэлийн бааз сууриа бэхжүүлэх, шинэ тоног төхөөрөмж суурилуулах, ажилчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зэрэгт зарцуулдаг. Цаашид барилгын салбарын хөгжлийн чиг хандлагад зөвхөн төмөр шил хоёроос бүтэх хийцлэл ихээр орж ирж байна.

Шил өөрөө технологийн шинэ шийдлүүдийг өөртөө агуулах боломжтой баялаг материал юм. Дэлхий нийтээр эрчим хүчинд хэмнэлттэй,  цахилгаан гүйдлээр өнгөө өөрчилдөг шилийг хэрэглээд эхэллээ. Халдаг шилтэй цонх хүртэл бий болж байна. Хоёр шилний завсар ямар ч агааргүй вакум орчныг үүсгэсэн цонх үйлдвэрлэгдэж байна гэх мэтээр шилний технологи эрчимтэй хөгжиж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх