МИАТ-ын захирал Т.Тамир өргөдлөө өглөө ...


“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Тамир албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Ч.Тамирыг 2017 оны аравдугаар сард “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирлаар томилж байсан юм. Түүний оронд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Баттөр, МИАТ ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатар хоёрын нэр яригдаж байна. Тэдний "марафон"-оос Д.Баттөрийг томилуулахаар хэдийнэ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт нэрийг нь явуулсан, одоо батлагдахыг нь л хүлээж буй  сурагтай. Түүнчлэн шинээр томилогдох захирал нь МИАТ-ын хувьчлалын ажлыг эрчимжүүлэх томилолттой шиг. Үндэсний хэмжээний агаарын тээврийн ганц томоохон компанийг удирдах хүн мэдээж тун чадварлаг нэгэн байх учиртай.

Уг нь Т.Тамиртаа МИАТ-ынхан тун ам сайтай байсан даа. Залуу хүн гэхэд тэрбээр  аливаа тулгарсан асуудлыг дор бүр нь маш оновчтой шийддэгийн зэрэгцээ богино хугацаанд компанидаа чамгүй хөрөнгө босгож чадсан сүйхтэй залуу гэлцдэг. Түүнийг ажлын хэрхэн арвин туршлагатай нэгэн болохыг намтраас нь харж болохоор...

Төмөрбаатарын Тамир  нь МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14/15 тоот тогтоолоор МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр өмнө нь 2013-2015 онд МИАТ ТӨХК-ийн Хонг Конг дахь Төлөөлөгчийн газарт Ерөнхий менежерээр ажиллаж байсан. Ажил хөдөлмөрийн гараагаа анх 2004 онд Төрийн тусгай албанаас эхлүүлж 2011-2013 онд Авилгатай тэмцэх газарт ажиллаж байсан. 1987-1997 онд ОХУ-ын Элчин сайдын дэргэдэх 14 дүгээр дунд сургууль , 2000-2004 онд  Унгар улсын Будапешт хотын Бизнесийн сургуулийг  Олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2008-2009 онд Итали улсын НҮБ-ын Шударга ёс судлалын хүрээлэн, Турины их сургуульд Олон улсын эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Орос, Англи, Унгар, Итали, Хятад хэлтэй.

Тэгвэл шинэ даргын суудалд горилж яваа Д.Баттөр гэж хэн бэ...

Сү.Батболдын Засгийн газрын үед Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Баттөрийг таних хүн цөөн болов уу. Харин сэтгүүлчид бол андахгүй. Учир нь тэрбээр тухайн үед “Өдрийн сонин”-гийн хуудсыг таагүйхэн мэдээллээр “чимж” явсан нөхөр. Тодруулбал тэрбээр засаг солигдон ажлаа өгөх болоход өөрийн яамныхаа Төсвийн бодлогын газрын  дарга, Орлогын хэлтсийн дарга, Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Зээл тусламж, хамтын ажиллагааны газрын дарга, Зээл тусламж, хамтын ажиллагааны газрын орлогч даргаар дан өөрийнхөө хүмүүсийг “шургуулж” чадсан байдаг. Мэдээж Д. Баттөр ажлаа өгөх нь тодорхой болсны дараа ийн өөрийн хүмүүсийг томилсон нь огтоос шаардлагагүй ажил байсан нь тодорхой. Харин тэр түүнд нөгөө дарга болсон хүн бүр гарыг нь цайлган чамгүй хэдэн төгрөг атгуулсан нь ойлгомжтой биз ээ. Мань хүн албан тушаалаасаа буухаас өмнө халаасаа зузаалаад авъя гэж бодсон байх л даа.

Д.Баттөрийг 2012 оны 10 сарын 27-нд Ерөнхий сайдын зүгээс ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэн ажлаас нь чөлөөлсөн юм. Тодруулбал, Сангийн яам нь тендерээр авсан ажлын гүйцэтгэл муу байхад мөнгийг нь бүрэн шилжүүлдэг атлаа ажлаа чанартай гүйцэтгэсэн компанид мөнгийг нь шилжүүлэхгүй хүнд суртал гаргадаг байсан аж. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх даа иймэрхүү байдлаар сонин, хэвлэлийн нүүрийг чимдэг байсан юм. Одоо түүнийг Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаг гэдэг ч сайдын ажлын албаныхан дунд яагаад ч юм нэр, мэдээлэл нь байдаггүй юм билээ. 1968 онд төрсөн Д.Баттөр Төрийн нарийн бичгийн даргийн ажлаа өгснөөс хойш Герман улсын Берлин хотод хэсэг хугацаанд консулаар сууж байгаад өнгөрсөн жилээс эх орондоо ирээд буй.

Н.Энхбаатар гэж хэн бэ...

Хэдэн жилийн өмнөөс л МАН-ын ах нарыгаа даган цүнхийг нь барин гүйсэн Н.Энхбаатар гэх залуу бол ёстой “google”-д ч мөргүй нөхөр. Харин МИАТ ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилогдсоноор ганц, хоёр хэвлэлд яриа өгөөд буй. Мэдээж ярьсан, хэлсэн үг нь салбарынхан болоод олон нийтэд таалагдаагүй. Мань хүний намтарыг сонирхуулбал...

Н.Энхбаатар 2016 оны 12 сараас МИАТ ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр Улсын Их Хурлын гишүүний туслахаар ажлын гараагаа 2006 онд ажлын гараагаа эхлүүлж улмаар 2008 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж 2010-2015 онд  НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг ажлуудыг хийж иржээ. 2001-2005 онд МУИС-ийн НШУС-ийг Философич, Нийгэм судлалын багш 2008-2010 онд МУБИС-Нийгмийн ухааны сургуулийг Улс төр судлалын магистр 2014-2016 онд АНУ-ын Вашингтон ДиСи хотын Жорж Вашингтоны их сургуулийн Хууль тогтоох засаглалын үйл ажиллагааны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Англи хэлтэй.

За нэг ийм шальдар булдар хоёр хүнийг Үндэсний хэмжээний агаарын тээврийн ганц том компани болох МИАТ-ын удирдлагаар тавих гээд л зүтгүүлээд байна даа. Мэргэжлийн нарийн мэдрэмж, ур чадвар шаардагдах энэ компанийн удирдлагад хэр нийцэх гэсэн эргэлзээнээс илүү "хувьчлалын салхи" тавих нэгэн гэдэгт нь ач холбогдол өгөх хэрэгтэй болов уу...Тун удахгүй хэн нь МИАТ-ын захирал болж, тус компанийн хувь төөргийг зурахыг харах л үлдэж байх шив дээ.

С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх