Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийжээ


Монгол Улсад сүүлийн жилүүдэд хуурамчаар мөнгөн тэмдэгт хийх зөрчил нэмэгдсэн тухай албаныхан мэдээлж байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх нь ноцтой гэмт хэрэгт тооцогдох бөгөөд цагдаа, шүүхийн байгууллагаас хэргийг хэлэлцээд хуурамч дэвсгэр үйлдэгчид хорих хүртэл ял оноодог байна. 

Тодруулбал 4 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн банкинд хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн тохиолдол гарчээ. Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух хаягтай иргэн С “хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд орлоо” гэж дуудлага өгсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн нь тогтоогдсон байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд:

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах тухай

1. Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх