"Оюутолгой" ашигаа хүртсэний дараа бидэнд ямар газар үлдэх вэ...


"Хэн мөнгөө төлнө тэр хөгжмөө сонсоно" гэж үг бий. Алтан шаргал нутаг буюу алтаар баян Өмнийн говьд гадна хөрөнгө оруулалттай олон уул уурхайн алтны болоод нүүрсний компаниуд үйл ажиллагаагаа явуулж буй. Нутгийн иргэдийг төдийгүй, улсын удирдагчдийг хүртэл "ногоон доллар"-аар халаасандаа хийчихсэн тэд Монголын газар нутаг, миний нутгийн хөрс шороон дээр юу л бол юу хийж, яаж л бол яаж тоглож, ухаж, сэндийчиж чадна. Харин тэдний эсрэг хэн ч дуугарч чадахгүй. Яагаад гэвэл тэд мөнгөтэй учраас. Энэ удаад хөрс, шороо, бохирдол, үхжилт, цөлжилт, хүн амын эрүүл мэнд гээд олон асуудлаар хөндөж бичих гэсэнгүй. Угаасаа энэ асуудлаар бичвэл хэдэн өдөр, хэдэн дэвтэр дүүртэл бичихээр их гомдол, харуусал би. Харин ганцхан жил ирэх тусам цөлжиж, ан амьтан нь хатаж үхэж буй говийн усны нөөцийн талаар хөндөхөөр шийдсэн юм. 

Монгол бол усны нөөц багатай хуурай, сэрүүн, өндөрлөг орон. Дэлхийн дундажаар 800 мм тунадас унадаг байхад манайд дөнгөж 250 мм, харин Говь Цөлийн бүсэд 50-150 мм ордог. Өмнөд Говийн район Монгол улс БНХАУ-ын нутгийн зарим хэсгийг хамарсан  Говь  гэх нэршил бүхий дэлхийн толбо нутагт оршино. Говь гэдэг нь монгол үгсийн санд “усгүй газар нутаг” гэж томьёолсон байдаг. Олон улсад Gobi-desert гэж тэмдэглэдэг. НҮБ-аас гаргасан үндсэн тодорхойлолтоор хур тунадас, ууршицын харьцаа 0.05-0.65-ын хооронд байдаг нутгуудыг байгалийн чийг хангамшлын нөхцөлөөр хуурай, нэн хуурай гэж тооцох ба Монгол орны байгалийн нөхцөлийг харгалзан зөвхөн дулаан улиралд орох тунадасны хэмжээг тухайн хугацааны ууршицын хэмжээнд харьцуулсан харьцаагаар тодорхойлсон чийгжлийн коэфицентоор  мужласан зургаас үзвэл Өмнөд говийн район 0,05-0,2 –оос доош байгаа нь байгалийн нөхцөлөөрөө нөхөн сэргэгдэх чадваргүй эмзэг экосистемд хамаарч байна. Чийг дутагдсанаас маш их хуурайшиж харьцангуй амьдралгүй болсон явдал Говийн онцгой шинж тэмдэг боловч бас уур амьсгал, усны нөөц, чийгийн хангамжийн хэмжээнд  зохицсон эндемик ургамал, амьтантай өвөрмөц экосистем юм. Говь хайрга элсэрхэг гадарга, шохойжсон бор саарал хөрс, тачир сийрэг ургамалтай гадарга дээрээ усан сүлжээ байхгүй, эрс тэс уур амьсгалтай нутаг. Говьд гүний усан бий болгох нөхцөл маш бага. Байгууллаа гэхэд ундрага нь удаан, усны нөөц нь амрхан шавхагдчихдаг дутагдалтай. Гэвч яг тэр ус дутагдалтай хэсэгт уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байна. 

Говьд гадаргын ус бол нэн ховор. Хаяа ордог түр зуурын бороо, уруйн ус хуурай сайраар урсаж тойромд хуримтлах авч удалгүй ууршин алга болно. Нүүдэлч малчид Хайласт сайрыг дагуулан бага гүнтэй худаг гарган ашиглах нь түгээмэл.  Тектоник хагарлын  шугам, ан цав дагаж гардаг цөөн булаг бий. Гадаргын ус ховор учраас энэ бүс нутгийн хотгоруудад зөвхөн газар доорх усыг унд ахуй, мал аж ахуйн ус хангамжид ашиглаж иржээ. Эрт дээр үеээс үндсэндээ хөрсний усыг ардын худаг гэх 8м хүртэл гүнтэй гараар ухаж, малтсан худгийг ашиглаж байсан бол 1950 иад оноос худаг өрөмдөх техник технологи нэвтэрснээр өрөмдмөл, уурхайн худаг  гаргах хайгуул судалгаа хийж олон арван мянган инженерийн хийжтэй ус өргөх төхөөрөмж суурилуулсан худаг гарган бэлчээрийн ус хангамжийг үндсэнд нь шийдэж байжээ. Эдгээр худаг, хайгуулын мэдээ сэлтийг газар доорх ус ны нөөц, баялагийн тойм нөөцийг тооцох  олон оролдлого хийж байжээ. Монгол улс, Орос, Унгарын судлаачдын олон арван жилийн судалгааны мэдээллийг боловсруулан 1963-1965 онд улсын бэлчээр усжуулалтын төсөл, 1975 онд БНМАУ-ын усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах ерөнхий схем, сав нутгийн цуврал схемүүдэд анх удаа нөөцийн тооцоог сав нутаг, засаг захиргааны нэгжээр зохион хэвлүүлсэн байна. Харин саяхан Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар говьд цөөн хэдэн жилийн усны нөөцийг  "Оюутолгой" ХХК-ын уурхайнхан ашигладаг гэсэн судалгаа гаргажээ. 

Тэгвэл шуудхан хэлэхэд Оюутолгойнхон уурхайгаа ашиглаад баялагаа аваад, ашигаа хүртээд нутаг руугаа хэдэн зуун сая доллар цүнхлээд буцахад бидэнд ширгэж хатсан цөл үлдэх нээ дээ. Харамсалтай биш гэжүү. Тэнд бидний хойч үе амьдрана. Ан амьтад, мал сүрэг билчээрлэн амьдарна. Бид дуугай л суусаар л байх уу...
Оюутолгойн үйлдвэрлэлийн орчинд 2020 он гэхэд уул уурхайн усны хэрэглээ өдөрт ойролцоогоор 300 мянган шоо метр, хүн амынх нь ундны усны хэрэгцээнд өдөрт дунджаар 25 мянган шоо метр ус шаардагдахыг төсөөлжээ. Мөн Дэлхийн банкны судалгаагаар "Оюутолгой" ХХК ашиглалтын 25-40 жилийн хугацаанд өмнийн говийн гүний уст давхаргуудын боломжит нөөцөөс жилд 200-500 сая шоо метр ус хэрэглэх боломжтой ба гүний усны түвшинг 50-100 метр хүртэлх хэмжээгээр бууруулах төлөвтэй байна. Ингээд 2034 он гэхэд нарийндаа Оюутолгойнхон зорилгоо биелүүлж, хамаг баялагаа хамаад нутаг буцна. Харин бидэнд юу үлдэх вэ. Тэнэг хүн төсөөлөөд бодсон ч Монголын орны газар нутгийг бүхэлд нь хамрах цөлжилтөнд хамгийн их нөлөөлөдөг говийн их хатмал, зэлүүд газар нутаг үлдэнэ. Хатуухан хэлэхэд бидний саймшираад байгаа "Оюутолгой"-н уурхай байрлаж буй газар нутаг буюу Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэцэий сумын нутаг орчим бол гаднаас, доороосоо ундаргагүй говийнхоны ганц усан нь гэж хэлж болно.

Говийнхон яагаад үргэлж ганц гэрээр амьдардаг гээч...Амьдралынх нь хэмнэлийг зохицуулж байдаг гол асуудал нь ус учраас түүндээ захирагдан бие биенээсээ хэдэн арван километрээр хол амьдардаг юм. Бүр ойлгомжтойгоор тайлбарлавал говийн бүс угаас газрын гадаргын ус хомсхон, гүний усаар дийлэнх хэрэгцээгээ хангадаг учраас малчид хоёр гурван гэрээрээ буучихвал худгийн жаахан ус нь хүрэлцэхгүй болчихно. Мал услах тоолондоо худгаа шавхаж, дахин ундрахыг нь бараг өдөржин хүлээх болдог. Тиймээс л говийнхон ганц гэрээрээ цөөн малтай амьдардаг юм. Хэсэгхэн зуур хур буухад сүйт бүсгүй мэт үзэсгэлэнтэй болчихдог говь нутаг ангаж хатахдаа бас амархан туйлын эмзэг эко системтэй. Учир иймээс говь нутгийн хүн ам, бэлчээрийн аж ахуй, орон нутгийн жижиг үйлдвэрүүдийн ус хангамжийг үндсэндээ газар доорх усаар хангадаг байлаа. Гэтэл өнөөдөр зэс, молибден, алт, мөнгө, өндөр чанартай нүүрсний асар их нөөц бүхий Оюутолгой, Тавантолгойн орд газрууд нээгдэж тэнд зам, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэр орон сууц, нийтийн аж ахуйн олон арван салбар цогцолборууд баригдахаар болж байна. Усны хэрэглээ асар өндөртэй эдгээр салбарын усан хангамжийг газрын гүний усаар хангана гэсэн урьдчилсан тооцоо гараад буй.

Одоогоор илрүүлээд байгаа газрын гүний усны судалгааг жагсаавал:

• Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нийт газрын доорх усны 30 орд илрүүлсэн. Гурвантэс сумын нутагт орших Нарийнсухайт нүүрсний уурхай орчмын газар доорх усны нийт нөөц 8514м3/хоног.
• Даланзадгад, Цогтцэций сумын ойр орчим, Тавантолгой нүүрсний ордын ойролцоох усны нийт нөөц 17611.32м3/хоног.
• Баян-Овоо, Ханбогд сумын ойр орчим, Оюутолгой зэсийн ордын ойролцоох усны нийт нөөц 107135м3/хоног байна.
• Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт нийт 12 газрын доорх усны орд илрүүлсэн. Цагаансуварга зэсийн орд газрын орчмын усны нийт нөөц 25920м3/хоног. 
• Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ойролцоох усны нийт нөөц 92000м3/хоног байгаа юм. 
Одоогоор илрүүлсэн эдгээр усны ордуудын нөөц нь яг таг батлагдчихсан гэж хэлэхэд арай боломгүй. Цаашид сайтар судлах шаардлага буй. Бас нэг чухал асуудал нь гүний усыг ашиглахаар газрын гадарга дээрх ургамал, хөрсөнд нөлөөлөх үү, үгүй юү гэдгийг хэн ч хэлж чадахгүй байгаа явдал. “Гүний ус нь хөрсний өнгөн хэсгийн дээд давхаргын усан сангуудтай судлаар холбоотой байдаг учир хэчнээн болгоомжтой ашиглалаа ч байгаль экологид шууд сөргөөр нөлөөлнө. Улмаар гүний усны түвшин багасч шавхагдах үед газрын дээд давхарга аяндаа хатаж хүрээлэн буй орчин үхжиж эхлэх эрсдэлтэй” гэж сануулагсад цөөнгүй байдаг. Харин “Идэвхтэй солилцооны ус буюу нэгдүгээр давхаргын усыг бус хоёроос доош давхаргын гүнд оршиж байгаа даралттай усыг хэрэглэнэ. Газрын доор 150-270 метрийн гүнд орших усыг ашиглахад өнгөн хэсэгт нөлөөлж, малчдын худаг ширгэхгүй” гэж тайвшруулагсад ч бий. Хүнтэй зүйрлэвэл судсаар холбоотой юм чинь гүний усыг ховх сорчихвол дээрх орчин сүйрэхээс аргагүй гэдэгт итгэх үү, өчнөөн шавар лаг давхарган доор байгаа усыг авахад ямар ч муу нөлөө учрахгүй гэдэгт найдах уу. Яг таг бүгдийг урьдчилаад хэлэх хүн өнөөдөр алга. Маш нарийн судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр газрын гүний ус, гүехэн өнгөн хэсэгтэйгээ хүйн холбоотой юу, байгаль экологид нөлөөлөх үү гэдгийг мэдэж болох юм.   

Оюутолгойн ТЭЗҮ-д усны асуудлыг хэрхэн тусгасан бэ?

“Айвенхоу майнз Монголиа инк” компани 2003-2007 онд судалгаа явуулсан бөгөөд усны нөөцийг анх 1122 л/сек байхаар тусгаж байжээ. Харин Усны газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүд, шүүмжлэгч нар судалгааг хэлэлцээд 870л/секундээр, 40 жилийн хугацаатай гэж баталсан аж. Энэ нь хоногт 100.000 тонн хүдэр олборлоход хүрэлцэх тооцоо юм. Усан хангамжийн 33 гүний цооног, ус дамжуулах 150 гаруй километр урт гол болон салбар хоолой, 750,000 куб метрийн багтаамжтай усан сан, цөөрөм, түүнчлэн нийлбэр дүнгээрээ 900л/сек усны зарцуулгын хүчин чадалтай насосын станц, хэрэглээний усны үйлдвэр зэрэг усан хангамжийн байгууламж барихаар төлөвлөөд буй. Оюу толгойн нийт усны хэрэглээний 84 хувийг эргүүлж дахин ашиглана. Харин үлдсэн 16 хувийг нь газрын доорх уснаас авч ашиглахаар төлөвлөсөн аж. Дэлхийн улс орнууд ашигласан усныхаа 60-70 хувийг дахин ашигладаг бол Оюутолгойн уурхай түүнээс даруй 10-24 хувь илүүгээр усыг эргүүлж ашиглахаар төлөвлөн ажиллаж байгаа нь усаар гачигдмал орчиндоо зохицсон зөв санаа болжээ. Гэвч энэ хэр удаан үргэлжихийг бид мэдэхгүй...



Өмнөд говийн бүсийн уул уурхайн ашиглалт 2012 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар газрын доорх усны судлагдсан нөөц хомстсон үзүүлэлттэй гарсан байна. Монгол улсын эдийн засгийг өөд татах гол бүс нутгийн усны хэрэгцээ хомсдоход хүрвэл ямар байдал үүсэхийг төсөөлөхөд бэрх. Говийнхон байгалиасаа л усыг гамнах заяатай төрсөн мэт. Их говийн бэлэг тэмдэг гэгддэг тэмээ нэг удаад 40 литр ус уух боловч сар гаруй хугацаанд ус уухгүй явж чадна. Нууц нь уусан усандаа бус эд эс нь усыг удаан хугацаанд барьж чаддагт оршдог гэдэг. Хулангийн ундаа, таана, бажууна зэрэг говийн ургамлууд шүүслэг, амны цангааг уснаас дутахгүй тайлна. Анхнаасаа говь нутгийг усаа хэмнэх зориулалттай бүтээсэн нь байгаль эхийн бодлоготой үйл гэлтэй. Хэвлийдээ он удаан жил хадгалсан гүний усыг нь хэдхэн жилийн дотор үйлдвэрлэлд ашиглаад дуусгах нь харалган алхам болж мэднэ. Гүний усаа хайрлая гэвэл газрын гадаргын усыг татаж ашиглах арга бий. Гэвч энэ тал дээр төр засгаас дорвитой арга хэмжээ авахгүй байгаа гадаргын ус татаж ашиглах боломж тал, цөл нутагт бараг л боломжгүй зүйл. Алт, зэсээр баялаг ч чандмань эрдэнээр хомсхон говь нутагтаа бид одооноос л хайрлахгүй бол хойч үдээ хатсан их цөл нутгийг үлдээх нь дээ...

С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zochin 2018 04 сар 15

bodoh l heregtei neeree tsol l uldene dee yanaa yana ur huuhduud yana daa