Г.Угалзцэцэцэг: “Гавьяатын найран дээр чинь уулзъя” гэхээр эвгүй санагддаг...


Монгол Улсын түүхэн дэх Бодибилдинг, фитнессийн анхны Дэлхийн 3 удаагийн аварга, Азийн хошой аварга эмэгтэй гэх эрхэм гавьяаг өөрийн нөр их хөдөлмөрөөр сийлж чадсан хүн бол ОУХМ Г. Угалзцэцэг. Энэ спортын нэгэн шинэ хуудсыг эргүүлснээр олон бүсгүйчүүд түүний араас амжилтын оргилд хүрч, медалийн буухиаг үргэлжлүүлсээр байгаа нь бахархмаар. Ийм нэгэн үндэсний баатартай ярилцсанаа уншигч танд дэлгэж байна.

  • Юуны өмнө урилгыг маань хүлээж авсан танд баярлалаа. Таны сүүлийн үеийн амжилтуудаас тань яриагаа эхлэх үү...

За тэгье. Сүүлийн үеийн амжилт гэвэл Монгол улсад 2017 онд зохиогдсон Дэлхийн бодибилдингын 9 дэх удаагийн тэмцээнд түрүүлсэн. Манай баг тамирчид эх орондоо зохиогдсон Бодибилдинг, фитнессийн 9 дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцож богц арвин байлаа. Үүний дараа Олон улсын тэмцээн Хятад улсад болж охин бид хоёр амжилттай оролцоод ирсэн. Энэ сарын 11-нд Улаанбаатар хотод оюутны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа. Энэ тэмцээнд охин маань бэлдэж байсан учраас бэлтгэл сайтай байсан. БНХАУ-д болсон “China Hangzhou international-2017” нэртэй бодибилдинг, фитнессийн Олон улсын тэмцээнд атлетик ангилалд би алт, охин маань Бикини төрөлд хүрэл медаль авсан. Бид хоёр их баяртай байгаа.

  • Охин тань гэлтгүй хүү тань ч бас бодбилдингээр хичээллэж байх шиг байсан...

Манай гэр бүл ер нь их спортлог шүү. Хань маань энэ спортоор бас хичээллэдэг. Хүүхдүүд маань том болчихсон учраас спортоор хичээллэж байна. Манай хүү одоохондоо 10 жилийн сурагч учраас сонирхогчдын төвшинд л хичээллээд байгаа. Бас нэг их сонирхолгүй байх шиг байгаа  юм.  Өөрөө сонирхолтой болоод ирэхээрээ хичээллэг гэж бодоод нэг их шахахгүй  байгаа. Өөрөө сонирхолгүй байхад нь албан шахалт үзүүлэхээр шантрах зүйл гардаг. Тийм учраас хүчлэхгүй байгаа л даа.

  • Та бол бодибилдинг, фитнессийн спортоор дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй тамирчин. Мэдээж энэ амжилтад хүрэх зам дардан байгаагүй болов уу?

Тэгэлгүй яах вэ. Хэдийгээр би энэ спортыг үнэн голоосоо сонирхож, дурлаж байсан ч гэр бүл маань төдийлөн дуртай хүлээж аваагүй ээ. Ямартаа л фитнесст явъя гэж нөхрөөсөө арван жил гуйж байх вэ дээ.

  • Тэгвэл танай гэр бүлийн хүн таныг нэлээд эсэргүүцжээ дээ?

Харин тэгсэн. Анх манай хүн нэг фитнесст явдаг байсан. Тэгээд надад фитнесс их гоё санагдсан юм. Угаасаа ч тэр үед суугаа ажил хийдэг байсан болохоор жингээ хасъя гэж бодоод нөхөртөө хэлэхээр “Чи фитнесст яваад яах юм бэ, тураах эм бэлдмэл аваад уучихгүй юу, эсвэл хань нь гүйлтийн зам, дугуй аваад өгье, гэртээ хийчих...” гэдэг байсан. Тэгээд арван жил гуйсны эцэст нэг удаа овоо зөвшөөрсөн. Тэгэхээр нь “За одоо нэг ёстой яаж явдгийг яруу тодоор үзүүлээд өгнө өө” гээд л ханцуй шамлаад зүтгэдэг юм байгаа биз дээ. Анхандаа бие хаагаа гоё болгоод авъя л гэж бодсон. Гэтэл хичээллэх тусам дуртай болж, тэмцээн уралдаанд оролцоод амжилт гаргаад ирэхээр урамшаад өөрийн эрхгүй тамирчин болох хүсэл төрсөн дөө.

  • Тэгээд амжилт гаргаад ирэхээр нөхөр тань дэмждэг болсон уу?

Яг ч шууд бас дэмжээгүй ээ. Их инээдтэй тэр чинь. Анхны тэмцээндээ орох болсноо дуулгахад дургүйцээд “Чи үгээр фитнесст явъя гэж гуйчхаад юун тэмцээн, шалдан нүцгэн тайзан дээр гарч яах юм,” гээд л... Тэгээд намайг үнэхээр их дурлаад байхаар аргагүй зөвшөөрч эхний тэмцээнийг очиж үзсэн юм. Тэгсэн яг тайзан дээр гарах болтол үзэж чадахгүй гараад гүйчихсэн байсан /инээв/. Дараа нь  хоёр дахь тэмцээндээ орохоос өмнө“За одоо боль боль, чиний насан дээр амжилт гаргана ч гэж юу байх вэ...” гээд дургүй байхаар нь хоёр сар орчим хугацаанд больсон л доо. Тэгсэн бэлтгэлээ хиймээр санагдаад үнэхээр байж сууж чадахгүй байсан болохоор тэсэлгүй дахиад л орчихсон /инээв/. Тэгээд удалгүй хотын аваргад ороод хүрэл аваад, улсын аваргаас мөнгөн медаль хүртсэнээр Азийн аваргад орох эрхээ авсан. Мэдээж тэмцээнд явах гэж байгаа хүнд чинь зардал мөнгөний асуудал гарна. Мундаг баян биш хүн чинь зээл авахаар болж, нөхөртөө хэлтэл бас л “Юун зээл вэ амжилт гаргаж чадахгүй бол яах юм”гээд л загнасан. Би ч зүтгэсээр байгаад л зээлээ авч яваад Азийн аваргаас хүрэл медаль аваад ирсэн дээ. Гэтэл харин манай хүн овоо “За одоо ДАШТ-д ороод үзэх юм уу ...” гэдэг юм байна. Тэгээд өөрөө мөнгө төгрөг зохицуулж өгсөн. Мэдээж би итгэл найдварыг нь тээж явсан учраас аварга болохын төлөө мэрийхгүй яах вэ. Алтан медаль авчирч чадсан. Түүнээс хойш манай хүн намайг дэмжих болсон.

  • Мэдээж амжилттай яваа хэн бүхний ард дэмжиж тусалж, халамжилдаг бат найдвартай гэр бүл, хань ижил, хамт олон байдаг шүү дээ...

Тийм шүү. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай ялгаа байхгүй хань ижил нь л ард нь бат зогсож байдаг. Хамгийн гол нь хоорондоо сайн ойлголцох хэрэгтэй л дээ. Мэдээж би энэ тэмцээнээр дан ганц амжилт гаргана гээд нөгөө хүн маань үгүй гээд л зөрөөд байвал хэзээ ч амжилт гаргаж чадахгүй гэж боддог. Харилцан бие биенээ ойлголцоод явбал илүү амар байдаг.

  • Таныг энэ спортоор хичээллээд гуравхан жил болоод амжилт гаргасан гэх юм билээ. Уг нь та чинь зурагчин мэргэжилтэй гэсэн байх аа. Төгссөн сургууль, төрж өссөн нутаг усыг тань хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй болов уу?

Тийм ээ. Би анх 2013 оны сүүлчээс фитнессээр хичээллэж эхэлсэн. Одоо таван жил шахам болж байна. 2015 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод хүрэл медаль хүртсэн. Түүнээсээ хоёр сарын дараа ДАШТ-д оролцоод алт авсан. Дараа жил нь буюу 2016 онд Азиас алт, ДАШТ-аас бас алтан медаль хүртсэн. Нутаг усны хувьд би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. Сургуульд ортлоо эмээ өвөө дээрээ байсан. Харин сургуульд ороод аав, ээж дээрээ Улаанбаатарт ирж, 1996 онд XII сургуулийг төгссөн. Би чинь 18 настайдаа охиноо гаргасан. Охиноо нэг нас хүрэхээр нь 1998 онд ШУТИС-ийг "Нэхмэлийн дизайн" мэргэжлээр төгссөн ч энэ чиглэлээр ажиллаагүй. Сургуулиа төгсөөд хоёр жил орчим хувийн компанид ажиллаж байсан ч охиноо сургуульд ороход буцаад Улаанбаатарт ирсэн. Хотод ирээд гэрэл зургийн студи, бэлэн хувцасны лангуу ажиллуулна. Амьдралаа авч явахын тулд юм юм л хийж үзсэн дээ. Гэрэл зургийн студид ажиллахаар чинь их сууна. Түүнээс болоод хөдөлгөөний дутагдалд орж жаахан жин нэмсэн. Тэгээд л жингээ хасах зорилгоор фитнесст явж эхэлсэн. Эхэндээ аэробикээр хичээллэсэн. Идэвхтэй хөдөлгөөн хийгээд эхлэхээр огцом турдаг юм билээ. Хэтэрхий тураад байсан учраас төмөр өргөж эхэлсэн. Тэгээд л үүндээ дуртай болоод зурагчны ажлаа шууд хаясан ш дээ /инээв/.

  • Хөвсгөл нутагт таны бага нас хүүхэд насны дурсамж өнгөрсөн гэж сонссон юм байна. Ангийнхан чинь “Арван жилдээ биеийн тамирын хичээлд ордоггүй байсан хүүхэд дэлхийн аварга болчихлоо” гэж таниар бахархаж ярьдаг юм билээ...

Тийм шүү\инээв\. Миний бага насны дурсамж Хөвсгөл  аймагт өнгөрсөн. Багадаа эмээ өвөө дээрээ байдаг байлаа. Тэгээд л аав ээжийгээ дагаад Улаанбаатар хотод орж ирсэн. Арван жилээ СХД-ын 12 дугаар сургуулийг төгссөн. Би доороо 3 эмэгтэй дүүтэй айлын том охин л доо. Дандаа л түлээ, ус, нүүрстэй ноцолддог байлаа. Угаасаа эрэгтэй хүүхэдгүй айл учраас энэ бүх зүйлээ өөрөө л хийж өссөн. Тэгээд л бяр чадал суусан байх гэж боддог\инээв\. Би багадаа их махлаг унаган махтай хүүхэд байсан. Гэхдээ унаган мах гэж хүнд байдаггүй гэсэн. Тэр бол зөвхөн буруу хооллолт юм. Ээж нь гэдсэнд нь байхад буруу хооллосноос хүүхдэд нь унаган мах суучихдаг. Тэр унаган махыг удмын гэлтгүй дараа дараагийн үе нь засаад явах хэрэгтэй. Манай удмын хүмүүс их тарган гэж зарим хүмүүс ярьдаг. Тэр нь удмаараа буруу хооллосон хүмүүс байдаг. Дараагийн үе нь зөв хооллоод ирэх юм бол засагдаад ирдэг. Би их тарган хүүхэд байсан. Тэгээд арван жилдээ тарган биенээсээ залхсан юм шиг байгаа юм. Турахын тулд би хоол иддэггүй байсан. Тэгээд фитнэсст яваад л зөв хооллолтын гайхамшгийг мэдэрсэн дээ.

Зөвхөн өөрийнхөө хоногийн хүнсэнд 300-500 мянган төгрөг зарцуулдаг...

  • Бодибилдинг, фитнессийн спорт манайд харьцангуй шинэ. Харин сүүлийн үед нэлээд хурдацтай хөгжиж тамирчид маань амжилт гаргаж байна. Ер нь төр засгаас энэ спортыг хэрхэн дэмждэг юм бэ?

Дэмжлэг ёстой байдаггүй ш дээ. Ер нь үеийн үед төрийн дэмжлэг гэдгийг үзсэнгүй ирлээ гэхэд хатуудахгүй болов уу. Монголд бодибилдинг фитнесс хөгжөөд 27 жил болж буй. Саяхныг хүртэл манайхан энэ төрлөөр амжилт гаргахад хэцүү гэж үздэг байсан. Харин уйгагүй хөдөлмөрч тамирчдынхаа буянаар хурдацтай хөгжиж, олон залуус энэ спортод дурлах болсон. Тив дэлхийн медальтнууд ч цөөнгүй төрж байна. Гэвч бусад төрлүүдийг дэмждэг шигээ манайхаас ДАШТ-д түрүүлээд ирсэн тамирчдад төр засгаас шагнал урамшуулал өгдөггүй л дээ. Харин миний төрсөн нутаг Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс надад шагнал урамшуулал өгсөн. Анх хошой аварга болоход 4.5 сая төгрөг өгч байсан. Сая Азийн хошой аварга болоход бас л шагнаж урамшуулсан. Гадны орнууд энэ төрлөөр дэлхийн аварга болсон тамирчдаа үндэсний баатрын дайтай хүлээж авч, хүндэтгэл үзүүлдэг юм билээ. Гэтэл мань хэдийг бол гэр бүл, ойр дотнынхон, хэвлэл мэдээллийн хэд маань л хүлээж авдаг.

  • Таныг хүмүүс “Ард түмний гавьяат” гэж үнэлж, олон хүмүүс таныг МУГТ болоосой гэж хүсэж хүлээдгээ олон нийтийн сүлжээгээр илэрхийлдэг. Та мэдээж хүмүүсийн тэр хандлагыг ажилласан л байх. Ер нь яагаад танд гавьяат өгдөггүй юм бол...Та юу гэж боддог вэ?

Намайг дэмждэг хүмүүстээ маш их баярлаж явдаг. Би бодохдоо намтай холбоотой юм болов уу л гэж ойлгосон. Сонгуулийн үеэр надад сурталчилгаанд оролцох санал маш их ирсэн. Би бүгдийг нь зөвшөөрөхгүй, татгалзсан хариу өгсөн. Би тамирчин хүн учраас тэгж явах зав ч байхгүй гэдгээ хэлсэн. Тийм учраас л өөрсдийг нь дэмжээгүй гээд надад гавьяат өгөхгүй байгаа юм болов уу даа...

  • Таны тодорхойлолтыг муу хийгээд байдаг юм биш үү?

Уг нь миний тодорхойлолтыг яам руу явуулчихсан байгаа. Гэхдээ тэр цол нь их оочер дугаартай байдаг юм биш үү /инээв/. Дээрээс нь за тэр хүний тодорхойлолтыг татаад аваарай гэхэд л тэр хүний шагналыг нь өгчихдөг зүйл их байдаг гэсэн. Нээрээ саяхан Хурд хамтлагийн Цогоо ах таараад “Чи ахыгаа гавьяатын найрандаа ч урихгүй юмаа” гээд л гомдлоод байсан. Би гавьяат аваагүй шүү дээ гэхэд “битгий худлаа яриад бай” гээд л/инээв/. Таньдаг хүмүүс маань Цогоо ах шиг зүйлийг надаас зөндөө асуудаг шүү. Тэр үед надад жаахан эвгүй санагддаг юм.

  • Тив, Дэлхийн аваргын шагнал хүртэхэд нэлээдгүй их мөнгөн шагнал дагаж ирнэ биз...

Үгүй ээ. Олон улсын тэмцээн уралдаанд мөнгөн шагнал байхгүй. Дандаа л медаль, цом өгдөг. Энэ бүх тэмцээнүүд маань нэр хүндийн тэмцээн. Хамгийн гол нь эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаад төрийн дууллаа эгшиглүүлэх хамгийн сайхан мэдрэмж байдаг. Хэчнээн их мөнгө өгье гэсэн ч энэ сайхан зүйлийг сольж болмооргүй тийм л сайхан мэдрэмж бахархал омогшил төрдөг юм. Улс орон болгон медаль аваад ирж буй тамирчдаа шагнаж урамшуулдаг. Миний хувьд улсаас ямар нэгэн шагнал урамшуулал авч байгаагүй. Би Хөвсгөл аймгийн унаган хүүхэд. Нутгаас маань жилд нэг удаа мөнгөн урамшуулал өгдөг. Эхний жилд 4 сая 500 мянга, дараагийн жилд 3 сая 500 мянга, энэ жил 2 сая 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал өгсөн\инээв\.

  • Бодибилдингийн спорт зардал өндөртэй спорт шүү дээ. Тэмцээн уралдаанд явахад санхүүгийн асуудлаа хэрхэн шийддэг вэ?

Төр засгаас дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй. Энэ спорт өндөр санхүү, тэсвэр тэвчээр шаарддаг. Хараад байхад ихэнх тамирчид маань бор зүрхээрээ өр тавиад олон улсын тэмцээнд явах жишээтэй. Унаа тэргээ барьцаанд тавих бол энүүхэнд. Би ч ялгаагүй анх явахдаа өр, зээл тавиад л явж байсан. Эхний ээлжид зээл авдаг байсан. Найз нөхдөөсөө зээлнэ тэгээд л буцаагаад өгдөг байсан. Одоо бол миний хувьд харьцангуй гайгүй болсон. Хувийн дасгалжуулагч хийж байна. Мөн энэ хөтөлбөрөөсөө мөнгө авч байна. Реклам сурталчилгаанд тоглож байна. Нэг үе ээ бодвол олон төрлөөс мөнгө олох боломжтой болоод байгаа шүү. Сүүлийн үед спонсор байгууллагууд уураг нэмэгдэл тэжээлийн брэндүүд санал тавиад эхэлсэн. Тиймээс одоо харьцангуй боломжтой болж эхэлж байна. Тив, дэлхийн тэмцээнд оролцоход бас л чамгүй өндөр зардал гардаг.

  • Нэг тэмцээнд бэлдэхэд хэчнээн хэмжээний өртөг гардаг вэ?

Зөвхөн нэг хүн долоо хоногийн хоол хүнсээ цуглуулахад 300-500 мянган төгрөг зарцуулдаг. Тэгээд л сараар тооцох юм бол үржигдээд л явчихна. Дээрээс нь уураг бэлдмэлийн үнэ нэмэгдэнэ. Жилд 3-4 тэмцээнд ордог. Нэг тэмцээнд ороход 4-5 сая төгрөгийн зардал гардаг.

  • Реклам гэснээс танд хэр их реклам, зар сурталчилгааны санал ирдэг вэ?

Ер нь их ирдэг шүү. Мэдээж тоглох юмандаа тоглодог. Миний огт хэрэглэж үзээгүй таалагддаггүй зүйлийнхээ рекламанд тоглодоггүй. Түүнээс гадна киноны санал их ирж байна.

  • Зохиолыг нь уншаад таалагдвал кинонд тоглоно биз дээ та...

Мэдээж тэгэлгүй яах вэ. Зарим нэгэн киноны зохиолууд их таалагдаж байгаа. Хамгийн гол нь өөрийнхөө зав чөлөөгөө харж байна. Тэмцээнтэй давхацчихвал чадахгүй л дээ. Ер нь реклам, кино гэлтгүй телевизүүдээс реалити шоу, хөтлөгч гэх мэтийн нэлээдгүй санал ирдэг шүү.

  • Та одоо “Улаанбаатар фитнесс”-дээ багшилж байгаа юу?

“Улаанбаатар фитнесс” үйл ажилгаагаа явуулахгүй байгаа. Ерөнхийдөө хаагдсан гэж хэлж болно. Тийм болохоор өөрийнхөө фитнессийг нээх гээд л явж байна. Одоогийн байдлаар засварын ажил явагдаж байгаа. Одоохондоо Модны хоёрын “Star” фитнесст тамирчдынхаа болон өөрийнхөө бэлтгэл сургуулилтыг базааж байна. Би бас өөрийнхөө санаачлан уламжлал болгон явуулдаг “Хэвлийгээрээ инээмсэглэе” жин хаях хөтөлбөрөө давхар явуулж байгаа. Хоёр сарын дараа гэхэд өөрийн маань фитнесс үйл ажилгаагаа явуулаад эхэлнэ дээ.

  • “Хэвлийгээр инээмсэглэе” жин хаях хөтөлбөрийн онцлогийн тухайд яривал...

Намайг ДАШТ-д түрүүлсний дараагаас хүмүүс олноороо холбогдох болсон. “Хүүхдээ өөрт чинь шавь оруулах гэсэн юм, яаж тань шиг ийм гоё биетэй болох вэ, жингээ хэрхэн хасах уу, таны шавь болмоор байна..,” гэх мэтээр утсаар болон миний цахим хаягаар маш их санал хүсэлт ирсэн. Тиймээс би нэг жил гурван сарын өмнөөс“Хэвлийгээрээ инээмсэглэе” нэртэй жин хаях хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Сар болгон явуулдаг энэ хөтөлбөрт маш олон хүмүүс хамрагдаж илүүдэл жингээсээ салж байгаа. Хамгийн анх ийм хөтөлбөр хийж эхлэхэд цөөхөн хүн хамрагдаж байлаа. Одоо бол зааланд багтахгүй их хүнтэй хичээллэж байгаа. Ерөнхийдөө бүртгэлийн тоо хязгаартай болсон.  Хамгийн дээд тал нь 25 кг хаясан хүн байна. Зөвхөн хэвлийн хэсгийн дасгал 30 минут хийдэг хөтөлбөр юм. Өөрийнхөө туршлага дээрээс үндэслэж гаргасан. Би анх фитнессээр хичээллэж байхдаа нэг цаг хэвлийн дасгал хийдэг байсан. Ихэнх багш дасгалжуулагч нар эмэгтэй хүнд хэвлийн булчин гарахад уддаг гэж ярьдаг. Тэр үүднээс хэвлийн дасгалыг өдөрт нэг цаг хийдэг байсан. Тэгээд үр дүнгээ өгсөн учраас энэ хөтөлбөрийг эхлүүлсэн байгаа. Мэдээж өөрийнхөө туршлага, судалгаанд үндэслэсэн байгаа.

  • Та их олон шавьтай байх тийм үү. Миний мэдэхийн Б.Бат-эрдэнэ аваргын охин таны шавь. Ер нь олны танил хүмүүс таныг зорьж хэр их ирдэг вэ?

Тамирчин болоод явж байгаа гэвэл Univers Best Songs 2011 тэмцээний шилдэг 25 оролцогч болж байсан Уянга маань яг миний хичээллэдэг төрлөөр дагнаад явж байна. Өнгөрсөн жил болсон Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Бас ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж чамгүй их амжилтын үзүүлээд байгаа. Миний шавь нар ихэнх нь эмэгтэй тамирчид байдаг. Манай тамирчин охидууд бүгд л өөрийн гэсэн сургууль, ажил мэргэжилтэй. Хажуугаар нь энэ спортоор хичээллэдэг. Тэмцээнд орсон хүүхэд болгон медаль авдаг. Миний дасгал сугуулалтанд идэвхтэй явдаг 10-аад охин байна. Мэдээж “Хэвлийгээр инээмсэглэе” хөтөлбөрт маш олон олны танил хүмүүс явдаг. Тэр болгоны хүмүүсийн нэрийг дурьдаж болохгүй байх.

Хүмүүс эхнэр нь төмөр өргөөд, нөхөр нь гоо сайхны ажил хийгээд гээд гайхдаг...

  • Энэ булчин шөрмөс болсон бүсгүйн хань нь гэхээр спортын хүн байдаг болов уу гэж таамаглаж байна л даа. Та гэр бүлээ танилцуулаач...

Спортын хүн биш ээ, зураач хүн бий. Миний ханийг Г.Мөнгөнбаяр гэдэг. Төрийн шагналт зураач М.Цэмбэлдоржийн ач хүү. Удам дамжсан зураач. Хань маань зураачийн үндсэн ажлынхаа хажуугаар бас косметик шивээс хийдэг. Монголд бараг анх гоо сайхны шивээс хийсэн хүн байх шүү. Бүсгүйчүүд бол андахгүй. Хүмүүс их гайхдаг юм эхнэр нь төмөр өргөөд, нөхөр нь гоо сайхны ажил хийгээд гээд /инээв/. Манай хүн чинь угтаа бол надаас илүү нэр хүндтэй хүн шүү дээ. Бид хоёр хүү, охин хоёртой.

  • Зураач, тэгээд ийм гоё бие бялдартай гэргийтэй хүн юм чинь таны хань зургийг тань зурж өгнө биз?

Нэлээд хэд зурсан шүү. Сүүлд ДАШТ-аас хошой алт авсан зургийг зурж байгаа. Хүмүүс манай хүний урланд нь ороод миний зургийг хараад “Хөөх та энэ хүний зургийг зурж байгаа юм уу, таниар захиалж зуруулж байгаа юм уу...” гээд л их сонирхдог гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр “Үгүй ээ, манай эхнэр ш дээ” гэхээр “Хөөх тийм үү” гээд л их сайхан урмын үгээр мялаадаг гэсэн.

  • Таны энэ шивээсийг тань нөхөр чинь хийж өгсөн үү?

Тийм ээ. Би угаасаа хийлгэе гэсэн зүйлээ бүгдийг нь хийлгэж байж л санаа минь амардаг. Уруулаа цоолох, хамраа цоолох гээд л өөрөө  бүгдийг нь л хийчихдэг. Хүмүүс намайг рок уу гээд байдаг. Гэхдээ би рок биш л дээ\инээв\. Би хийж үзэхийг хүссэн зүйлээ шууд хийдэг тийм л хүн. Гэхдээ тухайн зүйлдээ тууштай зоригтой байж чаддаг.Тэр чинээгээрээ л хурцлагддаг, шийдэмгий байж чаддаг зантай даа.

  • Магадгүй таны энэ хөдөлмөрч, уйгаггүй, хичээнгүй зан чанар тань өнөөдрийн энэ амжилтанд их нөлөөлсөн байх...

Магадгүй шүү\инээв\. Шивээсээ хийлгээд арван хэдэн жил болж байна. Тэмцээнд ордоггүй болохоороо бүүр их шивээстэй болно гэж бодож байгаа\инээв\.

  • Хадмууд нь бэлтгэл дээрээ өнждөг бэрээ хэр дэмждэг вэ?

Би харин хаа очиж би их сайн хадмуудтай азтай хүн л дээ. Намайг маш их дэмждэг. Бэлтгэл сургуулилт гээд ар гэрээ хаяад явлаа гэж нэг ч удаа гомдоллож үзээгүй шүү.

  • Ихэнх эмэгтэйчүүд зангирсан булчин шөрмөстэй байхаас илүүтэй уян налархай, энхрий ялдам байхыг илүүд үздэг болов уу. Уян налархай бие булчинлаг бие хоёрын давуу талынх нь ялгаа нь юундаа байдаг вэ таны бодлоор...

Булчинлаг бие эрүүл бие байхгүй юу. Дэлхийн нийтээрээ спортлог булчинлаг бие моодонд орж байна. Миний хувьд бол зүгээр туранхай биш булчинлаг байх нь ч гэсэн эмэгтэй хүнийг гоё, сайхан харагдуулдаг гэж боддог. Хэт туранхай бол сонин биш болчихсон. Бандгар байсан ч гэсэн гоё галбиртай байвал загварын нүүр царай тренд болж чадаж байна. Гэхдээ бүсгүйчүүд ихэвчлэн туранхай байхыг илүүд үздэг. Загварынхан бол ажлын шаардлагаар тийм л байдаг байх. Гэхдээ загварынхан бараг юм иддэггүй юм шиг байна лээ\инээв\. Энэ бол зарчмын хувьд эрүүл бус юм. Гэхдээ харьцангүй сүүлийн үед загварын бүсгүйчүүд спортоор хичээллэдэг болсон байна. Жиндээ анхаарах нь чухал биш хамгийн гол нь биеийнхээ галбирт анхаарах хэрэгтэй. Их жинтэй байсан ч гоё галбиртай эрүүл харагдах хэрэгтэй. Мэргэжлийн тамирчид мэдээж жин хасна. Их ядарч сульдана. Гадуур хачин царай гаргацан явж байхад хүмүүс ойлгодоггүй\инээв\. Янз бүрээр ярих тохиолдол байна. Ерөөсөө л эд нар байнга ийм явдаг гэж боддог юм шиг байгаа юм.Үгүй шүү дээ.

  • Ер нь бодибилдингээр хичээллэсэн бүсгүйчүүдийн хувьд ээж болсны дараа биед нь хэр хурдан өөрчлөлт ордог юм бэ?

Нэг их өөрчлөлт орохгүй ээ. Харин ч бүр гоё болдог ш дээ. Манайхаас төрсөн зөндөө модель байгаа бүгд л сайхнаараа байгаа. Манайхан чинь угаасаа тамирчин хүмүүс болохоор бие, жиндээ яаж анхаарахаа сайн мэднэ л дээ.

  • Та чөлөөт цагаа гэр бүлдээ зарцуулж чаддаг уу?

Манайхан амралтын өдрөөр байнга л кино үздэг. Салхинд гарах нь цөөхөн, улиралдаа нэг л удаа гардаг. Тэр бүрчлэн гэр бүлээрээ салхинд гараад байдаггүй. Миний хувьд найз нөхөд шавь нар гэх мэтчилэн олуулаа салхинд гарах дуртай. Аминчхан байхыг хүсдэггүй болохоор олуулаа байх дуртай. Ямар нэгэн зүйл болвол бүх найз нөхөд рүүгээ утастаад хэлдэг. Олуулаа бужигнаж байх дуртай. Би ер нь тамирчид, найз нөхөд ойр дотны бүх хүмүүсээ гэр бүлийнхээ хүрээнд оруулдаг.

  • Та хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

Би айлын том охин. Миний нуруун дээр бүхий л ажил овоордог байсан. Гэрийнхээ ажлыг зохицуулж, дүү нараа харж хандана хоолоо хийнэ гэр цэвэрлэнэ гээд л энэ ажлыг хангалттай хийсэн. Одоо бол иймэрхүү ажил хийгээд зогсох үнэхээр дургүй. Хангалттай хийгээд өссөн болохоор яг үнэдээ залхсан. Мэдээж айл гэрийн эзэгтэй учраас өөрийн гарын хоолыг үнэхээр амттай өөрийн гаргасан жороор сайн хийдэг. Би бас өөрийнхөө жороор фитнэсс хоол хийдэг. Хүмүүс фитнэсс хоолыг бууцай, цээж мах, Брукли зэрэг хоолнуудаар төсөөлөөд байдаг. Фитнэсс хоол олон төрөл байдаг. Энгийн хоолтойгоо харьцуулаад зохиогоод хийхэд л хангалттай\инээв\. Фитнессээр хичээллэснээр тамирчид олон төрлийн мэдлэгтэй болдог.  Анатоми, анагаах эрүүл мэнд гэж мэтчилэн бүхий л салбарын мэдлэгийг өөртөө хуримтлуулдаг. Олон давуу талтай спорт байж чаддаг.

  • Сүүлийн үед фитнессээр хичээллээд ухаан алдаад эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол багагүй гарах болж. Мэргэжлийн хүний хувьд энэ асуудал дээр юу хэлэх вэ?

Зүрх судасны ачаалалтай хүн илүү их өөртөө ачаалал өгснөөр л ийм зүйл болсон байх.

  • Фитнессээр хичээллэхэд насны хязгаар гэж байдаг уу?

Насны хязгаар гэж байхгүй. Мэдээж өөрийнхөө насанд тохирсон дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Багш дасгалжуулагчийн зөвлөмжөөр явах хэрэгтэй. Муу багшаас шалтгаалж ихээхэн гэмтэл авах тохиолдол байдаг. Энэ бүх зүйлээ тааруулаад нас насандаа тохирсон дасгал хөдөлгөөн хийгээд явах юм бол хамгийн сайн үр дүнгээ өгч чаддаг спортын төрөл бол фитнесс юм.

  • Бодбилдингийн тэмцээнд оролцдог зарим бүсгүйчүүд Swarowski шигтгээ оруулж урласан бикини өмсдөг гэж сонссон юм байна. Танд тийм бикини байдаг уу?

Эхний хоёр жил орсон тэмцээндээ нэг бикинигээ л өмссөн. Яах вэ, боломжоороо л тэгсэн хэрэг л дээ\инээв\. Миний бикини дандаа swarowski шигтгээ орж өгсөн байдаг. Японд захиалж хийлгэдэг өртөг өндөртэй. Сүүлийн жилүүдэд нэг тэмцээнд нэг бикини өмсөж байгаа. Надад одоогийн байдлаар 8 бикини байна. Яваандаа олон болох байх аа\инээв\.

  • Таны нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг вэ?

Би өглөө тогтмол 6:30 минут гэж босдог. Энэ бол миний амьдралд дадал болчихсон. Амралтын өдөр ч мөн адал энэ цагтаа л сэрдэг. Тэгээд өглөөний хичээл явагдана. Өдрийн турш бэлтгэлтэй байдаг. Бусад завтай үедээ реклам сурталчилгааны ажлаа амжуулдаг. Би цаг хатуу барьдаг. Хүмүүс ч намайг цаг сайн барьдаг гэдэг шүү. Тамирчин хүний хамгийн гол зүйл цаг барих, хариуцлагатай байх нь чухал.

  • Таны амьдралдаа баримталдаг зарчим...

Хамгийн гол нь худлаа хэлэхгүй хүнд муу санахгүй байх хэрэгтэй. Тамирчин хүний хувьд зорилгоосоо хэзээ ч шантрахгүй байх юм уу даа.

  • Та ер нь гоо сайхандаа хэр анхаарал тавьдаг вэ?

Тэр л асуудал болоод байна. Би бараг л гоо сайханд ордоггүй\инээв\. Ер нь фитнессээр хичээллээд хэт их жин хассан үед арьс хуурайшиж муухай болдог л доо. Гэвч хоолоо сойхоо болиод хоёр гурван сар амарчихаар бүр гоё болдог онцлогтой. Гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болох, бэлэг болон рекламанд тоглох санал нэлээд их ирдэг боловч цаг завгүй гээсээ болоод ганц, хоёрт нь л оролцож амждаг.

  • Гоо сайхны хагалгааг хэр их дэмждэг вэ?

Би эсэргүүцээд байдаггүй. Хамгийн гол тааруулах хэрэгтэй донтож болохгүй. Эмэгтэй хүн сайхан байхын тулд яаж ч болно. Өөртөө байгаа гоё зүйлээ муухай болгож болохгүй л дээ.

  • Спортлог хүмүүс спиртлэг зүйлийг огт хэрэглэдэггүй хатуу хорьдог гэж ярих юм билээ. Таны хувьд...

Тийм шүү. Бэлтгэлтэй байх үед хатуу хорьдог. Мэдээж тэмцээн хол байгаа тохиолдолд найз нөхөдтөйгээ гардаг. Их хэмжээгээр бол хэрэглэхгүй. Их хэрэглэж ч чадахгүй даахаа ч больсон\инээв. Угаасаа хэрэглэхгүй байгаа юм чинь яаж ууж чадах билээ.

  • Арван жилийн дараах У.Угалзцэцэгийг та хэрхэн төсөөлж байна вэ?

Арван жилийн дараа ямар ч байсан спортоо хаяагүй байна гэдэгтээ л итгэлтэй байна. Шавь нараа бэлдээд л бас өөрөө тэмцээндээ ороод л явж байх болов уу. Энэ спортын хамгийн том онцлог бол нас харгалзахгүй амжилт гаргаж болдог. Жар, дал, наян насны ангилал ч байдаг. Наян настай гэхэд 50-тай юм шиг л харагдаж, тэмцээн уралдаандаа ороод явж байгаа гайхалтай бүсгүйчүүд манай спортод олон бий. Би ч тэднээс дутахгүй олон тэмцээнд оролцож, аваргын рейтингээ хадгална гэж бодож байгаа. Би стиллэг хувцлахыг илүүд үздэг. Өдөр болгон өөртөө гоё харагдах дуртай.Өөрөөсөө хэзээ ч уйдаж болохгүй.

  • Одоогоор ямар нэгэн уралдаан тэмцээнд бэлдэж байна уу?

Одоо Дөрөвдүгээр сарын 21 нд Монголын бодибилдингын холбооны “Монголын мистер” гээд Улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээнд манай хүүхдүүд оролцох гээд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Манай фитнэсс “Chemp” нэрээр  үйл ажилгаагаа явуулах гэж байгаа. Энэхүү нэрийн дор манай тамирчид тэмцээндээ оролцоод явна. Миний хувьд энэ удаагийн тэмцээнд орж чадахгүй.

  • Яагаад?

Гадаад явна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Тэгээд улсын аваргын бэлтгэлдээ хожимдож орсон учраас амжихгүй болсон. Тайзан дээр муухай гарах миний хувьд үнэхээр байж болохгүй зүйл мэт санагддаг. Өөрийнхөө хэмжээнд хамгийн дээд цэгт нь бэлтгэлээ хийсэн тохиолдолд л тэмцээндээ ордог. Энэ бол тайзаа хүндэтгэж байгаагийн нэр юм. Надад зүгээр л нэг гараад үзье дээ гэсэн бодол байдаггүй. Энэ таван сард Австри улсад болох тэмцээнд явахаар төлөвлөж байна.

  • Таны бодлоор эмэгтэй хүний амьдрал хэдэн наснаас эхэлдэг вэ?

Би хорин настай байхдаа эмэгтэй хүний амьдрал хорин наснаас л эхэлдэг юм байна гэж бодож байлаа. Одоо миний хувьд жинхэнэ амьдрал эхэлж байна\инээв\. Гэхдээ хүн бүр өөрийнхөө насан дээр тэгж боддог байх. Би хорин настай байхдаа 30 настай хүнийг хөгшин гэж хардаг байлаа. Тухайн үед өөрөө жаахан байсан учраас тийм бодол орж ирсэн байх. Тэгээд 30 насан дээр ирээд 40 настай хүмүүсийг мөн адил тэгж л боддог байлаа\инээв\. Одоо бол 40 нас хүрчхээр хүн хэзээ ч тэгж боддоггүй. Одоо л миний амьдрал эхэлж байна гэж боддог болчихсон. Энэ насан дээр л хүн их ухаан сууж бүх зүйлийг ойлгож ирдэг төлөвшилтийн нас юм уу гэж дүгнээд байгаа шүү. Хүн хэдэн насанд ч амжилт гаргаж болно.

  • Сүүлийн жилүүдэд манайд бодибилдинг, фитнесс эрчимтэй хөгжиж байна. Энэ талаарх таны бодол?

Манайд бодибилдингийн спорт үүсэж хөгжөөд 27 жил болж байна. Бусад улсуудыг бодоход хамгийн залуу нь гэж үзэж болно. Монголд гэлтгүй дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байгаа спорт. Гэтэл манай тамирчид дэлхийн бүх тамирчидтай хөл нийлүүлэн өрсөлдөж байна. Ихэвчлэн урд нь мөнгө, бизнес гэж ярьдаг байсан бол одоо гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарч, хүмүүс ч их хичээллэдэг болсон. Мөн бодибилдинг бүх спортын суурь болж өгдөг. Жишээ нь бөх, бокс, оюуны спортоор хичээллэж байгаа хүмүүсийн ерөнхий суурь нь болдог гэж хэлж болно.

  • Урилгыг маань хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Залуучууддаа хандаж хэлэх урмын үгээр хоёулаа ярилцлагаа өндөрлөх үү...

За тэгье. Залуучууддаа хандаж хэлэхэд юуны түрүүнд дуртай зүйлээ хийх хэрэгтэй. Хэчнээн их дээд сургууль төгсөөд хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийж чадахгүй л бол амьдралдаа кайфгүй байдаг. Би зөндөө олон ажил хийж үзсэн. Гэхдээ хүн сонирхолтой ,дуртай өөрийнхөө хүссэн зүйлдээ л амжилт гаргадаг юм билээ. Дээрээс нь тэр зүйлдээ тууштай тогтвор суурьшилтай байх хэрэгтэй. Хамгийн гол нь зөв сэтгэлтэй зөв бодолтой л байх хэрэгтэй.

Ярилцсан: М.Дайриймаа

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Guyys 2018 04 сар 30

Yamar shijgiin um be. Bi lav gar bariahaas oi gutaj bna

Урлаг спортынхонд 2018 04 сар 27

Та нар битгии гавьяат гэж хуцаж бай та нарын л ажил хобби чинь биздээ . Төр засгаас гуйхаа больчихбол зүгээр байна шүү .ажлаа хиигээд явж байгаа хүмүүс олон байна тэд та нар шиг ингэж байна уу .

зочин 2018 04 сар 25

Лаг юмаа, амжилт хүсье.

Зочин 2018 04 сар 21

sain emegtei baina shu amjilt husie. Hezee neg udur bayarlah baih oo Sanaa zovoltgui. Yostoi ugvul avchih

р 2018 04 сар 20

Олимп дэлхийн аваргууд сар бүр цалин авдаг биздээ яагаад өгдөггүй юм бэ гайхаж байна

Зочин 2018 04 сар 19

Гавьяат гэдэг төмрийн араас хөдөлмөрлөөгүй байлгүй дээ. Өгвөл авчих өгөхгүй бол гутраад байх шаардлага байхгүй ш дээ. Одоо үед төмрөөс хүн бүрт ичээд татгалзаж байна ш дээ

Зочин 2018 04 сар 19

Хүчний зүйл хийхээр эмэгтэйлэг байдлаа алдаад эр тал руугаа орчих юм даа. Одоо нэгэнт сонгосон сонголт дуусгах хэрэгтэй. Амжилт хүье

boy 2018 04 сар 16

jaahan carai l muutai um aa

Зочин 2018 04 сар 15

Yooy hool idej baihad iu harchvaa

Zochin 2018 04 сар 15

Ymar muutai Lady boy vee?