Аварга аавынхаа буяны ажлыг ийн хийлээ...


Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний их баяр наадамд 6 удаа түрүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 77 насандаа бурхны оронд заларсан гэх эмгэнэлт мэдээ монгол түмнийг уй гашуудал, харуусал зэрэгцүүлсэн билээ.  Талийгаачийг өнгөрсөн баасан гаригт сүүлчийн замд нь үдсэн.

Тэгвэл түүний хүү мэргэжлийн сумогийн их аварга Хакүхо М.Даваажаргал аавынхаа буяны ажилд зориулж, асрамжийн 500 хүүхдийг Өргөө кино театрт үнэ төлбөргүй кино үзүүлж, баярлуулжээ. Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээгээр хүүхдүүд Монголын анхны бүрэн хэмжээний анимэйшн болох "Чингис хаан" хүүхэлдэйн киног үзжээ.

Тэрбээр, энэхүү үйл ажиллагааг нээж “Сайн байцгаана уу. Бяцхан дүү нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр дүү нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Миний аав долоо хоногийн өмнө бурханы оронд очсон. Дүү нартаа аавынхаа товч түүхийг танилцуулъя. Миний аав 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль, 1968 онд Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан.

Мөн үндэсний их баяр наадамд удаа дараа түрүүлж байлаа. Дүү нартаа нэг зүйлийг захихыг хүсч байна. Та нар минь маш олон хүсэл мөрөөдөлтэй байгаарай. Түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээж, хөдөлмөрлөөрэй. Ах нь 15 настайдаа сумогийн спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед аварга болно гэж бодоогүй. Тиймээс дүү нар минь олон мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэхийн төлөө хичээгээрэй” хэмээсэн юм.

Ийнхүү Их аваргын 500 хүүхэд баярлуулсан буяны үйл ажилгаанаас бэлтгэсэн фото сурвалжлагыг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх