Д.Нямжав: Сэтгэл шингээгүй ажил амин сүнсгүй


Энэ долоо хоногийн ярилцлагын зочноор чөлөөт уран бүтээлч, дуучин Д.Нямжавтай ярилцлаа. Та бүхэн шимтэн уншина уу!


- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Хоёулаа ярилцлагаа таны бага нас, нутаг уснаас  эхэлье. Хаана төрж өссөн, багадаа ямар хүүхэд байв?

Би 1992 онд Баянхонгор аймгийн Баянбулаг гэдэг газар төрсөн. 3 нас хүртлээ тэндээ амьдарч байгаад аймгийнхаа төвд шилжиж ирсэн. Баян-Ойд Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгт орсон, ЕБС-аа Номун далай цогцолбор сургуульд суралцаж төгссөн. Миний хувьд багадаа нэлээн хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Сумандаа байхад манай саахалт айлын хүн гандантэгчилэн хийдийн хамба лам байсан юм. Тэр ахыгаа дагаад үргэлж л гандан дээр тоглож байдаг хүүхэд байлаа. Номын дуу сонсож өссөн хүүхэд шүү дээ. /Инээв/

- Хэзээнээс дуулж эхэлсэн бэ? Таныг дуунд дуртай хайртай болоход юу хамгийн их нөлөөлсөн бэ?

Би бүр бага цэцэрлэгт байхаасаа дуулж эхэлсэн. Сургуульд ороод мөн дуулж урлагийн үзлэг, олон тэмцээн уралдаанд ордог байсан. Хүүхдийн Тэмүжин театрын найрал дууны ангийн багш Ганбаатар манай хөрш байсан. Анх нэгдүгээр ангид байхад багшийгаа дагаж Монголын анхны хүүхдийн Тэмүжин театрын сурагч болж байсан. Арван жилээ төгсөөд СУИС-ийг урилгаар авсан. 2009 онд Ерөө багшдаа шавиар орж 5 жил суралцаад төгссөн. Миний аав намайг бага байхад татварын газар жолооч хийдэг байсан юм. Уртын дууг их сайхан дуулдаг хүн л дээ. Багаасаа аавтайгаа найр наадамд их очдог байсан. Тэгээд л аавынхаа дуулахыг сонсож өссөн болоод ч тэр үү дуулах их дуртай, дуунд хайртай болсон. Тэгээд л дуучин болсондоо, аав минь ч их дэмжсэн. 

- Нийт бие даан хэдэн уран бүтээл гаргасан вэ? Таны хамгийн хайртай уран бүтээл?

Миний урын санд нийт 30 гаруй бэлэн болчихсон дуунууд байдаг. Эднээс дүрсжүүлсэн нь 10 гаруй байна даа. Миний хамгийн хайртай уран бүтээл бол хамгийн анхны уран бүтээл болох “Нутгийн бараа”. Энэ дуу маань сонсогчдын дунд фм, радиогоор нэлээн явсан. Гадаадад байдаг Монголчууд, ард түмний дунд нэлээн сонсогддог, сонсох дуртай дуунуудынх нь нэг болж чадсан уран бүтээл. Гадаадад байдаг Монголчуудаас ирж тоглолт хийгээч гэсэн саналууд бас их ирдэг. Хамгийн сүүлд Австри улс руу явж тоглолт хийгээд ирсэн байгаа.

- Урлагийн хүмүүс үргэлж л завгүй, цаг наргүй байдаг. Та гэр бүлдээ хэр цаг зав гаргадаг вэ?

Аль болох гаргахыг хичээдэг. Баруунд бол хагас сайн, бүтэн сайныг гэр бүлийн өдөр болгодог. Манайд ч гэсэн тийм байгаасай гэж хүсдэг. Гэрийн ноён нуруу болсон эр хүний хувьд гэр бүлээ авч явах үүрэг хүлээсэн. Тиймээс хоолоо олохын тулд тоглолт ихтэй байдаг учир одоохондоо цаг зав маш муутай, гэр бүлдээ багахан цаг гаргаж байна. Яваандаа цаг зав их гаргадаг болно оо.

- Таны амьдралдаа баримталдаг, мөрддөг зарчим юу вэ?

Хүн болж төрсөндөө зорьсон зорилгодоо хүрч, элэг бүтэн сайхан амьдрах л хэрэгтэй гэж боддог. Миний хувьд дуулаад хүрч болох бүхий л амжилтад хүрч, сайн аав, сайн хань байна. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах нэрийг өөрөө олдог гэдэг шүү дээ.

- Таны ойрын зорилго юу байна? Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

Ойрын зорилго гэвэл өөрийнхөө тоглолт, цомгийн ажил зэрэг төлөвлөсөн ажлууд их бий. 2020 ондоо багтааж өөрийнхөө бие даасан тоглолтоо хийхийг зорьж байна. Хамгийн сүүлд би “Учрах тавилан”, “Ээжийн минь” уран бүтээлээ дүрсжүүлэн, Мартын 8-ны баярыг тохиолдуулан бүх сайхан эмэгтэйчүүддээ зориулан гаргасан байгаа. Яг одоогоор бол Үндэсний их баяр наадамдаа зориулж уран бүтээл хийж байна.

- Өөрийн хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцвал?

Эхнэрийн маань амаржих хугацаа нь нэлээн дөхчихсөн бид хоёр шинэ байранд орох гээд цэвэрлэгээгээ хийж байсан юм. Тэгсэн эхнэр өвдөөд байх шиг байна гээд би “Үгүй байлгүй дээ” гэж хэлсэн юу ч байсан эмнэлэг явъя гээд явсан. Эмнэлэгт очсон савны амсар нь 4 хуруу нээгдсэн байна, тэгээд л удалгүй төрсөндөө. Би приус машинтай, машиныхаа ард гаазан плитка дээр шөл хийж байлаа. Хүүхэд төрлөө, эхнэр хүүхэд хоёулаа эсэн мэнд гэж сонсоод л гараад найзууд, ойр дотны бүх хүмүүстээ “Би аав болсон” гэж хэлмээр санагддаг юм билээ. Маш их баярлачихсан тэр өдрөө эхнэр хүүхэд дээрээ очихоо мартчихсан, маргааш нь очиж байсан. /Инээв/

- Танд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд манай сайтын уншигчид болон таныг сонсдог, дэмждэг хүмүүст хандаж мэндчилгээ хүргэвэл?

Миний уран бүтээлүүдийг шимтэн сонсдог Монгол Зон олондоо эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Танай хамт олонд мөн ажлын өндөр амжилтыг хүсье !

 

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх