Андтайгаа өстөн болсон аварга Г.Өсөхбаяр гэж хэн бэ...


Монгол эр хүний нэгэн сайхан шинжийг бид үндэсний бөхөөр төсөөлж ирсэн өнө эртний уламжлалтай ард түмэн. Эрт үеэс эдүгээ хүртэлх монгол бөхийн түүхэнд олон гайхамшигт хүчтэнүүд төрсөн байдаг. Түүнээс Ардын хувьсгалын жилүүдэд хамгийн дээд цол буюу Даяар дуурсагдах дархан аварга цолтон найм төржээ. Сонирхолтой нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу сүүлийн хоёр аварга нь нэг өдөр, бүр нэг цагт дархан аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ. Тэгвэл бид энэ удаагийнхаа “Түүний түүх” буландаа дархан аварга Г.Өсөхбаярын намтар түүх, амьдралын замналыг эрхэм уншигчдадаа сонирхуулахаар бэлтгэлээ.

Аварга аваргаараа л төрдөг...

Олноо “Буур” хэмээн алдаршсан Н.Жамъян аваргын зээ хүү, Монгол Улсын дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр 1973 оны 1-р сарын 13-нд Архангай аймгийн Батцэнгэл суманд дөрвөн охин, хоёр хүүтэй айлын нэг хүү нь болон мэндэлжээ. Аав Ц.Гэлэгжамц нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд сум, нэгдлийн даргын албыг цөөнгүй жил хашсан бол ээж Ж.Насантогтох нь 23 жил номын санчаар ажилласан хүн бий. Түүнийг төрөхөд нь л хүмүүс бөх болно гээд тодорхойлчихсон байсан гэдэг. Учир нь тэрбээр эхээс төрөхдөө л таван килограмм жинтэй том хүү байсан аж. Тиймээс угаас бөхийн удамтай гэр бүлийнхэн нь ирээдүйд бөх болох нь гарцаагүй хэмээн баярлаж, олны цагаан хэл амнаас хол байлгах үүднээс гадуур дагуулж явдаггүй байжээ. Цэцэрлэг, сургуульд байхдаа ч тэрбээр үеийнхээ хүүхдүүдтэй харьцуулшгүй том биетэй байсан гэдэг. Ямартай л 12 настайдаа аймгийн хүүхдийн барилдаанд оролцох гэсэн чинь түүнийг “Яаж ийм том биетэй хүүхэд 12 настай байдаг юм” гээд итгээгүй байх вэ дээ. Гэвч тэр барилдаанд Г.Өсөхбаяр түрүүлж анхныхаа шагналыг хүртсэн байдаг.

Алдрын зам руу жигүүрлэсэн өвөөгийн нэрэмжит барилдаан...

Г.Өсөхбаяр ЕБС-иа 1990 онд төгсөөд 17 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд тун удалгүй улсын шигшээ багт багтаж чадсан юм. Түүний чөлөөт бөхөөр үзүүлсэн амжилт чамлахааргүй. Шигшээ багийн тамирчин болоод ердөө жилийн дараа тив, дэлхийн тэмцээнүүдэд явж эхэлсэн тэрбээр 1998 онд Азийн наадмын хүрэл медаль, 2001 онд Ази тивийн аварга болж, улмаар Афиний олимпийн наадамд эх ороноо төлөөлөн оролцож байлаа. Чөлөөт бөхийн карьер нь ид байх үедээ буюу 20 настайдаа анх удаа үндэсний бөхийн зодог шуудаг өмсөн дэвжээнээ гарсан нь түүний өвөө даян аварга “Буур” Н.Жамъяны нэрэмжит барилдаан байв. Өвөөгийнхөө нэрэмжит барилдаанаар үндэсний бөхийн гараагаа эхэлсэн Г.Өсөхбаяр тэр жилдээ өвөөгийнхөө төрсөн нутаг Архангайн Цахир сумын наадмаар барилдаж сумын заан цол хүртжээ. Бөхийн удамтайн дээр бяр, чацтай хүү яагаад тийм хожуу барилдаж эхэлснийг гайхах хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл түүний өвөө зургаан настай байхад өөд болсон бөгөөд амьд ахуйдаа эцэг, эхэд нь хорин нас хүргэж байж барилдуулахыг захиж үлдээсэн юм билээ. Тэрбээр 22 настайдаа улсын баяр наадамд долоо даван заан болж байсан бол цолоо ахиулан явсаар 2002 онд ес давж, улсын наадамд анх удаагаа түрүүлэн арслан цолны эзэн болсон түүхтэй. Түүний төрсөн дүү Г.Батбаяр нь ч мөн л ах шигээ үндэсний бөхөөр замнаж Улсын харцага цол хүртээд буй.

Андтай нь өстөн болгосон дархан аварга цол...

Нэгэн үе бөх сонирхогчид төдийгүй Монголын ард түмний хайр бахдалыг төрүүлэн шуугиулж явсан зургаан залуу зааны нэг нь Г.Өсөхбаяр. Үндэсний бөхийн нэгэн үеийн хүчит давалгаа гэгддэг тэдгээр заанаас өдгөө нэг нь аварга болсон бол хоёр нь дархан аварга цол хүртээд буй. Гэхдээ дархан аваргууд маань цолоо өмнөх аваргууд шиг хөлсөө дуслуулж аваагүй, шинэ хуулийн дагуу хүртсэн учраас шулуухан хэлэхэд жаахан үнэ хүндгүй цол болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх болов уу. Гэвч Г.Өсөхбаярын хувьд алдарт даян аварга өвөөгийнхөө цолыг давуулан биелүүлснээр ховорхон түүхийн хуудсыг бичиж чадсан билээ. Бас хоёр хүчтэн нэг дор дархан аварга болсон нь Монголын үндэсний бөхийн түүхэнд анх удаа тохиосон содон үйл явдал байсан юм. Даанч нэгэн үе зүлэг ногоон дэвжээний хамгийн хоншоортой андууд хэмээгдэж, бас ч үгүй хөлстэй нүцгэн биеэрээ чамгүй олон жил тэврэлдэж, ноцолдож явсан хүчтэнгүүд шинэхэн цолноосоо болж зүүний магнайг булаалдан хонь, чоно болчихоод байгаа. А.Сүхбат аварга түрүүлж дархан аварга цолыг гардан авснаараа “Би зүүний магнайг тэргүүлэх ёстой” гэдэг бол Г.Өсөхбаяр дөрөв түрүүлснээрээ зүүнийг тэргүүлэх учиртай гэж зүтгэдэг. Харин А.Сүхбат аварга гурав түрүүлсэн байдаг. Тухайн үед хөлийн цэц А.Сүхбатыг зүүн, харин Г.Өсөхбаярыг барууныг манлайлан гаргахаар шийдвэрлэсэн юм.

Зааны тугалуудын аав, хэдэн тэрбумын эзэн...

Өсөхөө аварга гэргий Б.Нарантуяатайгаа 1997 онд гэрлэжээ. Эрийн хийморийг шингээсэн дархан аваргын гэргий эмч мэргэжилтэй, эгэл даруухан, халамжтай бүсгүй байдаг бөгөөд ханьдаа нэг охин, гурван хүүг нь төрүүлж өгсөн алдарт ээж. Хосууд үрсээ “зааны тугалууд” гэж өхөөрддөг гэдэг. Учир нь түүний гурван ч хүүхэд нь аавыгаа заан цолтой байхад мэндэлсэн тул ийн нэрийддэг аж. Аварга хөвгүүдээ сайн бөх болгох үүднээс хөдөлгөөнийг нь нэг их хориод байдаггүйн дээр гэрийн хүмүүжилд ихээхэн ач холбогдол өгдөг гэсэн шүү. Түүний гурван хүү нь бүгд л бөх болох сонирхолтойгоос аварга бага хүүгээ бусдаасаа илүүтэй сайн барилдана гэж шинжээд өөрийн зодог шуудгийг өвлүүлсэн гэдэг. Харин хорь шүргэж буй хонгор зүстэй ганц охин нь их сургуульд суралцахын зэрэгцээ аавынхаа бизнест хуруу нэмэрлэдэг гэх юм билээ. Эднийхийг их хотын төвд сүндэрлэх “Bluе sky” цамхагт аж төрдөг гэх яриа бий. Сүүлийн үеийн бөхчүүдийн цолыг нь дагаж хөрөнгө нь зузаардаг жишиг бараг л тогтчихоод байгаа. Г.Өсөхбаяр ч мөн л тийм замаар замнаж аварга цол авсан даруйдаа “САПУ” архи пивоны үйлдвэрийг 15 тэрбум төгрөгөөр худалдан авч, бэл бэнчингээ гайхуулж байсан бол төд удалгүй барилгын салбарт хөрөнгө оруулж эхэлсэн. Мөн саяхнаас төрсөн дүү Улсын харцага Г.Батбаяртайгаа нийлэн худалдааны төв нээсэн сурагтай байдаг шүү. Түүнчлэн хэдэн жилийн өмнө түүнийг улс төрд орж байгаа гэх “шуум” тархаж, бүр УИХ-ын сонгуульд хүртэл нэрээ дэвшүүлэхээр зэхэж байгаа тухай хэвлэлээр бичигдэж байсан ч тэгсхийгээд намжсан. Аварга бугуйн цаг цуглуулах хоббитой бөгөөд төрөл бүрийн брэндийн цагнуудынх нь нийт өртгийг үнэлбэл хагас тэрбум өлхөн хүрчихнэ гэж байгаа. Ийн баялаг намтар, түүхийн эзэн маань одоогоор дэд хурандаа цолтойгоор “Алдар” спорт хороог удирдаж явна.

С.Мөнхжаргал

 

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2018 04 сар 25

барилдаан үзүүлж, наадамчин олныг олон жил доромжилсон, алдарт эрийн 3 наадмыг доромжилсон ,нүгэл нь нүдээрээ цувсан амьтан.

зочин 2018 04 сар 25

ДОПИНГ Сүхбатыг ямар аварга гэдийн, ,ҮХСЭН нохойн оцгор,харин ч Өсөхбаяр аваргын хүч хөдөлмөр ,цаг зав, нэр төр, алдар гавьяа, цол хэргэмд ,,Нөхөж баршгүй ,хохирол үзүүлсэн ...энэ Допинг, зөвхөн Өсөхбаяр гэлтгүй хичнээн ч бөх, бөх сонирхогчдыг хууран мэхэлснийг тоочиж баршгүй, ,Хуурамч барилдаан үз

Зочин 2018 04 сар 23

Өсөхбаяр, Сумъяабазар, Ганбат, Бумбаяр нар допин хэрэглэсэн Сүхбат, Гантогтох нартай барилдаж барилдаж аварга, арслан, заан цолыг авсан үнэн агуу хүчтэнүүд шүү. Өсөхбөаярыг ид барилдаж байх үёд Баянмөнх хорлож чадахгүй учраас мөн ч их элдэв янзаар хэлж сэтгэл санаагаар дарамтладаг байсан нь саяхан с

монгол 2018 04 сар 23

хамгийн том охин нь анхны бүсгүй дээр нь байдаг байх аа

нэмэхээ 2018 04 сар 23

Сайхан гэр бүл, сайн сайхныг аүсье