Монголын №1 инээдмийн уран сайхны кино “Параллель ертөнц”


“Параллель ертөнц”  уран сайхны киноны тухай таарсан бүхэн ам дамжин ярьж өөрийн эрхгүй сэтгэл гижигдээд цаг зав гарган кино театрын зүг явлаа. Тасалбар авах гэтэл 10 гаран л үлдсэн байлаа. Кино эхэлж үзэгчид үйл явдал бүр дээр өндөлзөн зарим нь орилж, инээж сүүлдээ уйлж харагдсан. Инээдмийн кино үзэхээр л нийтлэг нэг алдаа харагддаг. Тэр алдаа  “Параллель ертөнц” кинонд ажиглагдсангүй. Хүнийг инээлгэх гэж ядсан хэтэрхий “хичээсэн” гэмээр марзан үйл явдал байгаагүй нь авууштай санагдсан. Мөн зохиол маш эмх цэгцтэй үсэрсэн үйл явдал нэг ч байсангүй. Одоо яах бол, одоо юу болох бол, энэ бүхний тайлал нь ямар байх бол гэж нүд салгалгүй сууснаа нуух юун. Найруулагч, зургийн дарга, компьютер графикийн баг, дүр сонголт, киноны хөгжим үнэхээр сайн. Тас няс хийсэн монтажгүй энгийн тэгэхдээ маш ойлгомжтой, цэвэрхэн план тавилтуудтай өөлөх зүйл байсангүй. Ямар ч киноны амин зүрх нь кино зохиол байдаг. Мөн зохиолыг утга төгөлдөр илэрхийлэх найруулагчийн шийдлийг мартаж болохгүй. Кино эхэлсэн цагаас эхлээд л завсар зайгүй үйл явдал бүр дээр инээснээ бодохоор өөр кино үзээд тэгэж инээж байснаа санахгүй юм.

Инээдмийн кинонууд ихэвчлэн хөнгөн утга агуулгатай байдаг бол  “Параллель ертөнц” уран сайхны кино тийм байсангүй. Хөгжилтэй байдлаар үзэгчдэд ухаарал бэлэглэх гэсэн тэр л утга санаа үнэхээр нэгийг бодогдуулмаар байлаа. Нэг инээж, нэг уйлж, нэг санаа алдаж сэтгэл хөдлөл дээд цэгтээ байсаар киногоо дуусгасан. Кино дуусаж гэрэл асахын өмнө танхим дүүрэн үзэгчид нижгэнэтэл алга ташицгаах нь намайг гайхшруулав. Кино нээлтэн дээр аль эсвэл түүхэн уран сайхны кинонууд дээр л хүмүүс алга ташихыг харж байснаас биш инээдмийн киноны энгийн үзвэрээр үзэгчид босож алга ташиж байхыг харж байсангүй. Үнэхээр “Параллель ертөнц” уран сайхны кино Монголын №1 инээдмийн уран сайхны кино болж чаджээ.

Танхимаас гарч буй үзэгчдийг ажиглавал зарим нь нулимсаа арчиж, зарим нь нэг их бодлогоширсон царайтай, нэг хэсэг нь нүүрэндээ мишээл тодруулсан байдалтай байв. Цахим орчинд  “Параллель ертөнц” киног үзсэн хүмүүс тун чиг ам сайтай байгаа. Яг л энэ нийгэм ийм л киногоор дутаад байсан юм уу гэлтэй. Бүгд л кино баг хамт олон, уран бүтээлчдэд талархаж үнэхээр сайхан уран бүтээл болсон талаар сэтгэгдлүүдээ үлдээж байна. Ялангуяа киноны утга санаа залуучуудад нэгийг бодуулсан гэмээр санагдсан. Нийгмийн стрессээс түр ч гэсэн салгаж зэрэгцээ ертөнцөөр үзэгчдийг аялуулж буй  “Параллель ертөнц” уран сайхны киноны хамт олонд үнэхээр талархаж байна.

Монголд олон ч инээдмийн уран сайхны кино нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон. Гэхдээ нээлтээ хийсэн цагаасаа эхэлж тасралтгүй шуугиулж байсан нь ховор. Энгийн үзвэрүүдээр хүмүүс алга ташиж байна гэхээр ойлгомжтой биз ээ. Хүмүүс уйлуулж байвал сайн кино, түүхэн сэдэвтэй, хүнд төрлийн кинонуудыг сайн кино гэж дүгнэх нь их байдаг. Тэр ч утгаараа инээдмийн кинонд нэг их ач холбогдол өгдөггүй мэт санагддаг. Магадгүй хүний сэтгэлд хүрсэн инээдмийн кино өдий хүртэл гарч байгаагүй болоод тэр байж мэднэ. Гэтэл  “Параллель ертөнц” уран сайхны кино хүмүүсийн хандлагыг эвдэж олон жилийн рекордыг эвдэж №1 байж чадлаа.

Нээлтээ хийгээд 10 ч хоноогүй кино театруудын хамгийн их үзэлттэй киногоор шалгарсан шүү дээ. Одоо ч танхим дүүрэн үзэгчтэй байсаар байна. Монголын кино урлаг төрөл төрлөөрөө нэг нэг шатаар ахиж байна. Залуу уран бүтээлчид ч юу хийж чадахаа үзэгчдэд батлан харуулсаар байна. Ямарваа нэг уран бүтээл хийхэд бүх л зүйл нь нийцэлтэй байх ёстой. “Параллель ертөнц” уран сайхны киноны зохиол, илэрхийлэх гэсэн санаа, дүр сонголт, баг хамт олон, найруулагчийн шийдэл гээд бүх зүйл яг л нэг нэгэндээ ууссан мэт илүүц зүйл нэг ч байгаагүй. Мэдээж ганц хоёр жижиг алдаа байсан хэдий ч энэхүү нийтлэлдээ дурдах нь илүүц юм.

Мөн “Параллель ертөнц” киноны уран бүтээлчид болон Гэгээнтэн Энтертайнмент Төв, Гранд Принц компанийн хамт болон сайн үйлсийн төлөө гараа сунгаж сонсголын бэрхшээлтэй 29-р тусгай дунд сургуулийн 200 сурагчдад “Параллель Ертөнц” киног монгол хадмал бичигтэйгээр гаргасан. Кино эхлэхийн өмнө киноны гол дүрийн жүжигчин, уран бүтээлчид сурагч хүүхдүүтэй хамт зургаа татуулж “Ajisen Ramen”, “ASIAN HOT POT” рестораны тогоочид “АМТАТ HOTDOG” –р сурагч бяцхан хүүхдүүдийг дайлсан юм. Өмнө нь ийм чиглэлээр тэр бүр хүүхдүүдэд анхаарлаа хандуулсан уран бүтээлч санаа гарч байгаагүй бөгөөд тэр дундаа монгол киног монгол хадмалтайгаар хүргэж байсан бүтээл байгаагүй билээ. Харин “F studio”  болон хамтрагч байгууллагууд нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлсэн. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд барьсан энэ бэлэг нь тэдэнд маш их таалагдсан гэдэгт итгэлтэй байна. 

“Параллель ертөнц” киног үзэж амжаагүй нэгэн байвал үзээрэй гэж хэлье. Үзсэн бусад хэсэгт нь “Тийм ээ. Та нар Харанга шүү” л гэж хэлье.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх