Б.Бурмаа: Миний аав бол Монголын үндэсний өвийг тээгч...


Арав арван жилээр алдар суугаа мандуулж, зүлэг ногоон дэвжээг эзэгнэсэн агуу аваргын охин “аавынхаа шийр”-ийг хатааж спортоор амжилт үзүүлж эхэлсэн тухай мэдээг сонсоод түүнтэй ярилцах “хорхой” хөдөлсөн юм. Тэгээд дугаарыг нь хоёр, гурван ч хүнээр дамжуулан сураглаж байж олоод “аваргын охин юм чинь бас...” хэмээн бодож, эмээнгүй утас цохив. Гэтэл тэр бидний ярьж сурснаар ёстой л “хөөрхөн” ааштай бүсгүй байсан бөгөөд миний ярилцах саналыг уриалагхан зөвшөөрөв. Түүнтэй ярилцан суухад “Аргагүй л агуу хүний үр удам юм даа. Аавынхаа алдрыг ч авч явсан шиг авч яваа юм байна...” хэмээн бодож, бахархан суулаа. Ингээд Хөдөлмөрийн баатар, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн охин, Бодибилдинг, фитнессийн УАШТ-ий хүрэл медальт тамирчин Б.Бурмаагийн дэлгэрэнгүй ярилцлагыг эрхэм уншигч та бүхэндээ хүргэж байна. Түүний ярилцлагаас “аваргын охин” бус Б.Бурмаа хэмээх тамирчин бүсгүйн дотоод мөн чанар, хувь хүний талаар олон зүйлийг мэдэж авах биз ээ...

  • Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Юуны өмнө УАШТ-ий хүрэл медаль хүртсэнд халуун баяр хүргэе.

Их баярлалаа. Намайг ярилцлагынхаа зочноор хүндэтгэн урьсан танд ч бас баярлалаа. Олон жил хичээллэж байгаа туршлагатай, мундаг тамирчидтай хамт өрсөлдөөд Улсын аваргаас анх удаа медаль авсандаа баяртай байна.

  • Бодибилдинг фитнессээр хичээллээд жил болж байгаа гэж сонссон юм байна. Ганцхан жилийн дотор Улсын аваргаас хүрэл медаль хүртсэн гэхээр мундаг байна шүү...

Баярлалаа. Бодибилдинг фитнессээр хичээллээд жил гаруй хугацааг үдэж байна. Өнгөрсөн намар УАШТ-ий модель +165 см-с дээш ангилалд ороод шагналт тавдугаар байр эзэлсэн. Харин сая авсан хүрэл медаль бол миний Улсын аваргын анхны медаль л даа.

  • Үндэсний бөхийн их аваргын охин юм чинь самбо, жүдо, чөлөөт ч юм уу аль нэг бөхийн спортоор хичээллэсэн бол “дийлдэхгүй” байх даа гэж би боддог юм. Гэтэл өөрийн тань хувьд өөр сонголт хийлээ. Энэ спортоор хичээллэхэд чухам юу нөлөөлөв...

Харин хүмүүс бөхийн хүүхэд юм чинь барилдвал... гэж боддог юм шиг байна лээ/инээв/. Анх жилийн өмнө Г.Угалзцэцэг багш “Хэвлийгээрээ инээмсэглэе” хөтөлбөрөө нээсэн тэр ангийн хамгийн анхны төгсөгчдийн нэг нь.  Уугий багш маань олон нийтийн сүлжээнд их идэвхтэй байдаг. Хүмүүс ч багшид маань их ам сайтай байдаг. Багшийгаа би их хүндэлж бас урам авдаг миний үлгэр дууриал болсон хүмүүсийн нэг.  “Энэ хүнтэй нэг удаа ч болов уулзаад зөвлөгөө авч, хамт бэлтгэл хийж үзэх юмсан” гэж байнга боддог байсан. Тэгээд багшийнхаа санаачлан явуулдаг “Хэвлийгээрээ инээмсэглэе”  хөтөлбөр нь зарлагдахад ямар ч ажил байсан түүнийгээ хойш нь тавиад үүнд явахаар шийдэж, удалгүй фитнессээр эрчимтэй хичээллэж эхэлсэн.  Хичээллээд бие галбиржиж, өөртөө ч үнэхээр урамшсан. Багш маань ч надад урам их өгсөн. Манай багш их найрсаг, халуун дулаан харилцаатай, энгийн, нийтэч сайхан хүн л дээ. Уг нь “дэлхийн гурван удаагийн аварга” гээд биеэ тоох, өөртөө бардаж болохоор гэтэл огт тийм биш. /инээв/. Бүх хүмүүстэй нээлттэй, сайхан харилцаж, хэнийг ч ялгалгүй өөрийн туулсан, хуримтлуулсан туршлагаа харамгүй хуваалцдаг. Энэ зан чанарыг нь би өөртөө бас шингээх юмсан гэж боддог. Манай багш шавь нараа яг л өөрийн үр хүүхэд мэт хайраар халамжилдаг болохоор бидний ээжээс ялгаагүй байдаг юм. Бидний баг “Угалз Баг” нэгэн гэр бүл мэт болсон хайр, хүндлэл, нөхөрлөл, нэг зорилго дор нэгдсэн сайхан гал цогтой залуучууд байдаг. “Хэвлийгээрээ инээмсэглэе” хөтөлбөрт яваад урамшиж хичээллэж байхад багш “Чи их боломжийн байна. Тэмцээнд ороод үзээч...” гэж санал тавьснаар клубуудын нэрэмжит тэмцээнд эрчимтэй бэлдэж эхэлсэн. Тэгээд анхныхаа тэмцээнд ороод хоёрдугаар байр эзэлсэн. Түүнээс хойш л урам аваад цаашид өөрийгөө сорьж, туршлага хуримтуулаад энэ спортод хайртай болсондоо.

Спорт биеийг бялдаржуулахаас гадна сэтгэлийг бялдаржуулдаг...

  • Бодибилдинг фитнессээр хичээллэхээр хамгийн гол нь бие эрүүлждэг юм болов уу гэж боддог...

Тийм шүү.  Орчин үед хүн төрөлхтний эрүүл мэндэд тулгамдаад байгаа гол асуудал бол хөдөлгөөний дутагдал. Хөдөлгөөний дутагдлыг хөдөлж байж л арилгана. Хүй нэгдлийн үед хүмүүс хоолоо олж идэхийн тулд ан ав хоол хийж мөнхийн хөдөлгөөнтэй байсан байдаг. Гэтэл хөгжлийнхөө явцад хөдөлгөөн нь улам хумигдсаар байгаа. Хүн ер нь ямар ч спортоор хичээллэхэд сэтгэл санаа үргэлж өөдрөг болдог. Фитнессээр хичээллээд надад төрсөн нэг бодол бол “Ямар ч спортоор хичээллэвэл бие бялдаржихаас гадна сэтгэл дагаад бялдарждаг” юм байна. Спорт хүнийг тэвчээртэй, өөртөө зорилготой, тууштай занд сургадаг шүү. Аав болон хамтран зүтгэгчдийнх нь үүсгэн байгуулсан манай “Аварга” сургуулийн үнэт зүйл, суурь зорилго болох “Бие, хэл, сэтгэл гурав хоорондоо шүтэн барилдлагатай байдаг бөгөөд бие эрүүл байх юм бол сэтгэл үргэлж эрүүл байдаг. Сэтгэл эрүүл байвал бие ч мөн адил эрүүл байдаг” хэмээх санаан дээр үүсгэгдсэн байдаг.  Хөдөлгөөн бол хүнийг 100 хувь эрүүлжүүлдэг.

  • Мэдээж анх хичээллэж байхад хоол, ундны дэглэм барихаас эхлээд л хүндрэлтэй талууд олон байсан байх...

Фитнесс бол ойрын зайн гүйлт биш  харин удаан хугацаанд  тогтвортой тууштай явж байж үр дүн нь харагддаг нэг төрлийн марафон спорт гэж боддог. Мөн энэ урласан биеийг үргэлж хадгална гэдэг асар их хичээн чармайлтаар бий болдог. Уран барималч хүн шавраар уран баримал сийлдэг бол бодибилдэнг, фитнессээр хичээллэж байгаа бид бол бэлтгэлийн явцад өөрсдийгөө урлаж байгаа болохоор  “Бялдаржуулах урлаг” гэдэг болов уу. Хамгийн гол нь тууштай, тогтвортой байх хэрэгтэй. Энэ спорт гоо зүй сайн сайхан болоод тэсвэр, тэвчээрийг хүмүүст мэдрүүлдэг. Урлаг, спорт хоёр энэ спортод аль аль нь шингэсэн мэт санагддаг. Анхны тэмцээнд хоол сойх, тасралтгүй хичээллэх гээд л амаргүй байсан. Гэхдээ бид багаараа хамтдаа тэмцээнд бэлдэж байсан учраас бүх зүйлийн ард хамтаараа гарч чадсан.

  • Хүмүүс өөрийг тань Б.Бат-Эрдэнэ аваргын охин гэдгээр таних ч хувь хүн талаас тань төдийлөн сайн мэдэхгүй болов уу. Өөрийгөө болон эгч, дүүгээ дэлгэрэнгүй танилцуулаач...

Би 1988 онд аавыгаа анхны Улсын Наадмын түрүү авахад төрсөн. Айлын дунд охин,  эгч, охин дүүтэй. Аав ээж хоёр минь залуудаа олон улсын тэмцээн уралдаанд олон оролцож, гаднын соёл боловсрол, хөгжлийг үзэж, мэдэрсэн болоод ч тэр үү, хүүхдүүдээ гадаадад мэдлэг боловсрол эзэмшүүлсэн. Би Монголдоо зургадугаар анги хүртэл сураад гурван жил Германд дунд сургуульд суралцаж төгссөн. Арван жилийн сургуулиа төгсөөд Монголдоо ирээд АШУҮИС-ийн “Био Анагаах” сургуулийг био-анагаах судлаач мэргэжлээр төгссөн. Одоо “Аварга” дээд сургуульдаа Эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. Гэр бүлийнхний маань тухайд гэвэл ээж маань “Аварга” сургуульдаа захирлаар ажилладаг. Эгч маань багаасаа л Германд амьдарсан. Гэр бүлтэй болоод, тэндээ амьдарч, сурч байна. Харин дүү маань өнгөрсөн жил  АНУ-д сургууль төгсөж ирээд Монголдоо ажиллаж байгаа.

  • Аварга хүргэнээ нэлээд их шалгуур тавьсан байх даа...

Манай ах эгч хоёр үерхээд олон жил болж байгаа. Одоо бол аавын шалгуурт тэнцсэн л дээ\инээв\. Манай ах их сайхан хүн байдаг юм.

  • Танай гэр бүл зээтэй болж амжсан уу...

Бид гурав хараахан хүүхэд төрүүлж амжаагүй л байна.

  • Тэгвэл Б.Бурмаа найз залуугүй байх нээ дээ...

Тийм ээ, байхгүй. Гэхдээ сайхан гэр бүлтэй болно гэж боддог л доо.

  • Мэдээж араас тань гүйдэг залуучууд олон л байдаг байх...

/Инээв/. Үгүй ээ, би нэг их тэгж олон хүнтэйтанилцаад, уулзаад байдаггүй ээ. Бурхан надад ямар хувь тавилан оноосон тэр хувь тавилангаараа л явна даа.

  • Тэгвэл ямар эр хүн таалагддаг вэ?

Охид болгон аав шиг ээ л хүнийг харж явдаг байх. Эр хүн ноён нуруутай байх хэрэгтэй гэж би боддог. Манай аав олон жилийн өмнө “Эрчүүдээ өөд нь татахгүй бол эмэгтэйчүүдээс хоцроод байна аа” гэж хэлж байсан удаатай. Аавын хэлснээр магадгүй бид эрчүүдээ жаахан хаячихсан юм шиг санагддаг шүү.

  • Манай бөхчүүд ихэвчлэн хүүхдүүдээ бөхийн удамтай хүмүүстэй гэр бүл болгохын хүсдэг шүү дээ. Аав тань магад бас та гуравт “Бөх хүнтэй суугаарай” гэж хэлдэг байж мэдэх...

Гэр бүл маань бид гуравт тэгж хэлсэн удаа байхгүй ээ. Аав, ээжийг бөхийн удамтай гэж мэдэхгүй суусан гэдэг. Сүүлд л ээж Д.Барамсай зааны охин болж таарсан гэдэг юм. Ер нь манай гэр бүлийнхэн их ардчилсан үзэлтэй хүмүүс л дээ. Бүгд л өөр, өөрсдийнхөө сонирхсон зүйлийг чөлөөтэй хийдэг. Тэр сонирхож буй зүйлийг нь харин ч дэмжиж, баттай ар тал нь байж чаддаг. Намайг анх фитнессээр хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн маань их дэмжсэн. Ер нь хамт хичээллэдэг охидуудаа хараад байхад ар гэр нь тэр бүрчлэн ойлгохгүй, зарим талаараа илүү бэрхшээлтэй учирдаг шиг санагддаг. Яагаад гэвэл бид цаг наргүй бэлтгэл сургуулилт хийдэг учраас ар гэртээ зарцуулах цаг зав төдийлэн гардаггүй. Манайхан дунд гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүмүүс цөөнгүй байдаг болохоор бас ар гэрийнхэн нь ойлгодоггүй байх л даа.

  • Цаг наргүй бэлтгэл сургуулилт хийгээд байхаар ажил нь цалгарддаг уу?

Би азаар спортын сургуульд ажилладаг болохоор манай хамт олон намайг байнга дэмждэг. Бодибилдинг фитнесс бол цаг, хугацаа их шаарддаг спорт. Харин хамт олон минь намайг ойлгодог болохоор ажлаасаа илүүтэй спортдоо цаг заваа зарцуулж чаддаг. Манайхан бүгд шахам л ажлынхаа хажуугаар бэлтгэл хийдэг. Тэгээд ажлынхаа хажуугаар зохицуулаад, амжуулаад яваад л байдаг юм.

  • Бодибилдинг фитнесс цаг, зав их шаарддагаас гадна чамгүй өндөр зардалтай спорт гэгддэг...

Тийм шүү. Чамгүй их мөнгө зарцуулдаг. Гэхдээ “Ажил хийнэ. Цалин авна. Авсан цалингаараа таргалах юм авч иднэ. Үлдсэн цалингаа турахад зарцуулна.” гэдэг шиг ирээдүйд их мөнгө зарцуулахгүйн тулд одоо бага зардлаар эрүүл мэнддээ анхаарахыг хичээдэг. Хожим алдагдасан эрүүл мэнддээ зарцуулах мөнгийг фитнессээр хичээллэж байгаа бүх хүмүүс өөртөө болон эрүүл мэнддээ урьдчилан сэргийлж, хамгаалж зөв хөрөнгө оруулалт хийж байгаа гэж би боддог.  Аль болох Монгол ногоо, тахианы цээж мах хэрэглэхийг хичээдэг.

Аав, ээжээс мөнгө, хөрөнгө бус нэр хүнд нь л өвлөгдөж ирнэ...

  • Ихэнх хүмүүс бодибилдинг фитнессээр хичээллэхээр булчинлаг гос биетэй болохоос гадна хурдан жин хасдаг гэж ойлгодог байх. Ер нь бодибилдинг фитнессээр хичээллэсний давуу талуудыг дурдвал...

Жин хасах тал дээр би хүмүүст нэг зүйлийг зориуд хэлмээр санагддаг юм. Юу гэхээр, хүн богино хугацаанд жин хасах юм бол буцаад тэр жингээ хэд дахин үржүүлээд нэмдэг гэдгийг. Яагаад гэвэл тэр арга нь биед нь  дасаагүй учраас. Хүний бие чинь ухаалаг шүү дээ. Богино хугацаанд жингээ хасах нь өөрийн эрүүл мэндэд их хортой. Хэрвээ жингээ хасмаар байвал удаан хугацаанд алхам, алхмаар хасах хэрэгтэй. Ядаж л нэг жилийн хугацаа шаардлагатай. Эрэгтэй хүнийг бодвол эмэгтэй хүмүүс удаан турдаг хэрнээ амархан таргалдаг. Идэж байгаа зүйлдээ анхаарах нь хамгийн зөв алхам. Хоолны дэглэм бариад, дасгал хөдөлгөөн хийгээд байвал хүний бие жамаараа турж, эргэж таргалах нь удаан байдаг. Бодибилдинг фитнессээр хичээллэсний давуу талууд маш олон. Хамгийн гол ач холбогдол нь бие эрүүлждэг, сэтгэл санаа өөдрөг болно.

  • Манай уншигчдад жингээ хасах хялбархан жор хэлж өгөөч...

Эмэгтэй хүмүүс дийлэнх нь чихэрлэг гурилан идэх юманд дуртай байдаг. Мөн стрессд орохоор их хэмжээгээр иддэг. Энэ бол маш буруу. Миний хамгийн түрүүнд хэлэх зүйл бол чихэрлэг буюу гурилан бүтээгдхүүнийг багасгах хэрэгтэй. Гэхдээ тас хорих биш хязгаарлана гэсэн үг. Идэж болно хамгийн гол нь хэмжээтэй л байх хэрэгтэй. Өглөөний цайгаа заавал ууж занших хэрэгтэй. Би өөрөө овьёосонд их дуртай болохоор өглөөний цайн дээрээ төрөл бүрээр хэрэглэдэг.

  • Манайхан хийдэг гэснээс Бурмаа үндэсний үйлдвэрлэлээ нэлээд дэмждэг юм шиг санагдсан...

Үнэхээр их дэмждэг шүү. Сүүлийн үед манайхан, ялангуяа залуучууд маань олон сайхан зүйлийг хийдэг болсон байна. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд нэг л гоё амин сүнстэй, учир утгатай юм шиг надад санагддаг. Би өөрөө бодлын хүчинд их итгэдэг. Монголчууд өөрсдөө хэлчихсэн байдаг шүү дээ. Сайн явах санааных, санаа сайн бол заяа сайн,  санаа зөв бол заяа зөв гэх мэтээр... Хүн ер нь дотроо дандаа л сайхан юм бодож, сэтгэж байх хэрэгтэй. Би яагаад үүнийг хэлж байна гэхээр хөдөлмөр хийж байгаа, баялаг бүтээж яваа хүмүүс дандаа л эерэг сайхан бодолтой хүмүүс байдаг л даа. Тиймээс тэднийгээ дэмжиж, хамтарч ажиллах сайхан байдаг юм.  Тэд бол ирээдүйн сайхан Монголыг бүтээгчид гэж би боддог. Ганц би гэлтгүй Монголчууд бүхий л хэрэглээндээ үндэсний хэв маяг шингээсэн, дотоодын үйлдвэрийн зүйлсийг хэрэглэх хэрэгтэй.  Монгол хүн хаана ч гоё сайхан үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн зүйл хийж бүтээж байвал би хувьдаа таашаадаг. Өөрт хэрэглэж үзээд таалагдвал дэмждэг. Сүүлийн үед Монголчууд үнэхээр бүтээлч, шинийг эрэлхийлсэн олон сайхан бүтээл, бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг хийдэг болсонд их бахархдаг. Би Монгол уламжлал, соёл, ёс заншил гэх мэт үндэсний бүхий л зүйлдээ сэтгэлтэй хандаж, хүндэлдэг, хайрладаг, биширдэг. Энэ нь ч аав маань өөрөө Монгол бөхийн соёлыг түгээгч, хадгалагч болохоор тийм байдаг болов уу. Уртын дуу, хөөмий, үндэсний бүжиг, морин хуур зэрэг агуу соёлын өвөө хүндэтгэж, эдгээрийг үеэс үед уламжлан, хадгалж байгаа хүмүүсийг их хүндэлдэг. Тухайлбал Монгол үндэсний наадмыг би хувьдаа урлагийн маш том бүтээл гэж хардаг.

  • Ингэхэд та эдийн засгийн хувьд хэр баян хүн бэ. Аварга мэдээж охидууддаа чамгүй эд, хөрөнгийг өвлүүлэх болов уу...   

Би зүгээр л энгийн дундаж амьдралтай нэгэн. Манай аав, ээж хоёр биднийг их энгийн өсгөсөн. Би 15 нас хүртлээ чихээ цоолж байгаагүй.  Миний аав, ээж бид гуравт эд хөрөнгө гэхээс илүүтэй боловсролд том хөрөнгө оруулалт хийж чадсан. Би мөнгө өвлөгдөж ирдэггүй харин аав, ээжийн минь нэр хүнд, хайр хүндэтгэл нь өвлөгдөж ирнэ гэж боддог. Өөрөөр хэлбэл аавын минь олон түмэндээ хайрлагдсан энэ их итгэл, зүтгэл, хөдөлмөрийн үнэ цэнэ нь бид бүхэнд шагнал, өв болж байдаг юм. Миний аав бидэнд зөв хэрэглээ, ёс суртахуун, хүн байх чанарыг өөрөөрөө үлгэрлэдэг. Энгийн байгаагаараа л байгаа нь бидэнд маш том хүмүүжил болж өгдөг. Аав “Хэтэрхий их үнэтэй гар утас, машинаар яах юм бэ. Хэрэгцээг л хангаж байх юм бол энгийн зүйлийг хэрэглэх нь зөв” гэдэг. Одоохондоо манай гэр бүлийнхэн дэм дэмэндээ л явж байна. Ерөнхий зардал мөнгөө хуваагаад зохицуулдаг. Их хэмжээний мөнгөн дээр бие биендээ тус дэм болдог доо.

  • Ярианаас тань сонсоод байхад аав нь та гуравт багагүй зүйлийг хэлж, сургадаг бололтой...

Тийм шүү. Зөв хүн байхын тухай, хүнд тустай, сайн хүн байх тухай, хүмүүстэй сайхан харилцаатай байх гээд олон зүйлийг зааж, зөвлөдөг. Аав  “Хүнтэй мэндтэй устай байхаас л харилцааны хамгийн том эхлэл нь байдаг гэж захидаг. Хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй. Хийдэг зүйлээ чин сэтгэлээсээ сэтгэл гаргаж хандах хэрэгтэй. Бурууг үргэлж өөрөөсөө хайж байгаарай...” гэж их хэлж, захидаг юм. Манай гэр бүл зун хөдөө агаарт их гардаг. Аав минь өөрөө машинаа бариад явна. Тэгээд нутаг руу гаа явах замдаа аавтайгаа өнгөрүүлсэн бага насны дурсамжаа бид нарт ярьж өгнө. Түүнээс гадна зам зуураа амьдралын жинхэнэ үнэн мөнийг ярьдаг юм. Тэр бүгд нь бидэнд сургамж, хүмүүжил болж байдаг. Манай аав их зөөлөн хүн л дээ. Бид нарт хатуу үг хэлж үзээгүй. Өөрөө олон эгч нарынхаа дунд өссөн, айлын хэнз хүүхэд байсан болохоор магадгүй биднийг ч тэр л зөөлөн хайраараа өсгөсөн байх. Гэхдээ хэдий зөөлөн ч аавын минь байгаа байдал нь л биднийг зөв хүмүүжүүлж чаддаг. Манайх гэр бүлийн хурал хийдэг. Манай найзууд гэр бүлийн хурал хийдэг гэхээр их гайхдаг юм/инээв/. Тийм айл ховор байдаг юм шиг байна лээ. Манайх бүгдээрээ цуглаад хурал хийж, хоорондоо болж бүтэхгүй байгаа зүйл, тулгамдсан асуудлуудаа ярилцдаг. Аав “За юу нь болж байна, юу болохгүй байна, юу хиймээр байна” гээд биднээс асуудаг бид ч аав, ээжтэйгээ чөлөөтэй ярилцаж үзэл бодолоо хуваалцдаг даа. Бас манай гэр бүл өглөө бүр хамтдаа ширээ тойроод өглөөний цайгаа хамтдаа уухыг чухалчилдаг. Энэ л үе хамгийн сайхан мөч байдаг.

  • Сайхан заншил байна шүү. Аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн дурсамжтай, сайхан үе ээ дурсвал...

Би хоёрдугаар ангид байсан юм. Манай ангийн багш гадагшаа ажлаар явчихсан. Тухайн үед хичээл өглөө ороод үдээс хойш тардаг байсан. Аав минь намайг ажилдаа авч явдаг байсан. Намайг машиндаа үлдээгээд ажил руугаа ордог байсан. Аавийнхаа ажил руу дагаж явдаг байсан тэр хоёр сар л үнэхээр гоё санагддаг юм.

Бикини бол миний зодог, шуудаг...

  • Багаасаа гадаадад амьдарч, суралцсан залуусын дийлэнх нь тэндээ үлдээд ажилладаг л даа. Харин өөрийн тань хувьд эх орондоо ирж. Ирэх шалтгаан бас байсан болов уу?

Аав, ээж хоёр маань биднийг эх орондоо ажиллаж амьдарч, монгол уламжлал, зан заншлаа мэдэж, гадаадад сурсан зүйлээ эх орныхоо төлөө зориул гэж захидаг юм.  Хүн хилийн дээс алхаад Монгол гэх ганцхан нэртэй болж өөр газар очих тэр мөчид эх орноо илүүтэй их бодож, илүүтэй хайрладаг юм болов уу. 1999 онд “Аварга сургууль”-ийг аав, ээж маань олон сайхан хүмүүсийн хамтаар байгуулсан байдаг.  Миний өсвөр насаа өнгөрөөсөн Германд гэр бүлийн бизнес илүү хөгжсөн байдаг л даа. Хоолны газар, талхны газар л гэхэд 100 жил, 200 жилийн түүхтэй, гэр бүлийн бизнес байдаг. Тиймээс би тэдэнтэй адил аав, ээжээс өвлөгдөж ирсэн сургуулиа олон зуун жилийн түүхтэй, Монголын боловсрол, спортын салбар дахь нэгэн том багана байгаасай гэж хүсдэг. Үүний төлөө сэтгэл, зүрхээрээ хамтран ажилладаг багш, ажилчид, албан хаагчид болон дээд, ахлах сургуулийнхаа удирдлагуудааддаа их талархдаг мөн бахархаж явдаг.

  • Тэгвэл “Аварга” дээд сургуулиа яваандаа удирдах нээ дээ...

Тийм ээ. Сургуулиа авч явна гэж боддог. Гэхдээ одоо би залуу байна. Манай сургуулийн удирдлагууд их мундаг доктор, профессор хүмүүс бий. Одоохондоо тэднээсээ суралцаад л явж байна даа.

  • Аваргын охин гэдэг утгаар нь өөрийг тань хүмүүс их хүндэлж харьцана биз...

 Өсвөр насандаа “Дархан аваргын охин” гэж хэлүүлэхэд их л эмээдэг байлаа. Яагаад гэвэл тэгж дуудуулахаар надад маш том хариуцлага ирж байгаа юм шиг санагдаад биеэ цэгнэдэг байсан болохоор тэр л дээ. Би сайн хүний охин болж төрөх хувьтай байж дээ гэж хувь заяандаа баярлаж явдаг. Аавынхаа нэрийг өргөж, сайн авч явахыг хичээдэг дээ.

  • Аав, ээж хоёрыг тань гаднаас нь харахад олон гэр бүлүүдэд үлгэр жишээ болохуйц сайхан харилцаатай хүмүүс шиг ажиглагддаг юм...

Би гэр бүлийн амьдрал, жинхэнэ хайрыг аав, ээжээсээ л хардаг. Манай хоёр 1987 онд хуримаа хийж байсан. Энэ олон жилийн хугацаанд хоёр биендээ уусчихсан. Ээж минь “Аав чинь одоо ирэх болж байгаа даа, хаалга дуугараад байна” гэхэд л аав ороод ирдэг шүү\инээв\. Жинхэнэ заяаны хосууд л гэж хэлмээр байна. Хэзээ ч ам зөрж байгаагүй. Арга билэг гэдэг зүйлийг л аав ээж хоёроосоо л хардаг даа.

  • Аваргын талаар ер нь саар янз бүрийн мэдээ сонсож байгаагүй юм байна шүү...

Манай аав өөрөө ярьдаг л даа. “Миний бөхийн амжилт бол нэг амжилт юм. Зүлэг ногоон дэвжээн дээрээс гадна “Бөх” гэдэг үнэт зүйлээ хэр хадгалж үлдэж байгаа нь л миний амьдралын бас нэгэн амжилтыг харуулдаг” гэж хэлдэг. Магадгүй тийм ч болохоор л аавд маань Монгол үндэсний бөхийн холбооноос “XX-р зууны тэргүүн бөх” хэмээн өргөмжилсөн байх л даа. Бөх хүн гэдэг бүхий л зүйлээрээ үлгэрлэж байх ёстой болов уу. “Бөх хүний ариун нандин ёс жудгийг хэлээд яваад байх нь чухал биш, харин үйлдлээрээ харуулах ёстой” гэж аав минь хэлдэг юм. Бөх хүн өөрөө олон түмний хайр хүндлэл, хишиг, буянд л оршиж байдаг бас түүнийгээ дааж явах учиртай тул үргэлж хичээж явдаг байх. Тэр зарчимдаа чиг үнэн ч явсаар ирсэн болохоор л аавын минь зам мөр, бидний зам мөр цагаан явдаг юм болов уу, гэж би боддог. Хүмүүс хэлдэг шүү дээ, хүү гарвал бөх болно гэж бэлэгшээдэг. Энэ нь бөхөөр барилдаад байх биш амьдралын бүхий л зүйлд ноён нуруутай нугаршгүй байхыг билэгддэг байх гэж би боддог.

  • Аавыгаа улс төрд ороход танай гэр бүлийнхэн хэр хүлээж авсан бэ. Нийгэм даяараа л “тэр сайхан аварга хүн бохир улс төр лүү орчихлоо...” гэж халаглаж байсан санагдана...

Аливаа зүйл дандаа хоёр талтай байдаг. Улс төрд ороход нь бид бүхэн дэмжсэн. Яагаад гэвэл манай аав спортын үндэсний бөхөд өөрийн гэсэн орон зайгаа эзэлчихсэн хүн. Аав нутаг орондоо хэрэгтэй, тустай, хүн зоныхоо төлөө даацтай зүйл хийх юмсан гэж үргэлж л ярьдаг байсан. Тэгж хүсэж, боддог байсан болохоор л өөрийнхөө дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж, төрийн түшээгийн эрх мэдлээрээ дамжуулж хүмүүст туслах, тэднийхээ төлөө сайхан зүйлийг хийе гэж л улс төрд орсон гэж би боддог. Хүмүүсийн сөрөг, саар хэл аманд манай гэр бүл дархлаа суучихсан байсан л даа.  Яагаад гэвэл аав өмнө нь олон жил спортоор яваад олны сайн, саар үгэнд хатуужилтай болсон байсан. Тийм болохоор олны саар ярианд манай гэр бүл эмзэглэж байсан удаагүй шүү.

  • Сонгууль дөхөөд ирэхээр танай гэр бүлийнхэн бүгд л хөдөлгөөнд орно биз...

Аав маань жилийн жилд өөрийнхөө хийнэ гэж бодсон, ярьсан зүйлээ биелүүлчихсэн байдаг учраас нүүр бардам байдаг. Манай аав чадах зүйл дээр л чадна гэж хэлдэг. Чадахгүй зүйлээ чадна гэж хэзээ ч ам гардаггүй хүн дээ.

  • Бөхийн гэр бүлд өссөн хүн бөхчүүд хоорондоо “бууж өгнө, тэр залууд чи өгчихөөрэй, тэрийг цолонд хүргэнэ” гэх мэт найрааны шинж чанартай зүйл ярихыг магадгүй сонсож байсан болов уу. Ер нь найрааны талаар хувь хүнийхээ хувьд ямар бодолтой явдаг вэ?

Манай аав барилдаж байх хугацаандаа тийм зүйлд орооцолдож байгаагүй болохоор би тиймэрхүү яриа ёстой сонсож байгаагүй юм байна. Аав тийм байсан учраас л Д.Мөнх-Эрдэнэ арслан, аав хоёр үзүүр түрүүнд таван удаа үлдсэн байдаг болов уу. Саяхан болсон Д.Мөнх-Эрдэнэ арслангийн алдрыг тэмдэглэх баярт аавын явуулсан захидлынх нь үг надад үнэхээр таалагдсан. “Хоёулаа зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан байж шударга барилдаж байлаа. Анд найздаа сайн сайхныг хүсье...” гэсэн утга бүхий захидал байсан л даа. Манай аавд хэзээ ч найраа гэдэг зүйлд оролцож байгаагүйг олон хүн хэлдэг юм билээ. Багш нь аавд “Бөх хүн шударгаар барилдахгүй бол цаашдын буян заяа нь өөдөлдөггүй юм” гэж хэлж байсан гэдэг. Багшийнхаа захиасыг аав нэр төртэй биелүүлсэн гэж би бахархдаг. Миний аав бол Монголын үндэсний өвийг тээж яваа тээгч хүн. Бөхийн найрааг гэх ийм зүйл байгаад байвал монголчуудын бөхөө хайрлах, дээдлэх үнэлэмж нь байхгүй болно. Тийм ч болохоор бөхчүүд маань өөрсдийгөө энэ соёлыг түгээгчид гэдгээ үргэлж санаж байгаасай гэж боддог. “Бөх” оршин тогтнож байгаагийн нэг учиг бол олон түмний хайр хүндлэл, итгэл байдаг болохоор түмэн олонд сэтгэлийн таашаалыг үнэн хүчээсээ үзүүлж байгаасаа, энэ хайрыг нь дааж байгаасаа гэж хүсдэг.

  • Нэг “Цагаан сар”-ын барилдааны үеэр аав руу тань үзэгчид сав шидээд л, найр аа хийлээ гээд бөөн юм болж байсан санагдана...

Манай аав өөрийнхөө хүч чадал, нөөцийнхөө хэрээр л даваад гараад ирсэн. Хүмүүс байнгын бэлтгэлтэй байсныг нь тэр болгон мэддэггүй байсан байх. Бөх хүн чинь байнга л бэлтгэл сургуулилт хийж байдаг. Гэтэл тухайн үед хүмүүс аавыг улс төрд ороод үндэсний бөхөө хаячихсан гэж л ойлгосон юм шиг байна лээ. Тэгээд л барилдаад түрүүлчихлээр нь л өөрсдийнхөө өнцгөөс харсан юм болов уу даа.

  • Аавынхаа улстөрийн замналыг өвлөх бодол байдаг уу?

Улс төр гэхээсээ илүү нийгэм рүүгээ чиглэсэн зүйл хийх хэрэгтэй гэж боддог. Сүүлийн үед Монголчууд өөрсдөө хамтаараа нийлж, нийгэмд сайн сайхан зүйлсийг их хийж байгаа гэж боддог. Манай үеийн үлгэр дууриал авдаг, олны хүч, сайхан сэтгэлийг нэг хүч болгон зангидаж чадаж байгаа залуу бол Ч.Ганжавхлан гэж бодож түүнийг их дэмждэг. Сайн дурын үйл ажиллагаанд өөрийнхөө хэмжээнд оролцож, дэмжихийг хичээдэг. Би хүмүүсийн дурсамж, дурдатгал унших их дуртай. Амьдралд илүү ойр, амьдралын их туршлага уншиж байгаа юм шиг санагддаг. Бас түүх дурсгалтай газруудаар аялах дуртай. Тиймээс би яваандаа аавтайгаа хамт ном бичих юмсан, бас Монгол бөхийн музей байгуулах юмсан гэж боддог шүү.

  • Хоёулаа аавын тань талаар нэлээд ярилаа. Ээжийнхээ талаар яривал...

Манай ээж үнэхээр мэдрэмжтэй, аливаа зүйлийг нарийн учирыг тайлахдаа сайн хүн дээ. Ээж минь бага байхдаа их бие султай, өвддөг хүүхэд байсан гэдэг юм. Харин спортоор хичээллэх болсоноос хойш бие нь эрүүл болсон гэдэг. Миний ээж айхтар чамирхаад байдаггүй ч цаанаа л нэг донжтой сайхан эмэгтэй дээ. Намайг маш их дэмждэг.

  • Бурмаа гоо сайхандаа хэр их анхаардаг вэ?

Өө яаана аа\инээв\. Би нүүрээ ч буддаггүй ш дээ. Аль болох органик зүйл хэрэглэдэг. Гаднах гоо үзэмжээс дотоод гоо үзэсгэлэн илүү тод гэрэлтэх хэрэгтэй гэж боддош. Намайг тэмцээний үеэр нүүрээ будахаар хүмүүс таньдаггүй ш дээ/инээв/.

  • Бодибилдинг фитнессийн бүсгүйчүүд тэмцээнд орох үедээ бикини өмсдөг. Зарим бүсгүйчүүдийн өмсгөл битүү сваровски шигтгээтэй байдаг гэлцдэг юм билээ...

Би ч одоохондоо тийм чаминг нь хэрэглээгүй л явна/инээв/. Харин би бикинигээ их дээдэлдэг. Анх удаа тэмцээнд орох гээд Бикини захиалаад өмсөх гэсэн чинь манай хэвлийн ангид явж байсан эгч маань “Энэ чиний зодог шуудаг шиг л эрхэм юм даа” гэж хэлж байсан. Би үнэхээр их бэлэгшээж билээ. Аав маань барилдааныхаа өмнө зодог шуудгаа арцаар ариулаад авч явдаг. Яг тэрэн шиг би ч бас ариулж дээдэлдэг.

  • Урилгыг маань хүлээн авч, дэлгэрэнгүй яриа өрнүүлсэнд баярлалаа. Ирээдүйн тань зорилгоор хоёулаа ярилцлагаа өндөрлөх үү...

Ойрын зорилго бол фитнессээр цаашид хичээллэж үүнийг амьдралынхаа нэгэн хэсэг болгож нас өндөр болсон хойноо ч тууштай хичээллэхийг бодож байгаа. Бас би нийтийн спортод өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Өөрийн хэрэглээгээ хангасан, байгальд ээлтэй технологийг ашигласан олон хүмүүс бужигнасан бяцхан фермтэй болохыг мөрөөддөг. “Ухдаг бус ургуулдаг уурхайгаа” бид хөгжүүлэх бүрэн боломж бий гэж боддог. Үүнийг ч олон хүмүүс баталж байгаа. Өнөөдөр Монголын нийгмийн дийлэнхийг залуучууд эзэлж байна. Тийм болоод ч тэр үү, бид хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настангуудадаа илүү их анхаарал тавьж чадахгүй тэднийгээ орхигдуулаад байдаг юм болов уу гэж хардаг. Би тэдгээр хүмүүстэй ойр байхыг хүсдэг. Хайр элгэмсүү байдал дутагдаад байгаа хүмүүст сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй. Хүн бүр зүгээр л хажуудаа байгаа хүн болгонд сайн хандаж, сайхан инээмсэглэж, хүн бүхэнд хайр түгээж явах хэрэгтэй гэж би боддог юм. Хүмүүс “Бурмаа” гэж нэрийг минь  сонсоход нүүрэнд нь инээмсэглэл, сэтгэлд нь халуун дулаан элч, энерги мэдэрдэг тийм л хүн байхыг хүсдэг.

Ярилцсан: С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2018 05 сар 03

Аварга аавтайгаа өвчсөн юм шиг адилхан охинд амжилт хүсье

Zochin 2018 05 сар 03

Taalagdla. Amjilt

Зочин 2018 05 сар 03

сайн аав, ээжийн сайхан охинд ажил амьдрал нь том амжилт хүсье. Чи чадвартай бас агуу хүмүүжилтэй. Энхээ эмч

Зочин 2018 05 сар 02

ирээдүйн зорилготой охины даруухан , сайхан ,чин сэтгэлийн ярилцлага

Зочин 2018 05 сар 02

kkk. 3-uulaa aav.