Б.ЖАРГАЛСАЙХАН: ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНЫ МӨНГӨӨР БИД ЮУ ХИЙСЭН БЭ ГЭДГЭЭ ТАЙЛАГНАЖ БАЙНА


Х.Соёл-Эрдэнэ
Татвар төлөгчдийн өдөр нь жилийн 365 хоног татвараа төлцгөөе гэж уриалдаг бол улс орон даяар тавдугаар сарын хоёрдугаар долоон хоногт татвараа төлсөнд талархал илэрхийлдэг үйл ажиллагаа билээ. Энэ өдрүүдийн хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа. 

- Татвар төлөгчдийн өдрүүдийн ач холбогдлыг та ямар өнцгөөс харж байна вэ?

- “Татвар төлөгчдийн өдөр”-ийг миний нүдээр харвал Дархан хотын санхүүгийн соёлын өдрүүд юм. Дан ганц татварын хэлтсийнхний ажил биш. Иргэн бүр татвар төлөгч учир иргэн бүрийн асуудал гэсэн үг. Энэ өдрүүдэд татвар төлөгчдөд зориулсан  Татварын хууль, тогтоомжийг тасралтгүй сурталчлахын зэрэгцээ аймгийн Засаг дарга болон Санхүү, Төрийн сангийн хэлтсээс төсвийн зарцуулалтыг буюу “Татвар төлөгч таны мөнгөөр бид юу хийсэн бэ” гэдгээ иргэддээ тайлагнаж танилцуулж байна. Мөн татвар төлөгчдийнхөө үгийг сонсож байна. Энэ жилийн Татвар төлөгчдийн өдрүүдийн өмнө бид татвар төлөгч таны хөнгөлөлт чөлөөлөлтийг өгч дууссандаа баяртай байгаа. Тодруулбал, хуулийн дагуу 2017 оны тайлангаар татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх 2763 иргэнд 1,5 тэрбум төгрөгийг 4 дүгээр сард багтаан бүрэн олгосон. Гэтэл өнөөдрийн байдлаар ихэнх аймгууд өгч дуусаагүй байна. 

- Дархан-Уул аймгийн хувьд татварын хувьд ямар бодлого барьж ажилладаг вэ?

- Дархан хот 1961 онд байгуулагдсан цагаас хотын хөгжлийн үзэл баримтлалтай холбоотой зүйлүүд нэлээн сайн суурьшсан байдаг. Мэдээж энэ хөрс суурийг орос ах нар, манай хотыг бүтээн байгуулсан ах дүү орны мэргэжилтнүүд суулгасан гэж хэлж болно. Хотын хөгжлийн суурь нь татвар, эдийн засгийн орчинтой салшгүй холбоотой учир хотыг хэрхэн яаж хөгжүүлэх, ямар хотын соёлтой байх вэ гэдгийг үе үеийн Дархан хотын удирдлагууд хэрэгжүүлсээр ирсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл иргэдийн тоо өсөж байж хот хөгжинө.  Иргэд гэдэг маань татвар төлөгч гэсэн үг. Ийм учраас орон нутгийн тогтоодог буюу аймгаас, сумаас тогтоодог татвар, төлбөр хураамжийн хэмжээг хамгийн бага байлгахыг манай хотын үе үеийн удирдлагууд гол бодлогоо болгож ирсэн. Бусад аймгуудтай харьцуулахад орон нутгаас тогтоосон татварын хувь хэмжээг хамгийн бага байлгаж байж хүнээ татах бодлого барьж ирсэн үг л дээ. 

- Хамгийн бага гэдгийг байнга судалж тогтоож байна уу?

- Бид тав таван жилийн хугацаагаар Орхон, Сэлэнгэ, Төв гээд хөрш зэргэлдээ байгаа аймаг, хотын татварын орчныг судалж, нэгдсэн тайлан гаргадаг.  Татвар, төлбөр, хураамжаас гадна үнэ тарифийн асуудал орж ирдэг. Яагаад гэхээр Дархан хотын суурь төлбөр хураамжаас хамаараад нэгж бүтээгдэхүүний өртөг бага байдаг. Одоогийн байдлаар нийслэлийн 9 дүүрэг, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв аймагтай харьцуулахад орон нутгаас тогтоосон татвар, төлбөр хураамжийн хувьд хамгийн бага нь манай аймаг байж чадаж байна. Жишээлбэл, Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газрын төлбөр, хог тээврийн төлбөр зэргийг нэрлэж болно. Мөн үүнтэй зэрэгцээд улсын жишгээр авч үзвэл засч залруулах шаардлагатай зүйлүүд ч бий.

 - Тодруулбал ямар асуудлыг эргэж харах шаардлагатай байгаа юм бол?

- Газрын төлбөрийг сумын иргэдийн хурал тогтоодог мөртлөө орлого нь аймагт ордог. Тэгэхээр яах нь уу сумд иргэдээ бодоод татварын төлбөрөө багаар тогтоодог байх нь. Гэтэл зарим сумдад энэ байдал хэтрээд ялгаатай байгаад байна. 

- Орон нутгаас хэдэн төрлийн татвар, төлбөр, хураамжийг тогтоосон байдаг вэ?

- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас тогтоодог татвар, төлбөр, хураамжийг орон нутгийн онцлогт тохируулан шинэчлэн тогтоож, татварын бааз суурийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэхээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан  байдаг. Ойролцоогоор арваад төрлийн татвар, төлбөр, хураамжийг өөрөө тогтоож орлого бүрдүүлж байна. Үүнээс гадна үнэ тарифын асуудал татвартай уялдаатай. Манай аймгийн хувьд бусад аймгуудаас ус, рашааны нөөц ашигласан төлбөр, хог тээврийн төлбөр хамгийн бага байдаг. Энэ нь зарим тохиолдолд Сангийн яаманд  төсөв баталж байгаа хүмүүсээс шүүмжлэл дагуулж байдаг. Хогны мөнгийг хоёрхон мянган төгрөгөөр байлгахын оронд өндөр тогтоож жилдээ нэг л удаа ав. Олон байцаагч ажиллуулах шаардлагагүй гэсэн санал байнга гардаг. Үүнийг бас үгүйсгэхгүй. Гэхдээ л бид макро түвшиндээ үнийн хувьд хамгийн бага байх зарчмыг л барьж ажиллаж байгаа. Энэ бас ялгаагүй л бизнес эрхлэж байгаа татвар төлөгчдөд маань хөнгөлөлт болж өгдөг. 

- Бусад аймаг хотуудад байдаггүй татвар, төлбөр хураамж манай аймагт бий юу?

-Нэг зүйл бий. Гэрийн тэжээвэр нохой муурны албан татвар. Энэ нь золбин нохой, муурыг багасгах зорилготойн дээр жилийн жилд зарцуулдаг нохой, муурны устгалын зардлыг хэмнэхэд нэмэртэй. Эдийн засгийн бодлогын хүрээнд хүнээ, хөрөнгөө, малаа тоолж байна. Одоо тэгвэл нохой муурны тоотой больё. Гэрийн тэжээвэр нохой муурыг бүртгэлжүүлж, пайз, гэрчилгээтэй болгож албан татвар тогтоох судалгааг Дархан суманд хийж эхлүүлээд байна. 

- Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил явагдаж байна. Хотын доторх замаа засаж нөхөж сэлбэх ажил хийгдэх болов уу?

- Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлөх шаардлагатай. Яагаад бид нар 5 дугаар сарын 30- ны дотор татвараа төл, үзлэгтээ ор гэж шахаад байна вэ гэхээр монгол улс бол жилийн үндсэндээ барилга зам засварын ганцхан улиралтай шүү дээ. Тэгэхээр замаа нөхөж сайжруулмаар байна. Замын нөхөөс хийгдэхгүй байна гээд сошиалаар шүүмжилж байхын оронд татвар төлөгч та тээврийн хэрэгслийн татвараа л төлчих хэрэгтэй. Өнгөрсөн жил авто замын салбарт нийт 9 төсөл хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл 6.5 км хатуу хучилттай авто замын засвар, 5.7км сайжруулсан шороон замын засвар шинэчлэлтийн ажилд 3.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл жилд энэ татвараар 500,0-600,0 сая төгрөг орж ирдэг.

- Ер нь орон нутгийн татварын орлогыг хэрхэн яаж зарцуулж байгаа нь татвар төлөгчдийн анхаарлын төвд байдаг. Сонирхохын зэрэгцээ татварын мөнгөөр ийм тийм зүйл хийлээ гэх санал шүүмжлэл багагүй гардаг?

- Татвар төлөгчдөд төсвийн зарцуулалтанд хяналт тавих нөхцлийг бүрдүүлж, төсөв, санхүүгийн ил тод байдлыг холбогдох хууль эрх зүйн хүрээнд ханган ажиллахыг эрмэлздэг. 2018 онд орлогын төлөвлөгөө нь 26,6 тэрбум, зарлага нь 26,2 тэрбум байна. Татварын хуулийн дагуу хүн амын бүлэг бүр харилцан адилгүй татварын үүрэг хүлээдэг. Баян, ядуу, эрэгтэй эмэгтэй, хот хөдөөгийнхөн, ажил олгогчид, ажилчид гэх мэт бүлгүүд татварын ачааллыг хэрхэн үүрч байгааг мэдэх нь чухал бөгөөд татварын ачааллыг хэрхэн үүрч байгааг  мэдэх нь чухал бөгөөд татварын ачааллыг хэн үүрэх нь голдуу татварын бааз сууриас хамаардаг. Татварын орлогыг юунд зарцуулдаг вэ гэхээр ихэвчлэн хөрөнгө оруулалтын ажилд зарцуулдаг. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн ажлуудыг хийхийг зорьдог. Яагаад гэвэл энэ нь ард иргэдийн санал санаачлагаар хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг эрэмбэлж Дархан хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын бичиг баримттай хэр нийцэж байгааг судлаж эрэмбэлээд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаа хийдэг.  Ерөнхийдөө аймгийн макро түвшнийхээ хувьд аль болох урсгал зардлыг тэлэхгүй байлгахыг хичээнэ. Урсгал зардал ямар үед тэлдэг вэ гэхээр тухайн жилд мөрийн хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааг хийхийн тулд зарим үед тэлдэг зарим үед засгийн газрын бодлогоос хамаарч өөрчлөлт ордог. Жишээлбэл, улсаас манай орон нутгийн замыг эзэнгүй болгочихсон. Тэгэхээр бид орон нутгийн зам тээврийн газар гэж байгуулсан тэгэхгүй бол зам нөхөх хүн байхгүй болчихож байгаа юм. Зам нөхөхөөс гадна өөр олон харилцаа байна. Урсгал зардлыг бид аль болох хэмнэлттэй байхыг эрмэлздэг. Урсгал тэлэх нь сайн зүйл биш. 

- Тэгвэл 2018 онд орон нутгийн төсвөөр ямар ямар ажлууд хийж байгаа вэ?

 2018 оны төсөвт ОНТ-ийн хөрөнгө оруулалтанд 6,5 тэрбум төгрөг, ОНХС-аар 2,6 тэрбум төгрөг, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардалд 315,4 сая төгрөг, нийтийн тээврийн автобусны хөнгөлөлтөнд нэг тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Бусад аймгуудаас ганцхан Дарханд л нийтийн тээврийн автобус үйлчилдэг. Амьдрал дээр автобусыг санхүүжүүлээд байгаа зүйл ерөөсөө биш ахмадын тухай хууль, цагдаагийн тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, арван жилийн сурагчид, оюутан залуус гээд нийтийн тээврийн үйлчилгээнд хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх хуулиар заагдсан эрх бүхий субьектуудыг санхүүжүүлэх нийтийн тээврээр үйлчлүүлснийх нь мөнгийг тухайн тээврийн байгууллагуудад шилжүүлж байгаа гэж ойлгох нь зүйтэй. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэхээр урсгал зардал аяндаа нэмэгдээд ирдэг. Үүний нэг жишээ хэлэхэд Дархан хотын гэрэл гэрэлтүүлэг. Гэрэлтүүлгийг нэмэхээр цахилгааны зардал өснө. Зам барихаар зам хариуцсан ягаан хантаазтангуудаа нэмэхээс өөр арга байхгүй. 2018 оны орон нутгийн төсвийн 16,7 тэрбум төгрөгийн зарлага дотор нийтийн аж ахуй үйлчилгээний зардал 2,4 тэрбум төгрөг суусан. Мөн гудамжны гэрэлтүүлэг засварт 300,0-гаад сая төгрөг, хог хаягдлын тээврийн зардалд 255,0 сая төгрөг, нохойн устгалд 18,7 сая төгрөг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн зардалд 8,5 тэрбум төгрөг гэх байдлаар зарцуулахаар төсөвлөсөн. Энэ нь Дархан хотыг хоггүй шороогүй байлгах, иргэдийн амар тайван амьдрах орчин бүрдүүлэх гээд бүхий л иргэдэд хамаарсан зардлууд гэсэн үг. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч түүний ЗДТГ, СТСХ-ээс татвар төлөгчдийн мөнгийг зөв зохистой зарцуулах хариуцлагыг бодлогын хүрээнд ингэж л авч явдаг даа.

ДАРХАНЫ МЭДЭЭ СОНИН №28 2018/05 САР, ТУСГАЙ ДУГААР 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх