ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ НЬ ШУДАРГА ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХАД ЧИГЛЭЖ БАЙГАА


“Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.
- Монгол Улсын Засгийн газраас татварын багц хуулиудад өөрчлөлт оруулахаар санаачлаад байна.  Таны хувьд эдгээр өөрчлөлтийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
- Манай улс татварын тухай хуулиндаа хэд хэдэн удаа өөрчлөлт хийж байсан ч энэ удаад Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай гэсэн томоохон 3 хуулинд шинэчлэл, холбогдох бусад 20 гаруй хуулиудад өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Засгийн газраас санаачлан орон даяар хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Одоогийн мөрдөгдөж буй татварын хууль нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болж чадаж байгаа эсэх, дэлхийн эдийн засгийн орчин ялангуяа дэлхийн уул уурхайн түүхий эдийн үнэ тогтворгүй байгаагаас гадаадын хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих, гүйлгээний татварыг зохицуулах заалтууд хангалтгүй байгаа зэргийг анхаарч татварын бодлогыг өөрчлөн боловсруулах шаардлага зайлшгүй тулгарсан. Татварын бодлого алсыг харсан, тогтвортой байснаар зах зээл дээр зөв өрсөлдөөнийг бий болгож чадна. 
Энэ хуулийн төслийн гол зорилго бол татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэж байгаа. Улс орны эдийн засгийг нуруундаа үүрч явдаг бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж байгууллага, татвар төлөгчдийг татварын дарамтаас чөлөөлөх, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, татварын тогтолцоог улам боловсронгуй, тэгш шударга болгоход голлон анхаарч ажиллаж байна. 
-Хуулинд ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
-Тухайлбал, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох, цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь 2 жил хүртэлх хугацаагаар сунгах, татвараа байнга, тогтмол төлдөг эрсдэлгүй татвар төлөгчдийг давхар хянаж шалгадаг тогтолцоог халах, үндэслэлгүй өндөр татвар, торгууль хүү ногдуулах одоогийн буруу практикийг халах, татварын тайлангаа ирүүлэхдээ алдаж мэдүүлсэн тохиолдолд жил хүртэлх хугацаанд залруулах боломжийг олгох, татварын өр төлөх хугацаа хоёр сар байсныг 24 сар хүртэл сунгах, аж ахуйн нэгжийн татварын илүү төлөлтийг буцаан олгох зэрэг томоохон өөрчлөлтүүд орж байна. Мөн хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын урсгалыг татах, зээлийн хүүг бууруулах зорилгоор ногдол ашиг, хүүгийн орлого зэрэг хөрөнгийн орлогод ногдуулан суутгах татварын хувийг бууруулахаар тусгаад байна.
Иргэдийн хувьд тогтмол асуудаг ипотекийн зээлийг үргэжлүүлэн олгох, хувь хүн анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлж, тухайн жилд төлсөн татварын хэмжээнээс хамаарч гурван сая хүртэлх төгрөгийг буцаан авдаг байсан бол шинэчилсэн хуулиар зургаан сая хүртэлх төгрөгийг буцаан авах боломж бүрдэх юм.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх