2018 оны 05 дугаар сарын 09-ний 20 цагаас 05-р дугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 3-8 градус дулаан, бусад хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй.  Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 15-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,  12-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь талын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 11-нд баруун болон төвийн нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

Аргын тооллын 5 сарын 10, Бархасвадь гараг. Билгийн тооллын 25, 24 одтой, хар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой  болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд Монгол Улсад шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэх зорилго бүхий "ICIED-2018 International conference on innovation & Entreprenuership development" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт “Бишрэлт” зочид буудалл ШӨХТГ-ын удирдлагууд нийслэлийн долоон дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзана.

10.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Олон улсын сувилагчдын өдөр”-т зориулсан “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” арга хэмжээ болно. Утас: 99179899, 90082028, 99970071

10.00 цагт НЗДТГ-т 2018 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт хийх бүтээн байгуулалтыг танилцуулна.

11.00 цагт Шангри-Ла зочид буудлын “Парис” танхимд “Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:99178373

11.00 цагт НДЕГ-т Солонгосын визний нөхцөлийн талаар БНСУ-ын Элчин сайдын яам, ЦЕГ, НДЕГ-аас мэдээлэл хийнэ.

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Гэр хороолол” хөдөлгөөнөөс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг үрэглжлүүлэхийг шаардаж, жагсаал зохион байгуулна. Утас:99043049

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монголын шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Шангри-Ла зочид буудалд БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбооноос 2018 оныг “Жуулчны жил” болгон зарлах ёслолын ажиллагаа болно. Утас: 99994192

14.00 цагт МУБИС-ийн төв байранд Сургуулийн өмнөх боловсролын сургуулиас 2018 оны эхний хагаст боловсруулсан сурах бичиг, ном, гарын авлагыг танилцуулах “Номын нээлт” арга хэмжээ болно.

14.30 цагт Багшийн хөгжлийн ордонд БОАЖЯ-наас “Ногоон паспорт” санаачлагын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудын дунд 2018-2019 онд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх